ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД, Ариана Гранде!


Оюука | YOLO.MN
2016-06-26

Барбиных шиг үсний засалт, гайхширсан мэт сониучхан нүд, жижиг туяхан биетэй бүсгүйг Ариана Гранде Бутера гэдэг.

Тэрээр өнөөдөр 23 нас хүрч байна. Ариана Америкт төрсөн боловч Итали гаралтай нэгэн.

Арианагийн нэрийг гүнж Орианагийн нэрнээс сэдэвлэн өгчээ. Мөн тэрээр нэг ахтай. Тэдний гэр бүл Арианаг гэдсэнд байх үед нь Нью-Йорк хотруу нүүжээ. Түүнийг 9 настай байхад нь эцэг эхийнх нь салалт хүнд цохилт болжээ. Багаасаа л дуу хөгжимд дуртай түүнийг ээж нь энд тэндэхийн тэмцээн уралдаанд оролцуулж, шалгаруулалтад дагуулан явдаг байжээ.

Хүүхэд байх үедээ тэрээр Дэ Визард оф Оз (Озын шидтэн) болон Үзэсгэлэнт гүнж ба Жонон жүжигт тоглосон. Найман настайдаа аялалын хөлөг онгоцон дээр мэргэжлийн мэт дуулж байсан нь нэгэн нэрт продюсерийн анхаарлыг татаж телевизийн урлагт орох замыг нь тавьж өгчээ.

Түүний урлагийн эхлэл 13 настай байхад нь Бродвей театраас тавигджээ. Дараагаар нь 2009 онд Никелодион хүүхдийн сувгийн “Victorious” буюу та бидний сайн мэдэх '“Авьяастнуудын сургууль” олон ангит цувралын тэнэгдүү гэмээр нэгэн охин Кэт Валентиний дүрээр олонд  танигдаж байсан бол өдгөө дуучин гэсэн нэрээрээ илүү алдарт хүрээд байгаа юм.

"Кино урлаг хөгжилтэй ч, дуу хөгжим миний хувьд нэн тэргүүнд байна"

Ариана 2009 оноос тоглосон “Авьяастнуудын сургууль” кинонд тоглохдоо улаан үснээс салаагүй. Учир нь ерөнхий найруулагч нь ийм үстэй байх нь бусдаас ялгагдах онцлог гэж үзжээ. Тэрхүү кино 2010 оны тавдугаар сарын 27-нд дуусахад 5,7 сая үзэгчтэй гэсэн тоо гарсан бөгөөд Кэтын дүр нь Арианаг өсвөрийн од болоход их нөлөө үзүүлсэн.

Гэвч тэрээр “Кино урлаг хөгжилтэй ч, дуу хөгжим миний хувьд нэн тэргүүнд байна” гэж хэлээд хөгжмийн урлагт орсон.

Шүүмжлэгчид түүнийг Мариан Кэрритэй зүйрлэхүйц хоолойтой гэж дүгнэдэг. Тэрээр өөрийн хойлооны хэр чадалтайг батлах гэсэн мэт Жимми Фаллоны шоунд бусад дуучдыг дуурайн амьдаар, маш гайхалтайгаар дуулсан нь цахим ертөнцөд олныг алмайруулж, хүн бүр л бичлэгийг шэйрлэж байсан.

Мөн түүний Problem, Break free, Bang Bang болон  Love Me Harder зэрэг дуунууд нь 34 долоо хоногийн турш биллбоурдийн шилдэг арван дуунд нь багтаж, өөрөө 2014 оны шилдэг арван бүтээлчийн нэгээр тодорч байсан.

Time сэтгүүлээс 2016 онд Арианаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхэмийн жагсаалтанд оруулсан. Тэрээр сошиал ертөнцөд нэр хүнд нилээн өндөртэй. Тухайлбал тэрээр сая сая дагагчтай дөрвөн Инстаграмм хаягтай.

