Каллиграфи бичиж сурмаар байна уу?


Орчин үед хүмүүс уран бичлэг буюу каллиграфийг түгээмэл хэрэглэх болсон. Өнөөдөр та бүхэндээ энэ гайхалтай бичгийн талаар суурь мэдээлэл хүргэе.

КАЛЛИГРАФИ АНХ ХААНА ҮҮССЭН БЭ?

МЭӨ 3500 оны үед Египетэд каллиграфи буюу уран бичлэг үүсжээ. Эртний Грек хэлний калло буюу гоо сайхан, граф буюу бичиг үсэг гэсэн утгатай үгнээс гаралтай. Эртний хадны сүг зураг урлагийн энэхүү төрөл үүсэх үндэс болсон бол хүмүүсийн харилцаанд  бичиг үсэг чухал байр суурь эзэлснээр хөгжих суурь нь тавигдсан гэж мэргэжилтнүүд тайлбарладаг.

КАЛЛИГРАФИ БИЧГИЙН ХӨГЖИЛ

МЭӨ 850 оны үед ромчууд латин бичиг хэрэглэдэг болсон нь уран бичлэгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн. Мөн тэр үед Монгол, Хятад, Япон, Араб зэрэг Азийн орнуудад уран бичлэгийн төрөл бий болсон байна.

XIV-XVI зуунд бичиг үсэг, ном хэвлэлд үлэмж нөлөө үзүүлсэн хоёр төрлийн үсэг Европт бий болжээ. Энэ бол ром, итали хэв маягууд юм. Орчин цагийн хэвлэл бий болсноор (1450 онд) каллиграфи нь урлагийн тусгай төрөл салбаруудад (уран гоё бичлэг гэх мэт) холбогдож хамаарах болжээ.  

КАЛЛИГРАФИ МОНГОЛД

Монголын уран бичлэгийн хамгийн эртний дурсгал нь 1224 оны үед хамаарах Чингисийн чулуун хөшөөний бичээс юм. Уг бичээс тэнгэр газрын харьцаа, үг үсгийн мөр тэтгэх ёс, хүндэтгэл, бахархлын өгүүлэмжтэй ажээ.

Мөн каллиграфи маш олон урсгал чиглэлтэй бөгөөд манай улсад тэдгээрээс томоотой, цэгцтэй, уран бичлэгийн урсгал нь илүү их хөгжсөн. Мөн давтагдашгүй шинж чанартай бөгөөд тухайн үеийн эмоци, сэтгэл хөдлөлийн илэрхийлдэг байна.

ОРЧИН ҮЕИЙН КАЛЛИГРАФИ

Орчин үед каллиграфи нь илүү задгай, гоёмсог, модерн талдаа болон хөгжсөн. Техник технологи өдрөөс өдөрт хөгжиж байгаагийн сацуу бүх л зүйл илүү тансаг, чамин болсоор байна. Үзэг юм уу, бийр, бэхээр гоё, чамин, хэв маягийн дагуу бичих, эсвэл бичээс хийх урлаг болтлоо хөгжсөн.

Хятад улсад каллиграфи бичгийн уран зураг мэт үнэлдэг гэнэ шүү.

КАЛЛИГРАФИ БИЧИХДЭЭ...

Үсгүүдийн хэв хэлбэр зөв, өөр өөр хэсгүүдийнх нь ээлж дараалал, харьцаа нь зөв, зохицож нийцсэн байвал зохино. Мөн каллиграфи бичихэд үсгүүдийн өргөлт даралт маш чухал нөлөө үзүүлдэг бөгөөд бичиж буй хүмүүсийн мэдрэмжтэй шууд холбоотой юм. Бичиж буй явцдаа гарынхаа байрлал, бийрний үзүүр, цаасан дээр буух бэх гээд бүх зүйлээ мэдрэх хэрэгтэй гэнэ.

Каллиграфийг ийм үзгээр бичдэг

#Calligraphy