"Би түүнтэй хамт байхаар сандраад байна"


Сондор | YOLO.MN
2017-04-05

mail

Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Нээлттэй байя гэхээр тэнэг зүйлс ярьж түүнийг өөрөөсөө “үргээчих вий” гэж айгаад байх юм

...Түүний ярих нь хүртэл багасаад байгаа юм шиг санагдаад байна. Уулзах бүрд л өөрийнхөө сандрах нь багасах байх гэсэн харин ч эсрэгээрээ ихсээд байх юм. Яах вэ, надад туслаач. 17 настай, Г...

Сайн байна уу. Намайг Г гэдэг. Би 17 настай эмэгтэй

Би өмнө нь хэн нэгэнтэй болзоонд явж, үерхэж үзээгүй л дээ. Би өөрийгөө ер нь дажгүй охин гэж боддог. Үерхэх саналууд ирэхэд нь надад таалагдсан хөвгүүн байгаагүй учир би татгалздаг байсан. Гэтэл саяхны нэг өдөр кино театрт нэгэн хөвгүүнтэй танилцаад надад маш их таалагдаж бид хоёр уулздаг болсон. Хүнтэй үерхэж үзээгүй болоод ч тэр үү би их сандраад байх юм. Жишээ нь тэр миний гараас хөтлөхөд би ичсэндээ гараа татаад авчихсан. Тэр намайг өөрт нь дургүй байна гэж бодсон байх аа.

Би бас дуугүй хүн болохоор яагаад ч юм нээлттэй байж чадахгүй юм. Нээлттэй байя гэхээр тэнэг зүйлс ярьж түүнийг өөрөөсөө “үргээчих вий” гэж айгаад байх юм. Мөн хамгийн сүүлд уулзахад миний өвдөг бүр чичрээд, зүрх дэлсээд байсан гээд боддоо. Мөн болзоонд л явж байгаа юм чинь гэж бодоод хэт гангалаад оччихоороо дараа нь санаа зовоод хурдан харимаар санагдах юм. Нэг ёсондоо хувцаслалтаасаа санаа зовоод байх юм. Тэр надад маш их таалагддаг. Харин өөрийнхөө нээлттэй бус, ичимхий зангаасаа болоод тэр надаас хөндийрчих вий гэсэн айдастай байна. Учир нь түүний ярих нь хүртэл багасаад байгаа юм шиг санагдаад байна. Уулзах бүрд л өөрийнхөө сандралыг нь багасах байх гэсэн харин ч эсрэгээрээ ихсээд байх юм. Яах вэ, надад туслаач. sad
 

Зөвлөгөө: Тухайн хөвгүүний хийх дуртай зүйл, сонирхол хобби зэргийг ярилцаарай.

Уулздаг болоод нэг сарын ч хугацаа өнгөрөөгүй байхад хэт өөрийнхөөрөө байх нь бараг боломжгүй хэрэг, тиймээс ч чамд тэрнийг илтгэх шинжүүд илэрч байгаа хэрэг. Сэтгэл судлаач И.Тогтуун

Сайн байна уу, чиний үеийн бүх л хүүхдэд хүнд татагдах үед нь сая дурдсан шиг шинжүүд илэрдэг. Өөртөө таалагдаагүй хүний дэргэд хэвийн мөртлөө өөртөө таалагддаг хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлчих вий гэж биеэ цэгнэх, хувцаслалтандаа хэт анхаарах зэрэг нь байдаг л хариу үйлдэл учраас ганцхан би л ингээд байна гэж санаа зовохгүй байх хэрэгтэй.

Уулзаж эхлээд удаагүй гэж захианаас ойлгогдож байна, энэ үерхэл нь удаан хугацаанд үерхэх тусам та хоёрын ярилцах зүйлс олширч, биеэ барих байдал яваандаа багасах учиртай. Уулздаг болоод нэг сарын ч хугацаа өнгөрөөгүй байхад хэт өөрийнхөөрөө байх нь бараг боломжгүй хэрэг, тиймээс ч чамд тэрнийг илтгэх шинжүүд илэрч байгаа хэрэг. Ярихын тухайд яриагаа сонирхолтой хийдэг зүйлсээс нь эхэлж ярих нь тохиромжтой. Тухайн хөвгүүний хийх дуртай зүйл, сонирхол хобби, юу үзэж туулсан зэргийг ярилцаарай. Учир нь эрэгтэй хүмүүс өөрийнх нь дуртай зүйлийг сонирхдог охидод тааламжтай ханддаг. Мэдээж чи хичээж байхад найз чинь ч бас хичээх хэрэгтэй. Чиний талаар сонирхдог, чамайг сайн сонсож чаддаг бол чи сайн найзтай болжээ!

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

#Найз #Хайр #Итгэл #Асуудал