ЗАХИДАЛ: Ээж минь эрдмийн зэрэг хамгаалж чадаагүйд би буруутай санагдаад байна


ССҮТөв | YOLO.MN
2019-05-22

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ээж минь эрдмийн зэрэг хамгаалж чадаагүйд би буруутай санагдаад байнө

Сайн байна уу? Намайг Х гэдэг. Би одоо 14 настай. Ээжтэйгээ хамт Америкт байдаг. Би өөрийгөө хэн болох, юу хүсээд байгааг мэдэхгүй байгаагаас захидал бичиж байна.

Мэдээж миний хувьд өсвөр насных болохоор олон бодол толгойд эргэлдээд, заримдаа яг яагаад байгаагаа ч ойлгохгүй юм, үнэнийг хэлэхэд надад мөрөөдөл байхгүй. Үүнийг л асуумаар: "Яаж мөрөөдөлтэй болох вэ?" Миний ээж ууг нь Хятадад эрдмийн зэргээ хамгаалах гэж байсан ч би түүнийг хүчлээд бид хоёр энд ирчихсэн. Энд амьдрах тийм ч амар биш юм байна лээ. Бас түүний хувьд би буруутай юм шиг санагдаад байна. Тэгээд би түүний мөрөөдлийг биелүүлээд, хичээж байгаад их сургуульд ороод, ажилтай болоод л, түүнийг сайхан амьдруулъя гэж бодоод хичээсэн ч нэг л юм дутаад байх шиг. Магадгүй энэ надтай холбоотой байх, тийм ээ?

Магадгүй би яг юу хүсэж байгаагаа мэдэхгүй байгаа болохоор энэ байх. Та надад яаж мөрөөдөлтэй болохыг хэлж өгч болох уу? Тэгэхгүй бол би ямар ч амьдрах сонирхолгүй болоод байх шиг байна.

Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Дасгал хийх нь сэтгэл санаа эерэг, тайван байхад хамгийн их тусалдаг зүйл шүү

Сайн уу, захиа илгээсэнд баярлалаа.

Юуны түрүүнд чи одоогоор стресс ихтэй байх шиг байна. Шинэ орчинд дасч, шинэ найз нөхөдтэй болох, хичээл дүн, ээждээ туслах гээд олон хариуцлага ирж ядарч, стрессдсэн болов уу. Стресстэй үед хүн цэгцтэй бодож шийдвэр гаргахад хэцүү байдаг. Тэгэхээр эхний ээлжинд чи сэтгэл санаагаа дээрдүүлэхэд анхаарах хэрэгтэй болно.

Чамайг стрессдүүлээд байгаа зүйлс нь нэг талаас амьдралын хэв маяг нөгөө талаас буруутай мэдрэмж болов уу гэж таамаглаж байна. Дасгал хийх нь сэтгэл санаа эерэг, тайван байхад хамгийн их тусалдаг зүйл шүү. Бас бусадтай холбоотой байх хэрэгтэй.

Идэвхтэй амьдралын хэв маягтай үед хүнд аяндаа мөрөөдөл ороод ирдэг. Юу ч хийхгүй суугаад байвал юу хүсч байгаагаа мэдэж чадахгүй. Тэгэхээр одоогийнхоосоо илүү идэвхтэй байхын тулд сар бүр нэг шинэ зүйл туршаад үзээрэй.

Америк явах шийдвэрийг зөвхөн чи гаргасан, ээж нь Америкт ирээд ямар ч амжилтгүй байна гэж үү? Ээж нь өөрөө ч Америкт амьдрахыг тодорхой хэмжээнд хүссэн. Мөн одоо тэнд шинэ зүйлүүд сурч хөгжиж байгаа болов уу. Ямар ч байсан би ээжийг хүчлээд аваад ирсэн гэдэг бодол чамд туслахгүй. Харин ч ядрааж байгаа нь тодорхой байгаа учир энэ бодлыг засч, эерэгээр бодож байгаарай. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Сэтгэл судлаач

Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter