“Apple”-ийн ШИНЭ бүтээгдэхүүн: iPhone 11 Pro гурван камертай


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2019-09-11

Өнгөрсөн шөнө АНУ-д Apple компани ээлжит арга хэмжээгээ зохион байгуулж шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ танилцууллаа. Үүнд iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max, Apple Watch Series 5, 7-р үеийн iPad гэсэн бүтээгдэхүүнүүдээс гадна Apple TV+, Apple Arcade гэсэн хоёр үйлчилгээ багтжээ. 

iPhone 11

Apple намрын танилцуулах арга хэмжээгээрээ iPhone-ий шинэ загвар танилцуулдаг уламжлалтай. Энэ удаа ч уламжлалаа дагаж өндөр хүлээлттэй байсан iPhone 11-ийг танилцууллаа. Уг утас хар, ногоон, шар, ягаан, улаан, цагаан гэсэн 6 өнгөний сонголттойгоор 699 ам.доллароор худалдаалагдах юм байна.

Онцлох үзүүлэлтүүд:

  • Хамгийн бат бөх, 6.1 инчийн дэлгэц
  • Хосолсон камерын систем
  • 36 хувь илүү тод гар чийдэн (flash)
  • Харанхуй орчинд илүү сайн зураг авах боломж
  • 4K нягтшил, 60fps үзүүлэлттэй удаашруулсан бичлэг (slow motion) хийх чадвартай нүүрний камер
  • Apple-ийн зүгээс ухаалаг утсанд зориулсан хамгийн хурдан чип хэмээн батлаад буй A13 чип

iPhone 11 Pro болон iPhone 11 Pro Max

Apple-ийн шинэхэн гурвалсан камерын системийг агуулсан эдгээр утаснууд 9-р сарын 20-ноос эхлэн худалдаалагдах аж. Эхлэх үнийн хувьд 5.8 инчийн хэмжээтэй iPhone 11 Pro 999 ам.доллар байх бол 6.5 инчийн хэмжээтэй iPhone 11 Pro Max 1099 ам.доллар байх гэнэ.

Онцлох үзүүлэлтүүд:

  • Тус бүр нь 4K нягтшил, 60fps үзүүлэлттэй бичлэг хийх хүчин чадалтай гурван камер
  • Apple-ийн зүгээс ухаалаг утсанд зориулсан хамгийн хурдан чип хэмээн батлаад буй A13 чип
  • Өнгөрсөн жил танилцуулсан iPhone Xs Max-тай харьцуулахад нэг цэнэглэлтээрээ Pro загвар нь 4 цаг, Pro Max загвар нь 5 цаг илүү ажиллана
  • Шинээр худалдан авахад 18W-ийн хурдан цэнэглэгч дагалдана
  • Тусгайлан хөгжүүлсэн системийн тусламжтайгаар гэрэл багатай орчинд тун өндөр чанартай зураг авна

Apple Watch Series 5

Дараагийн танилцуулсан бүтээгдэхүүн нь Apple Watch Series 5 ухаалаг, бугуйн цаг байлаа. Энгийн хувилбар нь 399 ам.доллароос эхлэх бол үүрэн холбооны сүлжээнд холбогддог хувилбар нь 499 ам.доллароор эхлэх юм байна.

Онцлох үзүүлэлтүүд:

  • “Always-on display” буюу үргэлж асаалттай байх дэлгэц
  • Гэнэтийн ослын үед Дэлхийн 150 гаруй орон руу дуудлага хийх боломж
  • Нийт 9 өөр төрлийн өнгө, материалын сонголт
  • Шинэ загвар гарсантай холбогдуулан хоёр жилийн өмнөх загвар болох Apple Watch Series 3-ийн үнэ 199 ам.доллар болж буурав.

7-р үеийн iPad

Уг iPad нь 10.2 инчийн дэлгэцтэй байх бөгөөд Apple-ийн “Smart Keyboard” гар болон 1-р үеийн “Apple Pencil” үзэгтэй хоршин ажилладаг. Эхлэх үнэ нь 329 ам.доллар байх бөгөөд өнөөдөр урьдчилсан захиалга эхэлж, 9-р сарын 30-нд захиалагчдынхаа гарт хүрэх ажээ. 

Apple Arcade

Өнгөрсөн хавар олон нийтийн анхааралд өртсөн, төлбөртэй, тоглоомын үйлчилгээ болох Apple Arcade албан ёсоор 9-р сарын 18-нд нээлтээ хийхээр боллоо. Томоохон студиудын 100 гаруй тоглоомыг багтааж буй уг үйлчилгээ эхний ээлжинд 150 гаруй орны хэрэглэгчдэд нээлттэй болох бөгөөд сарын хураамж нь 4.99 ам.доллар юм. Энийгээр хэрэглэгч сард 4.99 ам.доллар төлснөөр 100 гаруй төлбөртэй тоглоомыг үнэгүй татан авч тоглох боломжтой болох билээ.

Apple TV+

Apple-ийн стрийминг үйлчилгээ болох Apple TV+ ирэх 11-р сарын 1-нд албан ёсны нээлтээ хийхээ мэдэгдлээ. Сарын хураамж нь мөн л 4.99 ам.доллар байх гэнэ. Энэ нь өрсөлдөгч Netflix, Disney Plus зэрэг үйлчилгээнүүдээс хавьгүй хямд үнэ юм. Түүнчлэн шинэ iPhone, iPad, Mac-ийг худалдан авсан хэрэглэгч бүрд Apple TV Plus-ийг нэг жилийн турш үнэгүй ашиглах эрхийг бэлэглэхээр болжээ.

Apple-ийн зүгээс ирээдүйд оригнал контент бүтээхэд анхаарах бөгөөд Bloomberg-ийн мэдээлснээр эхний удаад 6 тэрбум ам.долларыг зарцуулахаар төсөвлөсөн байна. 

Арга хэмжээний хураангуйг дараах бичлэгээс үзэх боломжтой.

Эх сурвалж: Apple

#apple