Дэлхийн хамгийн баян 10 хөгжмийн уран бүтээлчид


Сэтгүүлч О.Чинбаяр | YOLO.MN
2019-10-12

Бид жил болгон дэлхийн хамгийн чинээлэг 10 хөгжмийн уран бүтээлч хэн байх бол хэмээн догдолдог шүү дээ. Өмнөх жилийн жагсаалтад багтсан уран бүтээлч энэ жилийн жагсаалтад багтах болов уу? Байр нь хэрхэн өөрчлөгдөх бол гэх мэт. Энэхүү жагсаалтыг гаргахын тулд алдартнуудын хөрөнгийн нийт хэмжээг олон нийтэд нээлттэй эх сурвалжаас авсан билээ. Одоо бид танд 2019 оны хамгийн баян 10 хөгжмийн уран бүтээлчдийн талаарх мэдээллийг хүргэх гэж байна. Та доорх мэдээллийг уншихаасаа өмнө энэхүү жагсаалтад хэн хэн багтсан талаар найзуудтайгаа өөрсдийн таамаглалаа дэвшүүлээрэй. 

10. MADONNA

Нийт хөрөнгийн хэмжээ: 590 сая ам.доллар
Хэдэн оноос хойш урлагт зүтгэсэн: 1979
Тайлбар: Өнөөдөр Madonna-г танихгүй хүмүүсийн тоо түүний нийт хөрөнгийн хэмжээнээс ч бага байх. Тэрээр 1980-аад оноос өнөөг хүртэл урлагийн ертөнцийн сайнтай муутай бүхий л үед хит дуугаараа олныг хөгжөөдөг байсан шүү дээ. Аялан тоглолтоор яваад олсон орлого нь хөрөнгийнх нь ихээхэн хэсгийг бүрдүүлдэг. 
Сонирхолтой баримт: Madonna Геннисийн номонд "Бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай дуучин" гэсэн төрлөөр бүртгэгдсэн. Мөн бүх цаг үеийн хамгийн олон удаа ганцаарчилсан аялан тоглолт хийсэн эмэгтэй уран бүтээлчээр шалгарсан байдаг. Тэрээр гайхалтай хит дуу гаргадгаас гадна муугүй жүжигчин шүү. 1997 онд "Evita" киногоороо "Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолоос "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагнал авч байсан. Дуучин, жүжигчин, хүүхдийн номын зохиолч, загвар зохион бүтээгч, "Maverick" дуу бичлэгийн студийн үүсгэн байгуулагч гээд түүнд хийж чадахгүй юм байхгүй. 

9. JULIO IGLESIAS

Нийт хөрөнгийн хэмжээ: 600 сая ам.доллар
Хэдэн оноос хойш урлагт зүтгэсэн: 1968
Тайлбар: Julio Iglesias аль ч улсад очсон алдар нэртэй, өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй байдаг. Дэлхий даяар нийт 250 сая хувь цомог борлуулсан байдаг бөгөөд авч байсан шагналынх нь тоог дурдаад ч баршгүй билээ. Та түүний борлуулсан цомгийн тоог гайхаж байвал энэ юу ч биш. Julio 5'000-аад тоглолт хийсэн байдаг. 
Сонирхолтой баримт: Тэрээр дуучин болохоосоо өмнө мэргэжлийн хөл бөмбөгийн тоглогч байсан. Iglesias гэхээр таны санаанд ямар нэгэн хүн бодогдож байна уу? Тийм ээ. Julio Iglesias бол Enrique Iglesias-ийн аав билээ. 

8. BONO

Нийт хөрөнгийн хэмжээ: 700 сая ам.доллар
Хэдэн оноос хойш урлагт зүтгэсэн: 1976
Тайлбар: "U2" хамтлагийн гоцлол дуучин тэрээр дуучин, дуу зохиогчоос гадна томоохон хөрөнгө оруулагч, бизнесмен нэгэн гэнэ.
Сонирхолтой баримт: Bono хэдийгээр томоохон хөрөнгө оруулагч, нийгмийн зүтгэлтэн хэдий ч татвараас зайлсхийсэн баячуудын талаарх мэдээллийг дэлхий даяар зарладаг "Paradise Papers" байгууллагаас гаргасан жагсаалтад түүний нэр багтсан нь олон хүмүүсийг гайхшруулж байсан. 

