ПЕРСИНГ хийлгэхдээ, хийлгэсний дараа АНХААРАХ 10 ЗҮЙЛ


Бабу | YOLO.MN
2016-06-23

Персинг гэдэг нь биеийн аль нэг хэсгийг цоолж ээмэг болон гоёл чимэглэлийн зүйлс хийх боломжтой цоолтуур хийхийг хэлнэ. Хамгийн түгээмэл персингийн төрлүүд бол чих, хамар болон хүйснийх юм.

Хэрвээ персинг хийлгэхээр шийдсэн бол юун түрүүнд сайтар судалгаа хийж, үүсч болох сөрөг үр дагавар болон түүнээс хэрхэн сэргийлэх мэдээлэлтэй байх хэрэгтэй. Биеийн зарим нэг эмзэг хэсгүүдэд персинг хийхэд сөрөг үр дагавар гарах магадлал өндөр байдаг. Жишээ нь уруул болон хамрын персинг хийлгэхэд бохирдол амархан үүсдэг байна.
 

АНХААРААРАЙ, АНХААРААРАЙ

Персинг хийлгэхэд анхаарах хамгийн гол 10 зүйл:
 
1. Хэрвээ чи харшил, чихрийн шижин, арьсны үрэвсэл, дархлааны сулрал, жирэмсэн гэх мэт эрүүл мэндийн асуудалтай бол эмчийн зөвөлгөө авсны дараа персинг хийлгээрэй.

2. Сорвин дээр персинг хийлгэж огтхон ч болохгүй

3. Чи персингийн ээмэг сонгохоосоо өмнө ямар металлаас харшилтай гэдгээ тодруулаарай. Биеийн персингт зөвхөн хоргүй метал ээмэгнүүдийг ашиглана. Жишээ нь мэс заслын төмөр, 14 болон 1 кратын цул алт, титан, цагаан алт гэх мэт.

4. Цэвэр, аюулгүй орчинд мэргэжлийн хүнээр хийлгэх. Монголд персингийн үйлчилгээг ихэнх гоо сайхны салонууд болон шивээсний газрууд хийдэг ч орчин, туршлагаас хамаараад үнэ нь өөр өөр байдаг. Персинг хийлгэхдээ хамгийн гол нь орчны болон багаж хэрэгслийн ариун цэвэр, шинэ эсэх тал дээр өөрийн биеэр заавал хяналт тавих шаардлагатай.

5. Персинг хийх гэж байгаа хүн гараа зориулалтын нян устгагчтай савангаар угааж, нэг удаагийн бээлий өмссөн эсэхийг анзаарахад илүүдэхгүй.

6. Персинг хийх газрыг  (хэлнээс бусад) зориулалтын нян устгагчтай саван болон алчуураар цэвэрлэсэн эсэх, зүүг шинэ байна уу гэдгийг анзаар, бүр асууж  тодруулсан ч болно.

7. Сэтгэл санааны бэлтгэл маш чухал. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг. Тиймээс өвдөлтөөс айгаад сандарч байгаа бол энэ нь тийм ч сайн үр дүнд хүргэхгүй. Цочиж хөдлөн, цоолтуураа ч сэтлэх магадлалтай. Тиймээс биеэ суль тавиад, гүнзгий амьсгаа ав.

8. Персинг хийсэн мэргэжлийн хүний арчилгаа, эдгэрэлтийг түргэсгэх зааварчилгааг сайн дагаж мөрдөх хэрэгтэй. Эс тэгвэл бохирдож өвчилж мэднэ.

9. Мөн өмнө нь персинг хийлгэсэн хүнээс зөв эдгээх талаар заавар зөвлөгөө авахад ч илүүдэхгүй.

10. Персинг хийлгэсэн бол ээмэг, гоёлоо байнга зүү. Нэгэнт л чи зориг гарган персинг хийлгэчихээд ээмэггүй, зүүлтгүй яваад байвал битүүрэх магадлал маш өндөр. Битүүрвэл дахиад л персинг хийлгэх хэрэг гарна. Тиймээс ээмэг, зүүсгэлийг байнга хэрэглэж байхыг зөвлөе.

ЭДГЭРЭХ ХУГАЦАА ЖИЛ Ч ҮРГЭЛЖИЛЖ БОЛНО

Биеийн аль хэсэгт хийлгэснээс хамаарч эдгэрэлтийн хугацаа нь хэдэн долоо хоног эсвэл жилээс дээш хугацаанд үргэлжилнэ.

Персинг хийлгэсэн газраа спиртгүй савангаар угаах, мөн гараа угаасны дараа тус газраа хүрэх хэрэгтэй гэдгийг анхаараарай. Хэрвээ урууландаа персинг хийлгэсэн бол спиртгүй, нянгийн эсрэг бэлдмэлээр хоол идсэнийхээ дараа амаа зайлж хэвшээрэй.

Хэрвээ персинг нь эдгэхгүй удах болон ямар нэгэн сөрөг үр дагавар ажиглагдвал яаралтай эмчид хандана уу. Персингийг өөрөө болон найзаараа хэзээ ч хийлгэж болохгүй ба заавал мэргэжлийн хүнээр зориулалтын цэвэр аюулгүй орчинд хийлгэх шаардлагатай.

Хэрвээ бохирдол үүссэн бол дараах шинж тэмдгүүд илэрнэ

-       Персинг хийлгэсэн газраар улайх
-       цус гарах
-       арьсны өнгө өөрчлөгдөх
-       загатнах

Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандаарай.

#Beauty #Advice