Шубу: Хийлээ, суралцлаа гээд алдах зүйл юу ч байхгүй...


Бид өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу тууштай хөдөлмөрлөж, үүнийхээ үр шимийг хүртэж яваа өсвөр үеийн охин Г.Ариунзултай 2017 онд ярилцлага хийж байсан билээ. Тэрбээр 2 жилийн дотор Шубу нэрээр үе тэнгийнхэн, залууст танил болж  өөрийн гэсэн брэндийг бий болгож чаджээ. Мөн өөрийн хүсэл сонирхлоор мэргэжлээ ч солиод амжжээ.

YOLO: Бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Өөрийгөө уншигчдад маань дахин танилцуулаач. 

Сайн байцгаана уу? Намайг Ариунзул гэдэг. Одоо 20 настай. Ихэнх хүмүүс Шубу гэж дууддаг. Урлах эрдмийн дээд сургуулийн 2-р дамжаанд элсэн орж байна. 

 

YOLO: “Shubu” гэдэг нэрнийхээ утгын талаар

Shubu гэдэг нь шувуу гэсэн утгатай. Шувуу шиг дүүлэн нисэж эрх чөлөөтэй байна гэсэн утгыг агуулж байгаа юм.

YOLO:Хэзээнээс эхлэн өөрийн  гараар бүтээл хийх болсон бэ?  Анхны бүтээл юу байв?
2017 оноос хойш хийж байгаа. Анхны бүтээлүүд бүгд бүтэлгүйтэж байсан. 2018 он хүртэл хувиараа хийж байгаад 2019 оны долоодугаар сарын 2-оос анх брэнд болж гарч ирсэн байна.Энэ хугацаанд маш олон бүтээл, коллекц гарсан. Одоохондоо тоолж амжаагүй л байна.Эхэндээ монгол хэв шинжтэй хатан зурдаг байсан боловч гадуур харахад байнга л хатантай цүнх үүрсэн эмэгтэйчүүд харагдаж эхэлснээс хойш төрлөө сольж илүү galaxy feminist art  чиглэлээр зурах болсон. Анх бол мэдээж материал,будаг хэн ч надад зааж өгөөгүй. Маш их гадуур судалгаа хийж өдрийг материалны дэлгүүрт өнждөг болсноор одоогийн цүнхний материалыг олж авсан. Анхны бүтээлийн төсвийг аав ,ээж  маань шууд май гээд өгөөгүй ээ. Өөрөө хувиараа бас давхар ажил хийж байж, анхны төсвөө гаргаж байсан. Дөнгөж 12-р ангиа төгсөж байсан болохоор нилээн алдаа гаргасан. Гэхдээ алдаанаасаа суралцаад өнөөдрийн биеийг бүтээж,үеийнхэн дундаа танигдаж чадсандаа баяртай байдаг.

YOLOТанайх цүнхнээс гадна өөр ямар бүтээл урладаг вэ?

Дээл, гадуур өмсөх хүрэмнүүд голчлон урладаг. Энгийн яг монгол хэв маягаараа урлаж байна.Зарим салон монгол хэв шинжийг агуулсан евро хувцас урладгийг манайхан монгол дээл гэж ойлгодог байх. Миний хувьд дээлийг яг стандартаар нь хийхийг илүүд үздэг. Ямар ч хүнд зохидог гадуур,аль ч хувцас дээр дээр өмссөн эвтэйхэн, хаана ч очсон монгол хүн байна гэдгийг таниулж чадах ганц зүйл болохоор дээлийг ямар нэг стайлд оруулаад хувиргах бодол байдаггүй ээ.

YOLOТанай брэндийн бүтээлүүд бусдаас их өвөрмөц, шинэлэг, содон санагддаг. Та бүтээлийнхээ санааг хэрхэн авдаг вэ?
Маш олон зүйлсээс бүтээлийн санаа төрдөг. Хааяа кино үзэж байхад, гадуур зүгээр алхаж байхад, заримдаа шинэ дуу олоход, зүгээр хүний зургийг хараад ийм байсан бол гэж  төсөөлөн боддог. Манайхыг ойлгох нэг нь ойлгоод, ойлгохгүй нь ойлгохгүй л байх... Ойлгосон нэгэн нь тултал нь ойлгоосой л гэж хүсдэг. Хуурамч брэндийн цүнх савлуулж явж байгаа хүнээс илүү даавуун цүнх үүрээд, хээв нэг алхаж байгаа хүмүүс таалагддаг. Ганц даавуу ямар үнэтэй юм бэ? гэж ханддаг хүмүүс ч байдаг. Аль болох сонгож байгаа хүмүүстээ хүрэхийг хичээдэг боловч хүн хүч муутай болохоор тийм ч олон хүнд хүрч чаддаггүй. Хүрээллээсээ дэмжлэгийг маш ихээр хүсдэг.