7. DR.DRE

Нийт хөрөнгийн хэмжээ: 800 сая ам.доллар
Хэдэн оноос хойш урлагт зүтгэсэн: 1985
Тайлбар: Орчин үед Dr.Dre-г танихгүй хүн гэж үгүй. Түүнийг сайн танихгүй хүмүүст хандаж хэлэхэд Dr.Dre АНУ-д зөвхөн хип хоп урсгал ч гэлтгүй хөгжмийн урлаг үүсч хөгжихөд гар бие оролцсон нэгэн билээ. N.W.A хамтлагийн гишүүн тэрээр 2 Pac, Snoop Dogg, MC Hammer зэрэг олон алдартны харьяалагдаж байсан "Death Row" лабелийн үүсгэн байгуулагч юм. Мөн Snoop Dogg, Eminem, Kendrick Lamar, 50 cent зэрэг уран бүтээлчдийг гаргаж ирсэн чадварлаг нэгэн. 
Сонирхолтой баримт: Dre өөрийн дэлхийн хамгийн шилдэг чихэвчний компани болох "Beats by Dre"-г 2014 онд Apple компанид 3 тэрбум ам доллараар худалдсан. Бидний багадаа үздэг байсан "Миний машиныг авраач" шоуг санаж байна уу? Тус шоуны хөтлөгч Xzibit-ийг алдарт хүрэхэд Dre үнэтэй хувь нэмрээ оруулсан байдаг. 

6. CELINE DION

Нийт хөрөнгийн хэмжээ: 800 сая ам.доллар
Хэдэн оноос хойш урлагт зүтгэсэн: 1980
Тайлбар: Алдарт Celine Dion энэхүү жагсаалтад багтахгүй бол алдас болно байх. Тэрээр Титаник киноны дууг дуулснаараа дэлхийд танигдсан гэж хэлж болно.  Одоо та бүхнээр бяцхан бодлого бодуулъя. Celine Dion 2016 онд Лас Вегаст 1000 дахь тоглолтоо хийсэн бөгөөд тоглолт бүрээс 500'000 ам доллар авдаг. Маш их мөнгө байгаа биз? 
Сонирхолтой баримт: Канадын бүх цаг үеийн хамгийн чинээлэг дуучнаар шалгарсан тэрээр эхээс 14-үүлээ бөгөөд хамгийн отгон нь. 

5. DIDDY

Нийт хөрөнгийн хэмжээ: 820 сая ам.доллар
Хэдэн оноос хойш урлагт зүтгэсэн: 1990
Тайлбар: Жагсаалтын 5-р байранд орсон энэхүү эрхмээс суралцах зүйл бий шүү. Тэрээр The Notorious B.I.G, Machine Gun Kelly, French Montana, Cassie зэрэг алдартнуудын харьяалагдаж байсан "Bad boy" лабелийн үүсгэн байгуулагч. Хип хоп хөгжим сонирхогчдын сэтгэл зүрхэнд мөнхөрсөн The Notorious B.I.G-тэй маш дотно найзууд байсан. Тэрээр MTV хөгжмийн сувгийн хит шоу "Making the Band"-ын "гол дүр" байсан бөгөөд өөрийн гэсэн хувцас, сүрчигний брендтэй.
Сонирхолтой баримт: Diddy P. Diddy, Puff Daddy, Puffy, Sean Combs, Sean John гэх мэт маш олон нэртэй. Ахиад зөндөө ч нэр байгаа байх. Diddy нь Steve Jobs, Bill Gates, Kanye West зэрэг сургуулиа хаясан олон алдартны адилаар коллежоо төгсөж чадалгүй хаясан. Гэсэн ч тэрээр 2002 онд Форбес сэтгүүлээс гаргасан "40 нас хүрээгүй шилдэг 40 энтерпрэнэр" жагсаалтад багтаж чадсан хөдөлмөрч нэгэн юм. Diddy "I'll be missing you" дуугаа өөрийн дотны анд The Notorious B.I.G-ийн гэгээн дурсгалд зориулж, эхнэртэй нь хамтарч дуулсан билээ. 

