“Давс давс давс” дом таныг зөгийнөөс хамгаалахгүй


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2019-06-18

“Давс давс давс давс...”

Зун цаг хэдий сайхан ч хорхой шавж ихтэй улирал. Зөгий харангуутаа “давс давс давс” гэж домнодог байсан үеэ санаж байна уу? Магадгүй одоо ч тэгдэг байх. Гэвч нэгэнт зөгийд хатгуулчихвал “давс” гэж мянга үглээд ямар нэмэр байх билээ. Тиймээс аялал зугаалгын улирал эхэлснийг тохиолдуулан уншигчдадаа хорхой шавжид хатгуулсан тохиолдолд үзүүлэх анхны тусламжийг хүргэж байна.

АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Анхаарах зүйл 1.

Зөгийд нэг болон олон удаа хатгуулах нь хорхой шавжид хатгуулахаас хамгийн аюултай. Энэ үед анафилаксийн шок үүсч болно. Шоконд ороход хүйтэн хөлс гарах, зүрхний цохилт олшрох, амьсгал давчдах, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрч, амь насанд аюул нүүрлэж болох тул ямар амьтанд хатгуулсныг тодруулж, түүнд тохирсон анхны тусламж үзүүлэх хэрэгтэй.

Анхаарах зүйл 2.

Арьсанд үлдсэн хатгуурыг авах, хатгуулсан хэсгийг эмчилнэ. Хатгуур зоогдож үлдсэн байвал чимхүүрээр чимхэн авч, хатгуулсан хэсгийг хүйтэн усаар угаана. Мөсөөр жин тавих нь хавдах, халуу оргих, загатнахыг намдаана.

Анхаарах зүйл 3.

Хатгуулсан хэсгийг маажихгүй байх хэрэгтэй.

ШУМУУЛ, НОХОЙ БӨӨС, ХАЧГИНД ХАТГУУЛСАН ҮЕД

1.       Маажихад хатгуулсан хэсэг үрэвсэнэ. Сорви тогтох шалтгаан болох тул маажихгүй байх хэрэгтэй.

2.       Эмийн сангуудад худалдаалагддаг түрхлэг хэрэглэх. Их загатнаж байгаа үед хүйтэн жин тавих нь үр дүнтэй.

ЗӨГИЙ, БАТГАНА, ЖАРАН ХӨЛТӨД ХАТГУУЛСАН ҮЕД

1.       Хатгуур биед үлдсэн эсэхийг шалгаад чимхүүрээр гаргаж авна.

2.       Хорыг амаараа сорж авч болохгүй.

3.       Угаалтуурын усанд угааж, хатгуулсан хэсэгт хүйтэн жин тавина. Энэ нь хавдах, халуу оргих, загатнахыг намдаана.

#FirstAid