Сурагчдын дунд 3.4 сая төгрөгийн шагналын сантай эсээ бичлэгийн уралдаан зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2019-05-08

Тагнуулын ерөнхий газраас “Эх оронч үзэл үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн /X-XII/ сурагчдын дунд зарлалаа.

Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч, байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хүүхэд залуусын дунд эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, үндэсний аюулгүй байдлыг хангах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилгоор энэхүү уралдааныг зарлаж, 2022 он хүртэл жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  

Эссэнд дараах шаардлагыг тавина. Үүнд:

I.Агуулгын шаардлага:

Сэдвийн нэр, агуулгад нийцсэн байх;
Бүтээлч хандлага, үндэслэлтэй тоо баримт, жишээнд тулгуурласан байх;
Өөрийн байр сууриа тодорхой, ойлгомжтой илэрхийлсэн байх;
Монгол хэлний дүрмийн болон утга найруулга, логикийн алдаагүй байх;
Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байх.

II.Хэлбэрийн шаардлага:

Хуудасны тоо 2-3 нүүр;
Цаасны хэмжээ: А4, цаасны дээд захаас 20 мм, доод захаас 20 мм, зүүн захаас 30 мм, баруун захаас 15мм;
Үсгийн фонт: Arial, хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5;
Эсээний нүүрэнд овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, сургууль, анги, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягаа тодорхой бичсэн байх.
Уралдаанд ирүүлсэн эссэг зохион байгуулах Комисс агуулгын болон хэлбэрийн шаардлага хангасан эсэхийг харгалзан тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэж, шалгаруулах бөгөөд зургадугаар сарын 10-ны өдөр дүнг зарлана. Шалгарсан бүтээлүүдийг Тагнуулын ерөнхий газрын албан ёсны цахим хуудас (www.gia.gov.mn)-аар олон нийтэд сурталчилна.

Шагнал урамшуулал

I байр: 1,000,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)
II байр: 700,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)
III байр: 500,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (1 сурагч)
Тусгай байр: Тус бүр 200,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (3 сурагч),
Шагналт байр: Тус бүр 100,000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл (6 сурагч)
Уралдаанд ирүүлэх эсээг тавдугаар сарын 31-ний өдрийн 17:30 цаг хүртэл essay@gia.gov.mn хаягаар хүлээж авна. Эссэг Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээж авах байранд биечлэн ирж, өгөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг ТЕГ-ын албан ёсны цахим хуудас болон (11)321802 дугаарын утсаар лавлах боломжтой.

#Competition