4. HERB ALBERT

Нийт хөрөнгийн хэмжээ: 880 сая ам.доллар
Хэдэн оноос хойш урлагт зүтгэсэн: 1957
Тайлбар: Herb Albert нийт 28 цомог гаргаж байсны 5 нь "Billboard" жагсаалтыг тэргүүлж байсан. "Grammy" хөгжмийн шагнал гардуулах ёслолоос 9 удаа шагнал хүртэж байсан бөгөөд 1 сая хувь борлуулагдаж байсан цомог 14 ширхэг, 500'000 хувь борлуулагдаж байсан цомог 15 ширхэг бий. Тэрээр дэлхий даяар нийт 72 сая хувь цомог борлуулсан. 
Сонирхолтой баримт: Herb Albert бол "Billboard-ын шилдэг 100" жагсаалтад "Гоцлол дуучин" болон "Хөгжимчин" гэсэн 2 төрлөөр багтаж байсан цорын ганц уран бүтээлч билээ. 

3. JAY-Z

Нийт хөрөнгийн хэмжээ: 1 тэрбум ам.доллар
Хэдэн оноос хойш урлагт зүтгэсэн: 1988
Тайлбар: "Roc-A-Fella" дуу бичлэгийн студийг үүсгэн байгуулсан тэрээр "Grammy" хөгжмийн шагнал гардуулах ёслолоос 19 удаа шагнал хүртэж, 100 сая хувь цомог борлуулсан байдаг. Алдарт дуучин Beyonce-той гэр бүлээ зохиож, тэдний нийт хөрөнгө нь 1 тэрбум болсноор Jay-Z дэлхийн хамгийн анхны тэрбумтан реппер болсон билээ. Энэ залуу бол бизнесмен биш, өөрөө бизнес шүү дээ.
Сонирхолтой баримт: Тэрээр охин Blue Ivy-тайгаа хамтран "Glory" нэртэй дуу гаргаж байсан. Дууг хийх үед охин нь 2 настай байжээ.

2. PAUL MCCARTNEY 

Нийт хөрөнгийн хэмжээ: 1.2 тэрбум ам.доллар
Хэдэн оноос хойш урлагт зүтгэсэн: 1957
Тайлбар: The Beatles хамтлагийн гишүүн Paul McCartney энэхүү жагсаалтад багтахгүй байна гэж юу байх вэ дээ. Хөгжмийн ертөнцөд маш том байр суурийг эзэлдэг тэрээр бидний мэдэхээр Kanye West, Linkin Park, Jay Z, Rihanna зэрэг тэс өөр жанрын уран бүтээлчидтэй хамтарч байсан. Түүний бичсэн 32 дуу нь "Billboard" хөгжмийн жагсаалтыг тэргүүлж байсан. Мөн түүний "Yesterday" дууг нийт 2200 уран бүтээлчид ковер хийж байсан бөгөөд "Бүх цаг үеийн хамгийн олон ковер хийгдэж байсан дуу"- гаар шалгарчээ. Paul McCartney-гийн нэр дээр 25'000 гаруй зохиогчийн эрхтэй бүтээлүүд байдаг. 
Сонирхолтой баримт: Тэрээр "Хамгийн амжилттай яваа дуу зохиогч" гэсэн төрлөөр Геннисийн номонд багтсан.

1. ANDREW LLOYD WEBBER

Нийт хөрөнгийн хэмжээ: 1.28 тэрбум ам.доллар
Хэдэн оноос хойш урлагт зүтгэсэн: 1965
Тайлбар: Та дэлхийн хамгийн чинээлэг хөгжмийн уран бүтээлчийг харж байна. Залуус бид түүний нэрийг сонсоод хэн гэдгийг нь мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ бүтээлүүд нь танд энэхүү эрхмийг таниулаад өгнө өө. Түүний зохиосон "Дуурийн театрын хий үзэгдэл" "Муурнууд" зэрэг 20 гаруй шилдэг мюзикл жүжгүүд олон арван жилийн хугацаанд "Broadway" театрт тоглогдсон, тоглогдсоор ч байгаа. 
Сонирхолтой баримт: Тэрээр 3 настайдаа хийл, төгөлдөр хуур тоглож сурсан бөгөөд 6 настайдаа өөрийн анхны хөгжмөө зохиосон байдаг. Зүгээр л "төрчихсөн" хүн байгаа биз? Madonna "Evita" киногоороо "Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолоос "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагнал авч байсан гэсэн мэдээллийг санаж байна уу? Тэгвэл тэр киноны "Don't Cry for Me, Argentina" дууг энэ эрхэм зохиож байсан шүү дээ. 

Эх сурвалж: www.ledgernote.com

#Дуучин #Хөгжимчин