5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Өсөх идэр мэргэн М.Оюунзул: Сур харваа тэсвэр тэвчээр шаарддаг спорт


Цэцээ | YOLO.MN
2016-07-09

Үндэсний их баяр наадмын Хүүхдийн сур харваанд оролцон хүүхдийн цэц мэргэнээ сорьсон М.Оюунзултай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр өнгөрсөн жилийн наадмаар түрүүлж, өсөх идэр мэргэн цол хүртжээ.

-Хаанаас ирж оролцож байна. Хэдэн настай вэ?
-Дорноговь аймгийн Сайншанд сумаас ирж улсын их баяр наадамд цэц мэргэнээ үзэх гээд л байж байна. Би 16 настай.

-Сур харваагаар хэзээнээс эхлэн хичээллэв. Хүүхдийн сур харваанд хэдэн удаа оролцож байна?
-Долдугаар ангиасаа эхлээд хичээллэсэн. Монголчууд эрт дээр үеэс нум сумтай харьцаж, амьдрал ахуйдаа ашиглаж ирсэн. Иймээс би багаасаа сурын харваагаар хичээллэх юмсан гэж мөрөөддөг байсан. Дөрөв дэх жилдээ хүүхдийн харваанд оролцож байна.

-Сур харваж байх хугацаандаа ямар амжилт үзүүлсэн бэ?
-Өнгөрсөн жил улсын наадамд түрүүлж өсөх идэр харваач болсон. 32 сумнаас 28 онож түрүүлж байсан. yes

-Танай удамд сур харвадаг хүн байдаг уу?
-Байхгүй.

-Бэлтгэл сургуулилтаа хэр хийсэн бэ?
-Зав гарвал бэлтгэл хийсэн. Бэлтгэлээ сайн хийсэн гэж бодож байна.

-Сурын харваагаар хичээллэхэд хүнд хэцүү зүйл юу байдаг вэ?
-Бэлтгэл сургуулилтаа гадаа хийнэ. Иймээс өдөр болгон наранд гардаг болохоор их борлоно. Харваач хүүхдүүдийг анзаарвал бүгдээрээ бор байдаг юм. Хэр их бэлтгэл хийсэнийг нь тэрнээс бас анзаарч болно. smiley Заримдаа сэтгэл хөдөлсөн үед сумаа алдаж, бай их зөрдөг. Тийм болохоор анхаарал, тэсвэр хатуужил их шаардана.

-Өмнөх жилд амжилт гаргасан хүүхдүүд хэр оролцож байна вэ?
-Баян-Өлгий, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудаас хамгийн хүчтэй өрсөлдөгч нар оролцож байна. Өмнөх оны наадмуудын тэргүүн, "Өсөх идэр мэргэн" цолтой н.Алтантулга, н.Мөнхболд, н.Санчирнаран гэх зэрэг улс, аймгийн мэргэн цолтой харваачид байна. Харин 18 нас хүрчихсэн харваач хүүхдүүд насанд хүрэгчдийн төрөлд орохоор иржээ.

-Хүүхэд сурын харвааны онцлог?
-Хүүхдүүд буриад, урианхай сур харвахгүй. Зөвхөн халх харваагаар цэц мэргэнээ сорьдог. Хүүхдийн сур харваанд 9-11 настай эмэгтэй хүүхэд 35, 12-14 насныхан 45, 15-17 настай хүүхдүүд 55 метрт харвадаг. Харин эрэгтэй хүүхдүүд тэр зайнд нь 10 метрээр нэмэгдэнэ. Харин найм буюу түүнээс доош настай бол эрэгтэй хүүхдийн насыг дөрвөөр, эмэгтэй хүүхдийн насыг гурваар үржүүлсэнтэй адил зайнд харвадаг. Тэдний харваа балчир мэргэн буюу тусдаа явагддаг.

-Харвааны дүн хэзээ гарах вэ?
-Өнөөдөр оройдоо гарна. Хана харваанд 20, Хасаа харваанд 12 сум тавьдаг. Тэгээд 32 сумны нийлбэрээс мэргэчүүд тодорно.

-Баярлалаа, хараа хурц, зурхай мэргэн байх болтугай.
-Монголынхоо ард түмэнд баяр наадмын мэнд хүргэж. Сайхан наадаарай гэж хүсье.

#наадам #сурын харваа #харваач хүүхдүүд