YG-гийн охидын удаан хүлээлтийн дараах шинэхэн уран бүтээлүүд


YOLO.mn | YOLO.MN
2019-06-06

“SBS’ Kpop Star” нэвтрүүлгийн нэгдүгээр улирлаас өөрийн өвөрмөц бөгөөд хүчтэй хоолойгоороо олонд танигдсан дуучин Lee Hi “1,2,3,4” дуугаараа 2012 оны 10-р сард хөгжмийн ертөнцөд хөл тавьж байсан билээ. Хөөрхөн нүд, төрөлхийн чадвартай хоолойгоороо олны хайрыг татсаар ирсэн дуучин маань харин 2016 онд “Seoulite” нэртэй бүрэн хэмжээний цомгоо гаргаснаас хойш саяхныг хүртэл өөрийн бие даасан шинэ уран бүтээлээ огт хүргээгүй билээ.

Энэ оны эхээр “Code Kunst”-тэй хамтран “XI” нэртэй дижитал сингл цацсан хэдий ч эцэст нь гурван жилийн дараа “24°C” нэртэй цоо шинэ цомгоор бэлэг барьж байна.

YG энтертайментийн хөвгүүдийн хамтлагийн нэг болох “IKON”-ы ахлагч, реппер “B.I”-тай хамтарсан “No one” дуунаас гадна дөрвөн гайхалтай дуу багтсан энэ цомог нь өнгөрөгч тавдугаар сарын 30-ны өдөр олны хүртээл болсон бөгөөд хөгжмийн жагсаалтуудад өндөр байр эзэлсэн хэвээр байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн Солонгосын хөгжмийн урлагийн хатан хаадын нэг хэмээн нэрлэгдэж ирсэн ч 2016 онд харамсалтайгаар тарсан  “2NE1” хамтлагийн ахлагч И Чэрин буюу “CL”-ийн Японы “PKCZ” хамтлагтай хамтарсан уран бүтээл хэдхэн цагийн өмнө цацагджээ. “Хамгийн муу эмэгтэй” хэмээн өөрийн хурц тод харизм, хүчтэй төрхөөрөө алдаршсан уран бүтээлч маань 2016 онд “Lifted” дуугаа цацсанаас хойш одоогоор бие даасан уран бүтээл гаргаагүй байгаа бөгөөд 2018 онд “Black Eyed Peas” хамтлагийн “Dopeness” дуунд хамтарсан билээ.

Энэ удаад тэрээр “Exile Makidai”, “Verbal”, “Dj Daruma” нараас бүрдсэн PKCZ хамтлагийн “Cut It Up” дуун дээр Нидерланд улсын DJ Afrojack нартай хамтарчээ.

“Эхний удаа сонсоод: Мм, дажгүй л юм.
Хоёр дахь удаа сонсоод: Хөөх, энэ үнэхээр догь юм.
Гурав дахь удаа сонсоод: Гэрийнхээ бүх хөшгийг таслах” хэмээн фэнүүд нь хошигноод амжсан энэ уран бүтээл урт удаан хугацаанд нам жим байсан “CL”-ийн шүтэн бишрэгчдийн хувьд том бэлэг боллоо.

 

 

#Be_Quiz