Өглөөг угтах шалтгаан минь болооч… "Me before you" /2016/


Уг нь үүрдийн хайртайгаа үзэх кинонуудын нэг юм л даа. Гэвч би ганцаараа үзсэн. Тэгсэн ч гэсэн уншигчидтайгаа сэтгэгдлээ хуваалцъя гэж бодлоо…

Та хайрын кинонд дуртай юу? Дургүй хүн гэж байхгүй байх. Ялангуяа өсвөр насныхан бидний хувьд үлгэрийн хайр дурлалд итгэж явдаг болохоор бүгд л дуртай байх. Тэгвэл бүгдээрээ нэгэн хайрын түүхээр аялцгаая. Гэхдээ кино залуугийн үйл явдлаар эхэлдэг бөгөөд би сонирхолтой болгох үүднээс бүсгүйн үйл явдлаар эхлүүлэхээр шийдэв.

Түүний нэрийг Лоу Кларк гэдэг. Тэр гэр бүлийн хамт нэгэн жижиг тосгонд амьдардаг.  Лоу  бол Жижигхэн хотын жижигхэн кафед ажилладаг жижигхэн охин юм. Тэр нэгэн өдөр ажилдаг кафенаасаа халагдав. Тэр буруу зүйл хийгээгүй шүү. Лоу үнэхээр сайн ажилладаг байсан. Харин кафе эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас болоод л халсан байдаг юм. Ингээд ажилгүй болсон Лоу ажил хайж байтал түүний найз хөрөнгийн биржийн ажилтан тахир дутуу хүнийг асрах ажил байна, цалин нь өндөр юм гэсэн нь Лоуд таалагдан цайзын хажуу дахь эдлэнд очин ярилцлагад орон, залуугийн ээж түүнийг ажилд авав.

Залуу нь мотоциклийн осолд орон цээжнээс доошоо мэдээ алдсан өвчтэй залуу байв. Өмнө нь эрх чөлөөтэй, амжилттай явж байсан залуу ганцхан ослын дараа бүх зүйлээ алдаж тун барьцгүй ааштай болсон байлаа. Түүнийг Вилл Трайнор гэдэг. Ингэж л анх удаа Вилл, Лоу хоёр уулзсан юм.

Тэд эхэндээ муудалцаж, бие биедээ дургүй болох дөхөж байлаа. Гэхдээ Лоуд тэвчихээс өөр арга байгаагүй юм. Учир нь түүнд мөнгө маш их хэрэгтэй байсан юм. Гэхдээ сүүлдээ Вилл түүнд сайхан хандаж, тэд инээлдэж хөгжилдөн бие биедээ дасаж эхэлсэн юм.

Нэг өдөр Лоу санаандгүй байж байгаад Виллийг тун удахгүй өөрийгөө алуулах гэж байгаа захиалга өгсөн гэдгийг нь мэдсэн юм. Лоу түүнийг алдмааргүй байлаа. Тэгсэн ч түүнд хэлсэнгүй түүний төлөө илүү их зүйлийг хийж эхлэв. Тэгээд түүнийг аваад холын амралтын газрын аялалд явав. Лоу түүний бодлыг өөрчилж чадна гэж бодсон юм. Гэвч…

Үүнээс цааш ярихад дэндүү хайран юм. Та өөрөө үзэх хэрэгтэй байх. Харин үзэхдээ хэрэв та сэтгэлийн хөдлөл ихтэй бол нулимс арчих цаасаа аваарай.

Бид хайртай хүмүүстэйгээ хэр их хугацааг хамт өнгөрүүлдэг вэ? Харамсмаар бага хугацааг л өнгөрүүлдэг шүү дээ. Тэгвэл яг одоо хайртай хүндээ хайртай гэж хэл… Магадгүй хэзээ ч хэлж чадахгүй болчих ч юм билүү. Тэгээд энэ киног хамтдаа гар гараасаа атгаж байгаад үз.

Харин манай ганц биечүүд түр хүлээгээрэй. Чамайг гэх хүн тун удахгүй гарч ирнэ ээ.

Танд энэхүү кино маш олон зүйлийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна. Үзчихээд бусадтайгаа ч сэтгэгдлээ хуваалцаарай. Мөн дараагийн удаа ямар киноны сэтгэгдлээ хуваалцмаар байна гэдгээ сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

“Юу гээч Кларк, Чиний үзэсгэлэнт царай, өхөөрдөм төрх миний өглөөг угтах шалтгаан болдог юм шүү.”

Хайрт Вилл Трайнороос чинь…

#Movie #Me_Before_You