Зуны bucket list-дээ нэмж болох санаанууд


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-06-12

Зундаа сайхан өвөлжчих шахан явсаар эцэст нь нэг урин дулаан цагтай золгосон болохоор та бүхэн ч бас зуныхаа төлөвлөгөөг зах зухаас нь гаргаж буй биз ээ. Тэгвэл танд төлөвлөгөөндөө нэмж болох 10 зүйлийг санал болгож байна.

1. Ууланд авиран нар мандахыг, эсвэл жаргахыг харах

Нэг үеэ бодвол монголчууд маань буцаад ууланд авирах нэлээн дуртай болчихжээ. Хэрвээ аль хэдийн ууланд авираад эхэлчихсэн бол энэ удаад цагаа тохируулаад нар мандах, эсвэл жаргах үеэр авираад үзээрэй. Байгалийн үзэсгэлэн гоо таны зунд дахин нэг гайхалтай дурсамж нэмэх болно.

2. Найзуудаа өглөөний цайнд уриарай

Зүгээр л зурвас бичиж урихын оронд жижигхэн цаасан дээр өөрийнхөө гараар чимэглээд, урилга өгөөд үзээрэй. Тэгээд бямба гарагийн өглөөг юм уу ням гарагийн өглөөг найзуудтайгаа өнгөрөөгөөрэй. Бид ихэнх үед найзуудтайгаа оройн цагаар л уулзах гээд байдаг шүү дээ. Тиймээс үүнийг ч бас нэг удаа туршаад үзэхэд гэмгүй байх.

3. Дуртай дуучин/хамтлагийнхаа тоглолтыг үзээрэй

Дуу хөгжмөөс илүү үр дүнтэй эм тан гэж юу байх билээ? Өдөр уртасч, шөнө богиноссон энэ өдрүүдийг алдалгүй нэг өдрийг юу ч бодолгүйгээр дуу хөгжимд дурлаж өнгөрөөгөөрэй. Хэрэв биеэрээ очоод үзэх боломжгүй бол заавал цаг гаргаад хуучных нь ч хамаагүй тоглолтыг интернэтээс хайж олоод, толгойгоо хөнжлөөрөө хучиж байгаад гэртээ ч болов үзэх хэрэгтэй шүү.

4. Өөртөө захиа хаяглаарай

Энэ зун өөрийгөө хайрлах ямар дадал зуршлууд хэвшүүлэх гэж байна даа? Миний зүгээс санал болгох нэг арга бол өөртөө захиа бичих. Гэхдээ одоогийн өөртөө биш, өнгөрсөн дэх өөртөө, эсвэл ирээдүйн өөртөө. Магадгүй 3 жилийн өмнөх өөртөө одоо хэр сайжирснаа, яаж өөрчлөгдсөнөө бичээд 5 жилийн дараах өөртөө хэр их өөрчлөгдөхийг, юунд хүрэхийг хүсч буйгаа бичиж болох юм.

5. Хуучин хувцсаа өөрчил

Өмссөөр байгаад уйдчихсан, эсвэл үл ялиг багадаж, үл ялиг томдсон хувцаснууд шүүгээнд чинь хэвтсээр л байна уу? Тэгвэл хайч, зүү утас бариад тэдэн рүүгээ дайраад үзээрэй. Цамцаа тайраад хагас урттай болгоод үз, өмдөө сэмлээд үзсэн ч болно. Хувцас будахад зориулагдсан будаг худалдаж аваад хүссэн зүйлээ сурсан ч болно. Бүгд бүтэлтэй болох албагүй ч энэ туршаад үзэхэд харамсамгүй хөгжилтэй байна гэдэгт итгэлтэй байна.

6. Дурсамжийн хайрцаг хий

Жижигхэн хайрцаг, эсвэл тагтай шил аваад түүнийгээ багахан чимэглэж, будаад дотор нь өөрийнхөө хамгийн хайртай нандин дурсамжуудаа цаасан дээр бичиж ороогоод хадгалаарай. Дараа нь хэзээ нэг цагт хэцүү санагдах үедээ зарим нэгийг нь нээж үзээд, амьдралынхаа нандин мөчүүдээс эрч хүч авч болох юм.

7. Нойргүй хонох

Энэ нь эрүүл мэндийн хувьд ашиг тустай юу гэвэл мэдээж үгүй. Гэхдээ зуны гайхалтай дурсамжийн төлөө ганц шөнийн нойр зарахад юу нь болохгүй гэж? Гэхдээ үр дүнгүй, сонирхолгүй шөнийг өнгөрүүлэлгүй өөртөө зориулаад төлөвлөгөө гаргахаа мартуузай.

8. 24 цагийг ямар ч интернетгүй өнгөрөө

Хичээл, ажлаасаа түр амсхийх зав олдсон бол нэг өдрийг интернетийн элдэв шуугиан, хэрэгтэй хэрэггүй мэдээллээс хол өнгөрүүлээд үзээрэй. Ингэж байх явцдаа тэмдэглэл хөтөлж үзээд, интернет амьдралд чинь хэр нөлөөлж буйг мэдээд авахад ч гэмгүй. Амьдралынхаа ямар олон жаргалтай мөчүүдийг утасны дэлгэцээр сольж байснаа ухаарах боломж олгох боломжийг та битгий алдаарай!

9. Өрөөгөө дахин тохижуул

Хамгийн сүүлд хэзээ өрөөнийхөө тавилгын байрлалыг сольж, ханандаа шинэ зураг өлгөсөн бэ? Ойрын хэдэн сардаа ингэж амжаагүй явсан бол энэ зун таны амьдарч буй орчиндоо жижигхэн ч хамаагүй шинэчлэлт авчрах боломж шүү. Ширээнийхээ байрлалыг соль, эсвэл жижигхэн шинэ тавиур худалдаж ав. Хоосон хана байвал дуртай кино, дуучныхаа зургаар дүүргэ. Шинэ ургамал худалдаж ав. Жаахан ч гэсэн өөрчлөлт хийх боломж үргэлж таны гарт бий шүү.

10. Ганцаараа хооллох/кино үзэх

Айдас хүйдэс дүүрэн сонстож байна уу? Тэгвэл заавал туршаад үзээрэй. Гэхдээ үүнийг хийе гэж шийдсэн цагаасаа л эхлэн “яана аа” гэх зовнилоо тархинаасаа авч хаях нь чухал шүү. Хэн нэгнийг зугаацуулах хэрэггүй, хэн нэгэнд таалагдах гэж хичээлгүйгээр зөвхөн өөрийгөө эрхлүүлээд нэг болзож үзээрэй. Өөрийнхөө талаар магадгүй илүү ихийг мэдэж авах ч юм билүү?

#Tips