Дараагийн Batman хэн байх вэ?


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-05-21

Хоёр жилийн дараа буюу 2021 оны долдугаар сарын 25-нд олны хүртээл болох гэж буй Матт Рийвзийн “The Batman” киноны гол дүрд хэн тоглох болсон нь олны сонирхлыг ихэд татаж байна.

Хараахан бүх зүйл баттай болоогүй байгаа ч англи жүжигчин Роберт Паттинсон сонголтын жагсаалтын хамгийн эхэнд буй гэнэ. “Twilight” киноны 17 настай цус сорогчийн дүрээрээ олны сэтгэлд тод үлдсэн энэ жүжигчин дараагийн Batman болох магадлал тун өндөр байгаа ажээ.

Зураг авалт 2019 оны сүүлээр, эсвэл 2020 оны эхээр эхлэх магадлалтай бөгөөд кино найруулагч Матт Рийвз энэ бүтээл дээр “Бичин гарагийн бослого” киногоо хамтран найруулсан Дилан Кларктай дахин гар нийлэн ажиллахаар болсон байна.

“Batman v Superman: Dawn of Justice”, “Suicide Squad” болон “Justice League” кинонуудад Брюс Вэйнийн дүрийг бүтээсэн Бэн Аффлек энэ жилийн эхээр “Jimmy Kimmel Live шоунд оролцож байхдаа Batman-ы дүрээ орхисон шалтгаанаа тайлбарласан билээ.

Бэн Аффлек: “Маш сайн кино зохиолчидтой хамтарч ажиллаж, үүний нэг хувилбарыг бүтээх гэж хичээсэн боловч амжилттай болгож чадаагүй. Тиймээс магадгүй өөр нэгэнд боломж олгох цаг нь ирсэн байх гэж бодсон юм. Тэдэнд үнэхээр сайн жүжигчид байгаа болохоор би ч бас маш их догдолж байна” гэжээ.

Хэрэв 33 настай залуу жүжигчин Роберт Паттинсон шинэ Batman-ы дүрийг үнэхээр бүтээвэл хоёр дахь хамгийн залуу Batman болж 2005 онд олны хүртээл болсон “Batman Begins” кинонд 31 настайдаа дүр бүтээсэн Кристиан Балийн араас бичигдэх ажээ.

“Harry Potter and the Goblet of Fire” кинонд Седрик Диггорийн дүрийг чадмаг бүтээсэн жүжигчин маань алиалагчдаас айдаг тухайгаа 2011 онд “The Today Show”-ны үед зарлаж байсан бөгөөд түүний энэ айдас нь магадгүй Batman, Joker нарын тулааныг илүү сонирхолтой болгож ч мэдэх юм.

Роберт Паттинсон: “Хамгийн анх удаа цирк явж үзэхэд минь нэгэн алиалагч нас барж байсан юм. Түүний жижигхэн машин шууд л дэлбэрчихсэн. Хүн бүр гүйлдэж, аймшигтай санагдсан” хэмээн дурсжээ.

Одоогоор албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа тул “Бүрэнхий” цувралын халуухан цус сорогч, “Harry Potter” цувралын зоригт шидтэнг хэрхэн Joker-той тулалдахыг харах эсэхээ хүлээх л үлдлээ.

#Movie, #HollywoodStars