Кинонд тоглохын хажуугаар Адель, Уитни Хьюстон болон Мэрайя Кэри нарын дууг ковер болгон дуулж ютүбд тавьсан нь  Рипаблик рекордсын захирал Монте Липманы анхаарлыг татаж гэрээ байгуулах саналыг тавьсан. Энэхүү саналыг баяртайгаар хүлээн авч 2011 оны 12-р сард өөрийн анхны “Put Your Hearts Up” нэртэй дууг бичүүлж байжээ.

Тэрээр анхны цомгоо гурван жилийн турш бүтээж 2013 оны зургадугаар сард “Yours Truly”  нэртэйгээр анх худалдаанд гаргасан. Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л 138 мянган хувь худалдаалагдаж Биллбоурдийн шилдэг 200 цомгийн эхний байрт жагсжээ.

Мөн түүний 2015 оны дөрөвдүгээр сард гаргасан цомог нь гарсан даруйдаа зөвхөн Америк улсад л гэхэд 600 мянган хувь худалдагснаараа RIAA-с мөнгөн цомог гэсэн шагналыг авсан.

Түүний 2015 оны эхээр Хойд Америк, Өмнөд Америк, Европ болон Азийн орнуудад хийсэн аялан тоглолт нь 14 сая долларын ашиг олж нийтдээ 290,699 тасалбарыг борлуулсан байна.  Мөн тэрээр энэ онд кино урлагт буцан орж нэлээд хэдэн бүтээлүүд дээр ажиллаж байгаа. 2016 оны гургадугаар сард “Dangerous Woman” нэртэй цомог гаргасан нь Биллбоурдийн шилдэг аравт мөн л багтаж орсон юм.

2016 оны зургадугаар сарын буюу яг одоогийн байдлаар Ариана:
  Ютүб хуудсандаа 10 сая дагагчтай, энэ нь хамгийн олон дагагчтай сувгуудын 32-р байранд ордог. Түүний бичлэгүүдийг хүмүүс нийтдээ дөрвөн тэрбум удаа үзсэн байна.
Инстаграм дээр 75 сая дагагчтай Инстаграмын ритингээрээ дөрөвдүгээрт ордог.
  Твиттер дээр 18-р байранд жагсаж 35 сая дагагчтай.
  Фэйсбүүк дээрх түүний хуудас нь 30 сая лайктай байна.

Түүний хайр дурлал heart ба одоогоор ганц бие

Ариана жүжигчин Грэм Филлипстэй 2008 онд танилцаж 2011 оны 12-р сар хүртэл болздог байжээ.

Мөн Австралийн DJ Брукстай 2012 оны наймдугаар сараас 2013 оны долдугаар сар хүртэл үерхсэн. Дараагаар нь "The Wanted" хамтлагийн гишүүн Натан Сайкстай 2013 оны наймдугаар сар хүртэл болздог байжээ. 2014 оны тавдугаар сараас эхлэн гурван сарын турш Брукстай эргэн болзож эхэлсэн ч дахин хоёр тийш болсон. Үүний дараагаар 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн реппэр Биг Шонтой 8 сарын турш уулздаг байсан ч саяхан мөн л салцгаасан юм.

Тэр олохынхоо хэрээр бусдад өгч чаддаг

Мөн тэрээр арван настайгаасаа хойш буяны үйл ажиллагаануудад оролцож эхэлсэн. 2007 онд гэхэд л тэрээр ганцаараа 500 мянган доллорын хандив босгож Өмнөд Флорадагийн Kids Who Care нэртэй хүүхдийн хөгжмийн санд өгсөн.

2009 оны зун Бродвей театрыхантай болон ах Фрэнкитэйгээ хамтран тоглолт хийж олсон бүх ашгаа Өмнөд Африкийн Гүгүлету хотын хүүхдүүдэд хандивласан.

