Ховсын гэмээр үгстэй дуугаараа алдартай Лана Дел Рей шинэхэн уран бүтээлээрээ эргэн иржээ


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-09-09

Гайхалтай хоолойгоороо олны хайрыг татсан дуучин Лана Дел Рей энэ сарын 30-нд өөрийн 6 дахь студио цомог болох “Norman F--- Rockwell!” цомгоо олны хүртээл болголоо. 

Тэрээр “F--- it, I love you & The Greatest” дууныхаа клипийг наймдугаар сарын 23-нд цацсан бол анх 1996 онд цацагдаж байсан “Sublime” хамтлагийн “Doin’ Time” дууны өөрийн хувилбараа наймдугаар сарын 30-ны өдөр клипжүүлэн нийтэлжээ.

Тэрээр “Doin’ Time” дууныхаа клипэн дээр “Rich Lee”-тэй хамтран ажилласан. Мөн тэд өмнө нь “Love”, “Lust for Life” зэрэг дуунууд дээр гар нийлэн ажиллаж байсан юм. “50 фит өндөр эмэгтэйн халдлага” нэртэй киног санагдуулам энэхүү клипэнд Лана аварга биетэй эмэгтэйгээр дүрслэгдсэн байх бөгөөд түүний үнэнч шүтэн бишрэгчид нь “Хотын иргэдэд нь пепси, кола үнэртэж байгаа болов уу?” хэмээн наргиад амжжээ. 

Шинэ цомгоороо маш олон хүний сонорыг мялаан, нарыг нь гаргаад буй дуучин маань саяхан “the Times”-д өгсөн ярилцлагынхаа үеэр дахин нэг гайхалтай мэдээ хүргэсэн нь өөрийн 7 дахь цомог болох “White Hot Fever” цомгоо 2020 онд гаргах төлөвлөгөөтэй буйгаа мэдэгдсэн нь байв. 


Лана: “... аль хэдийн зарим дууныхаа хэсгүүдийг биччихсэн. 12 юм уу 13сарын дотор гэнэтийн бэлэг болон цацагдах байх. Одоо үнэхээр догдолж байгаа болохоор завсарлага авахыг хүсэхгүй байна" гэжээ. Харин цомгийн хандалтын хувьд урьд өмнөх дуунуудаасаа сонсогчдыг хамрах хүрээ нь тэгтлээ тэлсэн мэт ажиглагдахгүй байгаа ч хүлээж байсан шүтэн бишрэгчдийнх нь урам огт хугараагүй юм. 
Сонсогчдын сэтгэгдэлээс дурдвал:
“Энэ магадгүй түүний хамгийн гайхалтай цомог байх...”
“Ланагийн дууг сонсох яг л огт танихгүй хотод сарны гэрэлд ганцаар бүжиж буй мэт санагдуулдаг. Тэр үнэхээр амьд хоолойтой, сэтгэлд ч сайн хүрдэг...” 
“Үүнийг л хүлээгээд байсан бололтой... Тэр өмнөхөөсөө илүү өсөж том болсон мэт боловч хүнийг ховсдох авъяас нь одоо ч хэвээрээ байна.”
Үүнээс гадна хөгжмийн шүүмж бичээч нараас ч мөн эерэг үнэлгээ аваад байгаа нь түүний цомгийн чанарыг улам л бататгаж буй биз ээ. 
Тэдгээрээс иш татвал: 
“Дундад зууны хэв маягтай уран бүтээлчийн хувьд Лана Дел Рей 2019 оны Америкчуудын амьдралыг их сонирхолтой нарийвчлалтайгаар дүрсэлжээ. “Norman F--- Rockwell!” цомгийнхоо өмнө цацсан төгөлдөр хуурын намуухан аятай хэр нь зугтаж боломгүй сүйрлийн сүлд дуу “The Greatest” бол үнэхээр л түүний дуулж байсан дуунуудаас хамгийн агуу нь болсон гэлтэй.

“Хэн ч унахаас чинь өмнө анхааруулдаггүй юм” хэмээн өөрийнхөө хамгийн агуу гарз, хохиролтойгоо нүүр тулж буйгаа дуулах тэрээр өөрийн санаж буй бүхнээ жагсаах бөгөөд түүнд нь Long Beach, New York, хийцгүйрэл тэгээд хамгийн жихүүдэс төрөм гэмээр нь рок н’ ролл.”

“...Ланагийн өнгө төрхөд үргэлж нэг хий үзэгдлийн гэмээр зүйл хадгалагдаж байдаг. Яг л Мерилин Монро булшнаасаа сэрж ирээд, өөрийнхөө үхлийг дуулж буй мэт. Энэ цомгийн продюсер, хамтран зохиогч Жек Антонофф хамтран ажиллаж буй дуучныхаа хэв маягийг харуулахдаа их сайн. Урьд нь Carly Rae Jepsen, Lorde бас хамгийн сүүлд Taylor Swift-н “Lover” дуунд хамтран ажиллаж байсан тэрээр энэ удаад ч сайн ажиллажээ”

Бороотой өдрийн дулаахан цай шиг, зуны оройн намуухан үдэш шиг түүний шинэ цомгийг та бүхэн ч мөн сонсоод үзээрэй. 

#songs