YOLOЦаашдаа "shubu brand" өөр ямар бүтээл нэмж урлах төлөвлөгөөтэй байгаа вэ?
Цаашдаа Шубу брэнд оршин тогтнох нь тийм ч баталгаатай биш. Хөлөө олох гэж маш их цаг зарцуулсан. Зүгээр л "sponsored" болгоод реклам хиймээргүй санагдсан. Зүгээр л олж авсан нь тэрийгээ нандигнаасай, хайрлаасай, гамнаасай гэж хүсдэг. Хаанаас авсан бэ? гэхээр хэлэхгүй гээд нандигнадаг байгаасай гэж маш их хүсдэг. Гэхдээ цаашдаа бол эрэгтэй хувцсаар дагнах бодолтой байна. Анзаараад байхад монголд эмэгтэйчүүдэд зориулагдсан хээнцэр зүйлс их байдаг. Одоо үеийн стиллэг залуучууддаа зориулсан монгол зүйлс гаргамаар санагддаг. Эрэгтэйчүүд ч гэсэн гангалах хэрэгтэй.

YOLO: Ихэнхи  хүмүүс дизайнер хүмүүсийг  хувцсаа өөрсдөө урладаг гэж боддог. Таны хувьд өөртөө зориулж хэр их хувцас урладаг вэ?
Заримдаа л хийдэг дээ. Дээл, юбка, өмд, гадуур хувцсыг хааяа л нэг зорьж хийдэг. Зураач хүн тусдаа, оёдолчин гэдэг хүн байдаг. Тэр хүн дизайнерын гаргасан зургийн дагуу урладаг. Харин манайд байгаа тогтолцоо болохоор дизайнер гэхээр оёдолчин гэж сонсогддог юм шиг байгаа юм. Үнэндээ үгүй юм. Энэ хоёр тусдаа мэргэжил. Урлах эрдмийн дээд сургууль оюутнуудаа хоёр мэргэжлээр төгсгөдөг. Хувцас дизайн,зохион бүтээх нэг ёсондоо дизайнер, оёдолчингоор нь хослуулан төгсгөдөг болохоор хүмүүс өөрсдөө хийдэг гэж ойлгодог болсон. СУИС бол хувцасны зураач гэж тусдаа мэргэжил бий.

YOLOТаныг дизайнер болох хүсэл тэмүүлэл, одоо таны хийж байгаа энэ ажлыг гэрийнхэн тань хэрхэн хүлээж авдаг вэ?
Манай гэрийнхэн намайг маш их дэмжиж, хүлээн зөвшөөрч тусалдаг. Тэр дундаа ээж намайг аль болох юмаа хий гээд түлхэж, урам зориг өгдөг. Анх бол анагаахад орчихсон би эмч болно гээд шийдчихсэн, тууштай хичээж байхад, ээж минь чи дизайнер болох уу? гэж асууж байсан. Тэр үед би нууцхан дизайнер болохыг маш их хүсдэг байсан болохоор, шууд л тэгье гээд дараа жилээс нь дизайнер чиглэлээрээ суралцаж эхэлсэн. Ажил хийлээ гээд илүүдэх зүйл байхгүй. Харин ч суралцдаг байх хэрэгтэй. Энэ ажлынхаа хажуугаар цагийн бариста хийдэг. Хийлээ,суралцлаа гээд алдах зүйл юу ч байхгүй. Аль болох бүх талаас нь өөрийгөө хөгжүүлье гэж боддог. Хаана ч очсон аливаа юмыг өөрийнхөө түвшинд хийж чаддаг, гадарладаг л байх хэрэгтэй. Нас минь жаахан байна гээд ээж, ааваараа хоолоо халбагдуулж, идэж байдаг үеийнхэн байж л байдаг, 21 хүртлээ би асруулах эрхтэй гэсэн бодолтой. Үнэндээ монголд ажиллах боломж хаа сайгүй л байдаг. 5 алхаал хаана ч анкет өгье гэвэл, бүгд хүлээж авдаг шүү...

