Зун зорих газар чинь /цуврал №1/: Улаан цутгалан хүрхрээ


Б.Чанцалдулам | YOLO.MN
2019-05-13

Аялал зугаалгын цаг ирлээ. Энэ үед та гэр бүл болон хайртай дотнын хүмүүстэйгээ хаашаа аялахаа төлөвлөөгүй байна уу? Тэгвэл танд өөрийн төрсөн нутаг болох Өврийн сайхан хангай Бат-Өлзий сумын нутагт байрладаг Монголын хамгийн том хүрхрээ Улаан цутгалангийн талаар товч  мэдээлэл хүргэе.

Уг хүрхрээ нь сумын төвөөс баруун тийш 30 орчим километрийн зайтай байрладаг. Орхон голын баруун биед цутгадаг Улаан голд үүсдэг. 24 метрийн өндрөөс урсдаг, 10 орчим метр өргөнтэй хүрхрээ юм. Бас зуны улиралд  хур бороо их орвол, илүү сайхан урсаж гайхалтай харагддаг билээ.

Улаан цутгалангийн тухай домогт  өгүүлснээр  бол энд анх усгүй, зөвхөн хайрга л  байсан гэдэг. Дайны үед  монгол цэрэг гамингуудад хөөгдөж амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ. Монгол цэргүүдийн нэг нь “номтой” цэрэг явсан гэх ба тэрээр “Улааны гол  минь  улаанаар  урс” гэж  дуу алдан орилоход Улаан голын дагуу үер буун гамин цэргүүдийг  авч  одсон гэдэг. Тэр үеэс хойш” Улаан цутгалан” хэмээх нэртэй болсон бөгөөд  жил болгон 10 лан алтан эдлэл, 10 лан цалин мөнгөөр  тахидаг байжээ.

 Монгол улсад сүүлийн жилүүдэд аялал, жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд, Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад дотоодын жуулчдын очих дуртай байгалийн өвөрмөц тогтоцтой газруудын нэг яахын аргагүй мөн билээ. Энэхүү хүрхрээ нь ганцхан зуны улиралд төдийгүй өвөл ч үзэсгэлэнтэй харагддаг бөгөөд мэргэжлийн тамирчид өвөл ирж, спортоор хичээллэдэг юм.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд  Улаан цутгалангаас гадна маш олон байгалийн тогтоц сайтай,үзэсгэлэнт газрууд олон бий. Ийм сайхан хангайд төрж, өссөндөө их баярладаг...

Хэрэв та монгол орныхоо хаа нэгтэй аялахаар зорьсон бол байгаль эхтэйгээ зөв зохистой харьцахаа бүү мартуузай!

 

#Travel