ЗАХИДАЛ: Бүгд надаас илт дөлж байна


ССҮТөв | YOLO.MN
2019-07-29

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Бүгд надаас илт дөлж байна

Сайн байна уу. Би 16 настай эмэгтэй.

Би шинэ сургуульд орсон юм (их цѳѳхѳн хүүхэдтэй). Шинэ ангитай болно гээд маш их баяртай байлаа. Хуучин анги маань дотроо их хагаралтай байсан. Надад олон найз гэж хэлэгдэх хүн бий ч ихэнхдээ хичээлээ хийлгэх гэж хааяа ирнэ. Тиймээс арай ѳѳр сургуульд орвол байдал ѳѳрчлѳгдѳх байх гэж бодсон. Тийм ээ, эхэндээ тийм л юм шиг л байлаа. Гэхдээ одоо бүгд надаас илт дѳлж байна. Би юу болсныг мэдэхгүй. Юм асуухаар хариулалгүй босоод явдаг байснаа одоо бүр “чи байсан юм уу” гэж хэлдэг болсон. Миний талаар ямар нэгэн цуу яриа байх шиг. Шинэ жилийн ѳмнѳ манай ангийнхан намайг цүнхээ авах гээд ортол нэг л сонин, яриа нь багассан. Тэгээд зогсохгүй хаалгаар гарч байтал хэн нэг нь "чѳтгѳрийг дурсахаар" гэж хэлсэн. Хэн гэдгийг мэдээгүй ч дэл сул яриа гэж бодоод л ѳнгѳрсѳн. Гэтэл бүр хэцүү болж бүгд намайг яаж ч хичээсэн үл тоож байна. Надаас юм нуугаад байх шиг.

Би тийм "галзуу" биш. Хүмүүс намайг их дѳлгѳѳн гэдэг ч би тийм биш. Бусадтай л адил жирийн нэгэн. Гэхдээ хүнтэй нээлттэй харилцаад байдаггүй. Одоо надад хүнд байна. Зүгээр л ганцаардаад бас зарим нэг асуудлаас болоод маш их стресстэж байна. Асуудлаа шийдэх гэсэн ч нэмэр болохгүй байна. Би яах ёстой вэ. Ѳѳрѳѳ дурлаж ирсэн ч хамт байх ёсгүй хүмүүстэй  байгаа юм шиг санагдаж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Энэ байдал удаан үргэлжлэх юм бол чимээгүй сууж хэрхэвч болохгүй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Их ойлгомжгүй байдалд орж ганцаардаж байгаа юм байна гэж ойлголоо. Монголд 5 хүүхэд тутмын  1 нь сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтэнд өртдөг гэсэн судалгаа бий. Олуулаа нийлж нэг хүүхдийг гадуурхах нь бусдад хөгжилтэй мэт санагдаж болох хэдий ч хэн нэгэнд маш таагүй сэтгэгдэл бий болгож байдгийг хүүхдүүд ойлгодоггүй нь харамсалтай. Одоо чамд тохиолдоод буй зүйл нь гадуурхах төрлийн үе тэнгийн дээрэлхэл байж болохоор байна. Үе тэнгийн дээрэлхэлтэнд дарангуйлагч, хохирогч, ажиглагч гэсэн гурван талын оролцоо байдаг. Тиймээс ангийнхаа дотно биш хэдий ч чамтай эерэг харилцдаг хүүхдээс яг юу болсон гэдгийг асуух хэрэгтэй болов уу? Ангид чинь тийм хүүхэд байгаа юу? Юу болсон гэдгийг мэдэхгүй бол арга хэмжээ авахад хэцүү. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол чимээгүй сууж хэрхэвч болохгүй. Ангийн багш болон нийгмийн ажилтанд хандаарай. Сургуулийн эргэн тойронд байгаа бүхий л хүмүүс үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг үйлдэл хийж байх ёстой.

Үүнээс гадна чи нэг их удахгүй ахиад л энэ ангиас явж амьдралынхаа дараагийн үе рүү шилжих гэж байна. Магадгүй чамд ангийнхаа хүүхдүүдтэй харилцах харилцаанаас илүү чухал, санаа тавих ёстой зүйлс байгаа шүү дээ. Мэргэжлээ сонгох, сургуулиа сонгох гэх мэт. Тиймээс одоо үүсээд байгаа таагүй нөхцөлд хэт их ач холбогдол өгч бүх эрч хүчээ үүнд бүү зарцуулаарай. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.

#Захидал #Letter