Ойрын үед Хүн Аалзад юу тохиолдов???


Хүн бүрийн тэсэн ядан байж үзсэн “Avengers: End Game” кино “Титаник”, “Аватар” зэрэг кинонуудын амжилтыг эвдэн бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон бүтээл болоод тийм ч удаан хугацаа өнгөрөөгүй билээ. Үүний дараа энэ зуны шилдэг бүтээлүүдийн нэг болох “Spiderman: Far from home” үзэгчдийн хүртээл болж, “Skyfall” киноны амжилтыг эвдэн Sony студийн кинонуудыг ашиг орлогоороо тэргүүлээд амжсан. 

Гэтэл энэ сарын сүүлээр нилээн олон үзэгчдийн урмыг хугалж, заримынх нь нулимсыг ч унагаад амжсан мэдээ гарсан нь Хүн Аалз MCU буюу Marvel Cinematic Universe-г орхисон явдал юм.

 

2015 онд хоёр өрсөлдөгч кино студио бараг л “түүхэн” хэмээн нэрлэгдэж болохоор гэрээ хийж, “Sony” болон “Disney” нар Хүн Аалзын төсөл дээр хамтран ажиллахаар болсон билээ.

Sony Хүн аалзын лицензийг эзэмшдэг бол, Disney ихэнх Марвелийн дүрүүд болон MCU-гийн продюсерыг эзэмшдэг. Харин тэд хамтран ажилласнаар Хүн Аалз Марвелийн нэг хэсэг болж, хамгийн анх 2016 онд “Captain America: Civil War” кинонд Тони Старк буюу IronMan-ы даалгавраар Марвелын бусад дүрүүдтэй нэгдсэн билээ.

Энэ үеэс эхлэн Их Британийн жүжигчин Том Холланд Хүн Аалзын дүрийг чадамгай бүтээж ирсэн. 



Гэвч энэ зуны төгсгөлд Sony болон Disney нар хоорондын гэрээндээ хэлэлцээрт хүрэх боломжгүй болсноор Хүн Аалз Марвелын ертөнцийг орхиж буй юм.

Ингэснээр цаашдаа хийгдэх Хүн Аалзын кинонуудыг Марвелын ерөнхийлөгч Kevin Feige дахин найруулахгүй бөгөөд Sony-гоос бүтээгдэх Хүн Аалзын кинонууд Марвелын дүрүүд болон үйл явдлуудыг огт оролцуулахгүй болно. 

Хүн Аалзын түүх Ник Пюри, Тони Старк, Хаппи гээд л Марвелын дүрүүдтэй салшгүй холбоотой болж, цаашдаа ч үргэлжлэх ёстой маш их үйл явдал байсан байхад хоёр компанийн зүгээс ийм шийдвэр гаргасан нь үзэгчдийн сэтгэлийг үнэхээр гонсойлгоод байгаа юм.

 Харин жүжигчин Том Холланд “Disney D23” экспо дээр ирэхдээ шүтэн бишрэгчдэдээ ийн хэлжээ. 
“...Сонсооч, энэ үнэхээр галзуу долоо хоног байлаа. Гэхдээ би үнэхээр сэтгэлийнхээ гүнээс маш их талархаж буйгаа хэлмээр байна. Хайртай шүү, 3000”

Харин EW-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Ерөнхийдөө бол бид таван гайхалтай кино бүтээсэн. Гайхалтай ч таван жил байлаа. Би үнэхээр амьдралдаа хэзээ ч марташгүй цагийг өнгөрөөсөн. Ирээдүйд юу хүлээж байгааг хэн мэдэх вэ? Миний мэдэж байгаа бүхэн гэвэл би үргэлжлүүлэн Хүн Аалзын дүрийг бүтээж, үргэлжлүүлэн мартагдашгүй цаг мөчийг өнгөрүүлсээр л байх болно. Үүнийг яаж ч хийхээр сонгосон байсан гайхалтай байх болно” хэмээсэн байна.

Эх сурвалжууд “Хүн Аалз хэдий MCU-г орхиж буй ч санаа зовох хэрэггүй ээ, Sony үргэлжлүүлэн кинонуудыг гаргах болно” хэмээн шүтэн бишрэгчдийг нь тайвшруулах гэж оролдсон ч “Түүнд чинь л санаа зовоод байна” гэсэн хариу олноор аваад байгаа юм. Sony-гийн гаргасан Хүн Аалзын кинонууд төдийлөн Марвелтай харьцуулагдам амжилт гаргаж дөнгөөгүйгээс ийнхүү хариулсан нь ойлгомжтой биз ээ. 

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Марвелаас Хүн Аалзын “орлогч”-ийг зарлаад амжлаа. Тэд үүгээрээ Kamala Khan буюу Хатагтай Марвелыг зарласан бөгөөд Марвелын ерөнхийлөгч Kevin Feige түүний дэлгэцийн гарааны талаар бүтэн жилийн турш бага багаар сөхсөөр л байсан юм. 


Анх Stan Lee болон Steve Ditko нар Хүн Аалзыг бүтээхдээ түүнийг “Хүн бүхний баатар”-аар дүрсэлж байсан юм. Хэт ухаантай суутууд, өөр гарагийн сонирхолтой зочид, цэрэгт бэлтгэгдсэн супер тулалдагч, уураа хянаж чаддаггүй шинжлэх ухаанч зэргээр хүрээлэгдсэн супер хүмүүсийн ертөнцөд Хүн аалз бол гэнэт супер хүч чадалтай болчихсон энгийн л хүн.

Stan Lee-гийн хэлснээр Хүн Аалзын санаа анх комик уншигч өсвөр насныханд зориулагдсан бөгөөд тэдэнд өөрсдийгөө төлөөлүүлж болох хэн нэгнийг өгөх хүсэл байжээ. Тийм ч учраас MCU-д Том Холландын бүтээсэн Хүн Аалз Avengers-н ертөнцөд өсөж, Тони Старктай тийм дотно холбоотой байсан аж. 

Харин одоо Хүн Аалз Марвелыг орхисон учир тэдэнд “Хүн бүхний баатар” байж чадах нэгэн дутах бөгөөд үүнийг Kamala Khan буюу Хатагтай Марвелаар нөхөж буй юм. 
Энэ бүх үйл явдлын араас саяхан Sony “Spiderman: Far From Home” киноны Extended cut буюу уртгасан хувилбарыг гаргах болсноо зарласаад байгаа юм. Үүнд илүү их тулааны хэсгүүд орох бөгөөд кинонд дурдагдаагүй зарим нэг үйл явдлууд задрах юм байна. 

Гэвч одоог хүртэл үзэгчид Хүн Аалзыг Марвелд үлдээж, Старкийн үйл хэргийг үргэлжлүүлээсэй хэмээн хүссээр л байна. 

 

#movies, #Хүн аалз