2014 оны есдүгээр сард “Хорт хавдрын эсрэг зогсъё” нэртэй телевизийн хөтөлбөрт хүртэл оролцсон. Учир нь энэ оны долдугаар сард түүний өвөө энэ өвчнөөр хорвоог орхисон ажээ. Энэ мэтчилэн нийгэм рүү чиглэсэн маш олон төрлийн сайн дурын ажил болон хандивын үйл ажиллагануудад хамгийн ихээр оролцдог олны танил юм.

Өөр бас томоохон ажлуудыг нь дурдвал тэрээр ХДХВ, ДОХ-ын вирусаар өвдсөн хүмүүст хандив босгож эмчилгээнд нь нэмэрлэдэг. Нийгмийн цөөнх буюу ЛГБТ-ийн гишүүн хүмүүст асрах газар, амьдрах орчныг бүрдүүлэхэд тусалдаг.

Түүний стиль ӨНДӨР ӨСГИЙТ

Арианаг барагтай л бол намхан ултай гутал өмссөн байхыг харахгүй. Учир нь тэрээр бие жижиг болоод ч тэр үү өндөр өсгийт гутлыг илүүд үздэг. Тиймдээ ч хаана ч явсан өндөр өсгийт, түүн дээрээ богино даашинз, эсвэл урт цамцыг хослуулан өмсдөг аж. Тэрээр өөрийн "брэнд" бүхий үснийхээ засалтаа бараг өөрчилдөггүй. Тэр нь өөрт зохисон гэж гайхалтай. Мөлчийтөл нь дээш боосон өтгөн үс нь мөн л түүний имиж юм. Хонхорхой хацар, гуалиг бие нь түүнийг улам тодотгодог аж.

 

















 

Түүний тухай сонирхолтой баримтууд:

1. Тэрээр аймшгийн кинонд үнэхээр дуртай.
2. Одоогийн байдлаар 100 хувь цагаан хоолтон. Тэр загаснаас өөр махан бүтээгдэхүүн иддэггүй.
3. Тэр найман нохойтой. Тэдгээрийнх нь нэрийг Coco, Toulouse, Ophelia, Fawkes, Cinnamon, Sirius, Strauss,  Lafayette гэдэг.



4. Арианагийн хийх дуртай зүйл нь шөнийн цагаар наран шаралгын газар луу явах юм. Учир нь тэрээр тайван байдалд дуртай ба яг л энэ үеэр тайван байдаг гэжээ.
5. Тэрээр далай болон далайн амьтдыг сонирхож цагаа өнгөрөөх дуртай.
6. Түүний хараа муу ба харааны өнгөгүй линз зүүдэг.
7. Тэрээр Лаванда цэцгийн өнгөнд илүү дуртай.
8. Ариана өндөр өсгийт өмсөх үнэхээр дуртай. Үнэн хэрэгтээ өмсөөгүй үедээ тэрээр эв хавгүй харагддаг байна.

9. Түүний хамгийн их унших дуртай ном нь Харри Потерын цувралууд.

10. Түүний хамгийн сайн найз нь Алекса Лурия юм.

11. Бас тэрээр даруухан талдаа хувцаслахыг илүүд үздэг. Учир нь “Хүмүүс намайг хараад юу өмссөнг минь гайхахаас илүү миний дууг сайн сонсоосой гэж хүсдэг” гэжээ.

Сонирхуулахад дээр хэлсэнчлэн өнөөдөр түүний төрсөн өдөр бөгөөд Кайли Женнер түүнд өөрийн уруулын будагны бүтээгдэхүүний цуглуулгыг өчигдөр бэлгэнд өгчээ.

Олон сайхан дуугаараа бидний сонорыг мялаадаг Ариана Грандедаа ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ЭЭ laugh

Түүний Ютүб хаяг
Түүний Инстаграм хаяг
Түүний   Твиттер хаяг
Түүний   Фэйсбүүк хаяг

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай smiley

                          

          

 

 

 

 

#Celebrity #Star #Teenagers #ArianaGrande #instagram #HarryPotter