АНУ-н бүрэн тэтгэлэгтэй явагддаг FLEX хөтөлбөрийн шалгаруулалт зарлагдлаа


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-08-28

АНУ-н бүрэн тэтгэлэгтэй явагддаг соёлын солилцооны FLEX хөтөлбөрийн шалгаруулалт зарлагдлаа.

Анх 1993 онд хэрэгжиж эхлэн өдгөө 21 орны 26300 гаруй төгсөгчидтэй “Future Leaders Exchange” буюу “FLEX” хөтөлбөр нь АНУ-н засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг ахлах ангийн сурагчдад зориулсан соёлын солилцооны хөтөлбөр юм.

Монгол улсад анх 2017 онд БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт 30 сурагч АНУ-н ахлах сургуульд бүтэн жилийн хугацаанд суралцаад ирсэн бол энэ оны найман сард удаах 20 сурагч нь АНУ-г зорьсон билээ. 

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар нэг хичээлийн жилийн турш Америк ахлах сургуульд суралцан, сайн дурын Америк айлд амьдарч өөрийн улс орны соёлыг бусдад түгээх, мөн тэдний соёлоос суралцаж, өөрийгөө нээн хөгжүүлэх боломжтой болох юм.

Тэтгэлэгт хоёр талын орон нутгийн болоод олон улсын тийз, нэг жилийн хугацаанд сурагчийн байрлах тусгай, сонгогдсон Америк гэр бүл, АНУ-д суралцах ахлах сургуулийн элсэлт, эрүүл мэндийн даатгал зэрэг багтах бөгөөд сургууль хичээлтэй холбоотой зардалд зарцуулах 300 долларыг нэг удаа, хувийн хэрэгцээнд зарцуулах 125 долларын стипендийг сар бүр олгодог.

Үүнээс гадна явахын өмнөх чиг баримжаа олгох сургалтыг ч зохион байгуулж, сурагчдыг АНУ-д очсоны дараа байршуулах байгууллагуудад элсүүлж аюулгүй байдлыг нь хангадаг билээ. 

Шалгаруулалт нь 3 үе шаттай явагдах бөгөөд сурагчийн мэдлэг чадвар дээр үндэслэн дүгнэгдэнэ. Доорх шалгууруудыг хангаж чадсан сурагч бүхэнд шалгаруулалт нээлттэй бөгөөд урьдчилсан бүртгэл, үнэ төлбөр шаардахгүйгээр шалгаруулалтын өдрөө төрсний гэрчилгээ, цээж зураг, хар үзэг/бал, цээж зургаа авчираад шууд шалгаруулалтад оролцох боломжтой юм.

Шалгаруулалтанд ороход хангах ёстой шалгуурууд: 

  • 2003 оны 1 сараас 2005 оны 7 сарын 15ны хооронд төрсөн байх,
  • Оролцох үедээ 9-11р ангийн сурагч байх,
  • Сайн ба түүнээс дээш сурлагын үнэлгээтэй байх,
  • Англи хэлний зохих түвшний дундаас дээш мэдлэгтэй байх,
  • АНУ-н визний шалгууруудыг хангасан байх,
  • Монгол улсын иргэн байх,
  • Гадаад пасспорт авах эрхтэй байх.

    Энэ жилийн шалгаруулалтын нэгдүгээр үе дараах өдрүүдэд, дараах аймгуудад тус тус зохион байгуулагдана:
  • 9-р сарын 7-нд Улаанбаатар,
  • 9-р сарын 14-нд Арвайхээр,
  • 9-р сарын 28-нд  Ховд, 
  • 10-р сарын 12-нд Чойбалсан хот. 

Улаанбаатар хотын оршин суугч биш, таны оршин суудаг хот / аймагт шалгаруулалт явагдахгүй байгаа тохиолдолд 9-р сарын 21 болон 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ирж, шалгаруулалтад оролцох боломжтой. 

Шалгаруулалтын өдөр, байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорхи зургаас харна уу. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг FLEX Mongolia фэйсбүүк хуудас, 93130647 дугаараас, мөн flex@americancouncils.mn хаягуудаар авах боломжтой!

#тэтгэлэг