 


YOLO: Хүн болгон хэн нэгнээс эсвэл, ямар нэг зүйлээс motivation буюу урам зориг авдаг. Таны хувьд урам зориг, хүсэл тэмүүллээ юунаас авдаг вэ?
Маш олон хүн байна ш дэ ккк. Монголоос гэвэл m&a дизайнерууд  мэдрэмжтэй,мэдлэгтэй, Нийма эгч эмх цэгцтэй, futuristic type-н Мөөнө эгч донжийг нь сайн олдог гээд л...
Манай монголын дизайнерууд маш мундаг. Тэдний хүчинд  л дизайнеруудыг ойлгодог болсон болохоор... Дээрх дурдсан бүх дизайнеруудаас урам зориг авч амьдарч байна шүү дээ...
YOLO: Та чөлөөт цагаараа бүтээл урлахаас гадна юу хийх дуртай вэ?
Тэрнээс гадна гэвэл сүүлд бариста чиглэлээр суралцаад ирснээс хойш кофе хийж байна. Чөлөөт цагаа заримдаа гадуур өөр ажил байвал зохицуулна. Найзуудтайгаа уулзаж сууна. Аль эсвэл гэртээ дуу сонсоол байж байх дуртай даа. Чөлөөт цаг гэдэг чинь өөрийнхөө дуртай зүйлийг хийж, тэрнээсээ кайф авч, толгойгоо амраах л цаг юм уу даа...


YOLO:Та сая  өөрийн чин хүслээ дагаад сургуулиа сольсон гэж хэллээ. Тэгвэл мэргэжил сонголтоо хийх гэж байгаа хүүхдүүдэд хандаж зөвлөгөө өгөөч.
Сургуульд орох гэж яараад хэрэг байхгүй ээ. Нэг жил өнжсөн ч болно. Тэр хугацаанд ажил хийгээд, өөрийгөө сонсоод юунд дуртайгаа мэдэх, сонсох хэрэгтэй. Тэгэхгүй шууд 12-р ангиа төгсөөд, өөрийгөө олоогүй нөхдүүд нэг сургууль руу ордог. Тэгээл биш болохоор хаядаг. Тэрний оронд нэг жил өнжсөн ч болно. Алдах зүйл байхгүй. Юу сурахаа мэдэхгүй байвал хэлээ сайжруулах хэрэгтэй. Хэлтэй бол хөлтэй гэдэг юм чинь, шууд гадаад хэлээ сайжруулах гээд зүтгэсэн нь дээр. Харин өөрийгөө 10 жилдээ анзаараад, сонсчихсон хүүхдүүд бол сургуулийн хаалга хаана ч очсон нээлттэй байх болно оо...

YOLO: Хэрэв нууц биш бол таны цаашдын хамгийн  том зорилго юу вэ?
Зорилго бол байгаа. Гэхдээ мөрөөдөл ч бий. Зорилгодоо хүрэхийн тулд сургуульд сураад, өөрийгөө хөгжүүлээд л явж байна. Нууц хэвээрээ байсан нь дээр байх аа. Тэр зорилгодоо хүрчихээд би чадлаа гээд нэг л өдөр гарч ирнэ гэж бодож байна. Ойролцоогоор 4-5 жилийн дараа...


YOLO: Ярилцлагын төгсгөлд өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байж, дуртай зүйлээ хийж байгаа хүний хувьд та залуу үеийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?
Мөрөөдлөө хаяж болохгүй. Мөрөөдөж чадаж байвал, хийж чадна л гэсэн үг. Хэн ч болохгүй, бүтэхгүй, хая гэсэн ч аль болох болох талаас нь хүмүүст өөрийгөө чадна гэдгийг харуулах хэрэгтэй. Гэхдээ зөрүүдлээд бай гэсэн үг биш. Бага багаар нь л би чадна шүү, чаддаг шүү гэдгээ л харуулах хэрэгтэй. Бодит зүйл бодох хэрэгтэй л гэж хэлмээр байна. Бас тууштай...

YOLOБидэнд ярилцлага өгч санаа бодлоо солилцсонд баярлалаа. Таны ярианаас маш олон зүйлийг ойлгож авлаа. Цаашдын урлан бүтээл, хичээл сурлага, амьдралд чинь хамгийн сайн сайхныг хүсье. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө  тууштай байж чадсан таньд болон охиныхоо хүсэл мөрөөдлийг дэмждэг аав, ээжээр тань бахархаж байна. Шубу брэнд дэлхийд гарах болтугай гэсэн ёрөөл тавья...
Баярлалаа.








#fashion