ТУРШИЛТ: Намхан, сурлага муутай залуу болзоонд уригдах магадлал хамгийн бага


Цэцээ | YOLO.MN
2019-09-19

Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутнууд сургуулийнхаа дэргэдэх нейромаркетинг, зан төлөвийн судалгааны  “Аксон Нейролаб” компанитай хамтарч нэгэн сонирхолтой туршилтыг хийжээ. Болзоонд явахдаа ямар шинж чанартай залууг илүүд үзэх талаарх  “Түүнтэй болзох уу?” туршилтын судалгааг СЭЗИС-ийнхаа 18-22 насны 100 эмэгтэй оюутнаас авчээ.

2019 оны наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 2-ны өдөр явуулсан уг туршилтанд оюутан охид: 

  • Өндөр:(180 см, 170 см, 160 см)
  • Сурлага:  (Онц сурдаг, дундаж сурдаг, муу сурдаг)
  • Гэр бүлийн хөрөнгө чинээ:  (Чинээлэг айлын хүүхэд, Дундаж айлын хүүхэд)
  • Харьяалал:  (УБ хотын, Хөдөө орон нутгийн)
  • Бие бялдар:  (Булчинлаг, Махлаг, Туранхай)

гэсэн таван рациональ хувьсагчийн хүрээнд болзоонд урих хүсэмжит залуугийнхаа хэв шинжийг тодорхойлсон байна.  Туршилтыг Маркетингийн инженерчлэлийн аргаар хийсэн бөгөөд дээрх 5 хувьсагч бүрийн өөр өөр хэв шинжийг агуулсан 16 төсөөллийн залууг бүтээж болзох магадлалыг нь туршилтанд оролцогчдоор 0-100 хувь хүртэлх оноогоор үнэлүүлжээ. 0 үнэлгээгээр  огт болзохгүй, 100 хувь бол шууд болзоно гэсэн үг.

Эдгээр залуус судалгаанд оролцогчидтой ойролцоо насны мөн зөвхөн болзоонд явах зорилготой гэсэн нэмэлт мэдээллийг өгчээ. Жишээ нь, 16 залуугийн зургаа дахь залуу 170 см өндөртэй, дундаж сурлагатай, дундаж айлын, хөдөө орон нутгийн, булчинлаг залуу байв.

Туршилтын дүнд эдгээр 16 залуугаас болзох урилга хамгийн их авсан буюу хүсэмжит залуу нь: 

 

  • 185 см өндөртэй
  • Дундаж айлын
  • Булчинлаг биетэй 
  • Онц сурдаг
  • Улаанбаатар хотын залуу юм.

Энэ залуутай охидын болзох магадлал нь 87 хувь гарсан. Харин болзоонд уригдах магадлал хамгийн багатай залуу бол 160 см өндөртэй, чинээлэг айлын, махлаг, сурлага муутай, хөдөө орон нутгийн залуу юм. Энэ залуутай охидын болзох магадлал нь 10.3 хувь гарчээ.


Үүнээс авч үзвэл охидын чухалчилдаг хүчин зүйлс:

  • 1-рт, Биеийн өндөр  
  • 2-рт, Сурлагын амжилт
  • 3-рт, Бие бялдрын хөгжил

Хамгийн бага чухалчилдаг хүчин зүйлс нь:

  • 1-рт, Гэр бүлийн хөрөнгө чинээ
  • 2-рт, Харьяалал

ТУРШИЛТААР:

1. Туршилтанд хамрагдсан охидын онц сурдаг залуутай болзохыг илүүд үзэх байдал 93 хувь  бол сурлага муутай залууг илүүд үзэх байдал ердөө 4-хөн хувь юм. Тэгэхээр сурлага ямар чухал нөлөөтэй нь харагдаж буй юм.

2. Симуляци хийж үзэхэд хэрвээ 170 см өндөртэй, дундаж сурдаг, дундаж айлын, хөдөө орон нутгийн булчинлаг буюу нийтлэг залуутай болзох магадлал ганцаараа байхад 65 хувь бол  түүний өрсөлдөгчөөр дундаж айлын, булчинлаг, онц сурлагатай, 185см өндөр, хотын залуу (хүсэмжит залуу) гарч ирэхэд түүнтэй болзох магадлал 15 хувь болж буурах юм байна.

3. Дундаж айлын, булчинлаг, онц сурлагатай, 185 см өндөр, хотын залуутай болзох магадлал 74 хувь байхад 170 см, дундаж сурдаг, дундаж айлын, хөдөө орон нутгийн булчинлаг залуутай болзох магадлал 15 хувь юм.

ДҮГНЭЛТ:
Охид бүсгүйчүүдийн онцолсон сурлагын амжилт, бие бялдрын хөгжил нь хувь хүний хичээл зүтгэлээс хамаарах асуудал.

Харин энэ туршилтаар нэг сонирхолтой үр дүн гарсан нь гэр бүлийн хөрөнгө чинээ болон харьяалал нь охидын сонголтод маш бага нөлөө үзүүлдэг байна. Туршилт явуулахдаа царай, сэтгэл гэх мэт иррациональ хувьсагчийг оруулаагүй юм.

Туршилтыг зөвхөн СЭЗИС-ийн эмэгтэй оюутнуудын хувьд хийсэн. Өөр насны болон өөр мэргэжлийн оюутнуудын хувьд үр дүн өөр гарч болохыг үгүйсгэхгүй хэмээн энэ туршилтыг явуулсан СЭЗИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан Ц.Бадмаараг, Т.Гаамаа нар онцолсон юм.

Мөн хөрөнгө чинээтэй эрдэм номыг чухалчилдаггүй залуус өөртөө итгэлтэй нь ажиглагддаг ч үнэндээ орчин үеийн охид бүсгүйчүүд хөрөнгө чинээнээс эрдэм номтой хүнийг илүүд үзэх болжээ. Охидыг бэлэнчлэх дуртай, мөнгөтэй хүнтэй найзлах дуртай гэдэг ойлголт нийгэмд байдаг нь энэхүү судалгаагаар үгүйсгэгдэж байна.

Хамгийн хүсэмжит залуу байх боломж угсаа гарлаас үл хамааран бүх залууст байгаа нь эндээс харагдлаа. Өндөр, сурлагын амжилт, бие бялдар. Төрөлхийн намхан байсан ч бие  бялдраа хөгжүүл. Хөдөөнөөс ирсэн боломжгүй айлын хүүхэд гэж өөртөө итгэл муутай байдаг бол нөгөө 3 хүчин зүйлээ сайжруулбал болзох магадлал өснө гэж туршилтыг явуулсан оюутнууд дурдсан юм. 

#Болзоо, #Судалгаа