Модель М.Дашбалжидын 15 кг турсан түүх


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2019-08-19

Хөөрхөн төрөх албагүй гэж хүмүүс ярьдаг. Өндөр нам, тарган туранхай аль ч бай ялгаагүй бүгд л хүмүүс. Гэвч заримдаа бидэнд өөртөө илүү итгэлтэй болохын тулд том өөрчлөлт хэрэгтэй болдог. Жингээ хасаж чадсан олон хүний түүхийг бид мэднэ. Тэд бүгд л илүүдэл жингээсээ салсны дараа өөртөө улам итгэлтэй болж, амжилтын үүд нь нээгдсэн талаар ярьцгаадаг. Ингээд та бүхэнд сүүлийн үед цахим орчинд эерэг энерги түгээж буй мисс модель М.Дашбалжидын 15 кг турсан түүхийг сонирхуулж байна. Мөн тэрээр энэ туршлага дээрээ үндэслэн нэг бүсгүйг илүүдэл жингээсээ салахад нь туслахаар болжээ.

Миний 15кг турж мөрөөдлөө биелүүлсэн түүх

Тийм ээ, энэ бол би өнгөрсөн цаг хугацааны Дашка гэдэг охин. Би хүүхэд байхын бие муутай тархины бага уналтын хэлбэр буюу унаж татдаг өвчтэй, маш туранхай өндөр сулбагар биетэй байлаа. Өвчнөөсөө болоод хүүхдүүдэд их шоолуулдаг, өөртөө итгэлгүй, бүрэг ичимхий хүүхэд байсан юм. Ээжийнхээ ачаар олон эмнэлгийн хаалга татаж алтан гартай Боргил эмч маань намайг бүрэн эмчилж өгсөн. Тасралтгүй хоёр жил эм ууж давхар хоол идсээр өвчин маань ч эдгэж ээж бид хоёрын магнай тэнийж байсан даа.

Тэр цагаас хойш сургуулиасаа шилжиж шинэ орчинд шинэ найз нөхөдтэй болж, бусдын адил бага багаар энгийн л нэг хүүхэд байх алхам маань эхэлсэн юм. Хүүхэд насны мөрөөдөл болох загвар өмсөгч болох битүүхэн хүсэлтэй ч дотроо өөрийгөө голж айж эмээж явсаар нэг ч удаа агентлагийн хаалга таталгүй явсаар оюутан боллоо.

Оюутан болж хичээл номондоо шамдан давхар ажил хийж, гуанзны хоолонд ороод нэг мэдэхэд би гэдэг хүн чинь 70 кг бараадсан явж байдаг юм байна. Хүмүүс “Ямар аймар тарган болчихсон юм бэ” гэдэг байсан ч угаасаа л туранхай байсан болохоор жоохон махлах зүгээр санагдан толинд харахад гоё  харагдсаар нэг өглөө  таарах  зуны шорт олдохоо байсныг анзаарч сэтгэлээр унан хэрхэн жингээ хасах талаар толгой гашилгаж эхэллээ.

Эхний алхам болгож хоолоо сойлоо. Өдрийн дөрөв шахуу хоол иддэг байсан хүн дэглэм барихаар 7 хоноод л шантраад иднэ. KFC, пицца, чихэр жимс харахаар ганц л амьдарна гэж бодоод иднэ. Найз нөхдөдөө уруу татагдаж иднэ. За маргаашнаас дэглэмээ яг барина, өнөөдөр сүүлийн удаа идье гээд л иднэ.

Гэхдээ юу гээч, хэзээ ч ийм хоёрын хооронд сэтгэлийн дэглэм амжилт олдоггүй юм байна билээ.  

Хүний бие организм ямар хоол хүнс иднэ яг тэгж л харагдана, бас ажилладаг.

Нэг өглөө амьдралаа өөрчлөх том шийдвэр гаргаснаар амттаныг амьдралаасаа бүр мөсөн хасаж хоолны дэглэмээ маш нарийн барьж хоол хүнсний талаар судалж уншиж эхэлсэн юм даа . Мөн фитнессээр хичээллэж долоон хоногтоо таван удаа бэлтгэл хийж, давсыг бага багаар хасаж, усыг маш сайн ууж эхэлсэн.

Үр дүн гарахын хэрээр өөртөө итгэлтэй байж, уруу татсан найзуудын үгийг сонсохоо больдог юм билээ. Бас тэр үед найз нөхдийн дэмжлэг найзыгаа ойлгох уруу татахгүй байх их чухал шүү!!! Хэзээ ч битгий жин хасаж буй найздаа “За ганц л удаа шүү дээ, ямар сүртэй юм, миний төрсөн өдрөөр уусангүй, чи ингэж явж турах уу” гэх үгсийг битгий хэлээрэй !!! Та ч гэсэн хүмүүсийн энэ үгэнд битгий автаарай. Таны бие таны эрүүл мэнд зөвхөн танд л хамаатай шүү дээ.

За тэгээд тасралтгүй зургаан сар будаа, төмс, гурил, чихэр жимс, газтай ундаа, тостой хоол ,спирт, кофе, түргэн хоол гэх мэтийг хүнснээсээ хасаж идэвхтэй хөдөлгөөн хийж 55 кг гэх жин рүү орж урьд урьдынхаасаа ч илүү гуалиг, эрүүл биетэй болсон юм. 

Ингээд нэг өдөр би гэдэг хүн чинь хүүхэд насныхаа мөрөөдлийг бага ч болов биелүүлж, ядаж загварын анхан шатны ангид орж хичээллэж үзье гэж шийдээд Gloria агентлагийн хаалгыг анх татан оров. Их ичиж сандарч байсан ч нүдэнд дулаахан сайхан инээмсэглэсэн эгч намайг угтаж авсан нь одоо миний хайртай багш топ Уянга маань байсан юм. Энэ үеэс л багш маань миний амьдралыг өөрчилж намайг мөрөөдөлдөө алхам алхмаар ойртоход минь тусалж их зүйл зааж өгсөн юм даа. Энэ ташрамд багшдаа маш их баярлаж явдгаа хэлье.

Одоо ингээд харахад хүн чадахгүй мэдэхгүй гээд өөрийгөө голоод өөрийнхөө төлөө юу ч хийхгүй байвал чи нэг л газраа байгаад байна. Өөрийгөө хэзээ ч битгий гол. Өөрийнхөө төлөө зүтгэ, хичээ. Амьдрал хичээсэн хүнийг л шагнадаг юм шүү.

Ийнхүү өөрийгөө дайчлан өөрчлөгдөж чадсан модель М. Дашбалжид маань өөрийгөө өөрчлөх, илүүдэл жингээсээ салах хүсэлтэй  нэг хүнийг сонгож хоёр сарын туршид хамтран ажиллаж жин хасалт, нүүр будалт, арьс, үс шүд арчилгаа болон стиль имиджийг тодорхойлж өөрчлөхөөр болж зургадугаар сарын 13-нд эхний шатанд таван охидыг тэнцүүлжээ. Тун удахгүй түүний ажлын үр дүн гарч өөртөө итгэлтэй, үзэсгэлэнтэй нэгэн бүсгүйг шинээр бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

Модель М.Дашбалжидын ярилцлагыг эндээс уншаарай

#Diet #Мисс_Дашбалжид