ЗАХИДАЛ: Шууд блок хийж орхисондоо одоо ч харамсаж байна


ССҮТөв | YOLO.MN
2019-09-27

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Уучлаарай гэж бичсэн ч хариу бичилгүй seen-дсэн.

Сайн байна уу? Би энэ жил дөнгөж ахлах ангид орсон 10-р ангийн сурагч. 6-р ангидаа сонгоны шалгалт өгөөд ангиасаа ганцаараа шалгалтандаа тэнцсэн тул өөр анги руу шилжсэн. Би их бишүүрхүү, эршүүд талдаа охин болохоор нөгөө ангийнхаа хүүхдүүдийг бараг мэддэггүй байсан. Тийм болохоор эхэндээ хүүхдүүдтэй танилцах гэж уддаг байсан нь надад их төвөгтэй байсан. Тэгээд тэр жил өөр сургуулиас шилжиж ирсэн хөвгүүнтэй ширээний найзууд болсон. Түүнтэй байхад үнэхээр хөгжилтэй байдаг. Гэвч би түүнд ядаргаатай, дураараа хүн шиг санагдсан байх. Тэр хичээлдээ сайн, ангидаа олон найзуудтай. Манай ангийнхан бид хоёрыг их холбодог байсан болохоор ч тэр үү бид 2 анги дээр нэг их харилцахаа больсон. Ихэвчлэн Фэйсбүүкээр чатладаг байсан даа. 7-р ангид тэр хөвгүүн санамсаргүй найзыгаа гэмтээж, өөр сургууль руу шилжсэн. Энэ хэрэг санамсаргүй осол байсан юм. Түүнийг шилжсэнээс хойш удалгүй Фэйсбүүк хаяг нь репортлуулаад хаагдчихсан тул бид 2 холбоо барилгүй удсан. Бараг 5 сарын дараа хоорондоо буцаад чаталж эхэлсэн.

Тэр үед би түүнд сайн болсноо ойлгосон. Анхандаа нэг их тоогоогүй ч сүүлдээ түүний талаар бодохгүй байж чадахаа больсон.

Өнгөрсөн жил бид 2 түүний төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэсэн. Тэр өдөр намрын эхэн сар байсан болохоор хичээлээ тараад кино үзсэн. Хамт явж байхдаа тийм ч их юм ярьж чадаагүй. Аргагүй л дээ. 2 жил бие биенээ хараагүй хүмүүс. Гэхдээ энэ өдөр миний хувьд мартагдашгүй сайхан өдөр байсан. Түүний талаар олон шинэ зүйлсийг мэдэж авсан болохоор миний хувьд их үнэ цэнэтэй өдөр л дөө.smiley Бид 2 12 сард дахин уулзсан. Гэхдээ энэ удаа Anime festival-д явах шалтгаанаар уулзсан юм. Тийшээ явъя гэж дөнгөж өмнөх шөнө нь л шийдвэрээ гаргасан. Цагаа тулгаж шийдвэрээ гаргасан тул манай эмэгтэй найз бид хоёртой хамт явсан. Гэхдээ түүнтэй ярих боломжийг найз маань булааж, намайг хажууд нь эвгүй байдалд оруулсан. Манай найз бид хоётой байх эвгүй санагдсан гэдэгт би итгэлтэй байна. Намайг өөрт нь сайн гэдгийг мэдсэн болоод ч тэр үү надаас хөндийрч зайгаа барьж эхэлсэн. Уг нь би түүнтэй уулзаж байгаад "Би чамд сайн" гэж хэлэхийг хүссэн боловч уулзъя гэх болгонд шалтаг гарган бултаж эхэлсэн. Тэгээд бид муудалцаж, ганцхан удаа уулзаач гэж гуйсан ч нэмэр болоогүй. Энэ жилийн хавар "Би чамд сайн. Чи бараг л мэдэж байгаа байх. Ядаргаатай зан гаргадаг байсан бол уучлаарай" гэж бичээд шууд блок хийж орхисондоо одоо ч харамсаж байна. Манай нөгөө найз маань саяхан түүний төрсөн өдрөөр миний Фэйсбүүк хаягаас "Болсон явдалд уучлаарай " гэж бичээд явуулчхаж. Тэр хөвгүүн харсан ч хариу хэлэлгүй seen-дчихсэн. sad Одоо би яах вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Чи өөрийгөө хэт их шүүмжлээд байгаа юм биш биз? 
Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлыг нь сайтар анхааран уншлаа. Чамд дараах 2 зөвлөмжийг санал болгож байна:

1. Чи захидалдаа өөрийгөө “түүнд ядаргаатай, дураараа зантай гэх сэтгэгдэл төрүүлсэн байх” гэсэн таамаглалыг 2 ч удаа дурджээ. Үнэхээр түүнд тийм сэтгэгдэл төрүүлэхээр үйлдэл гаргасан уу гэдгээ нэг эргэцүүлээд үзээрэй. Өөрөөр хэлбэл чи өөрийгөө хэвийн байхад л хэт их шүүмжлээд байгаа юм биш биз?

Бид бусдад өөрийнхөө сул талыг байнга давтан хэлж, уучлал гуйх нь харилцаж буй нөгөө хүндээ тийм ч таатай сэтгэгдэл төрүүлээд байдаггүй гэдгийг санаарай.

Өөрийнхөө давуу болон сул талаа мэддэг, түүнийгээ үйлдлээрээ засдаг байх нь өөртөө итгэлтэй байж, өөрийгөө бодитоор үнэлж, зөв илэрхийлэхэд тус болдог юм шүү.

2. Чи түүнд сэтгэлээ илчлэх хэд хэдэн алхмыг зориглон хийсэн байна шүү дээ. Хэрэв өөрийгөө зөвөөр илэрхийлж, бүрэн гүйцэд ойлгуулж чадаагүй мэт санагдаж байвал бол сүүлчийн удаа сайтар бодон зурвас бичээд үзвэл ямар вэ? Эсвэл түүний зүгээс ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй удвал сонголтыг нь хүндлээд зай тавьж өгөх нь илүү дээр шийдвэр байж болох юм. Хайр дурлалын, найз нөхдийн, гэр бүлийн гээд бүх л харилцаа хүндлэл дээр тогтдог шүү дээ. Харилцаж буй нөгөө хүнд чинь ч гэсэн чамтай л адил ямар нэгэн мэдрэмж төрж, өөрийн бодолдоо эргэцүүлж байдгийг ойлгосноор гаргасан шийдвэр нь ямар ч байлаа гэсэн зөвхөн чамаас шалтгаалахгүй гэдгийг санаарай.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Б. Алтанзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.

 

#Захидал #Letter