Б.Дөлгөөн (Magnolian): Амьдралыг үзэх үзлээрээ Одын дүр надаас тэс өөр


Энэ хавар маш олон гайхалтай кинонууд нээлтээ хийж үзэгчдийн мэлмийд хүрснийг уншигчид маань мэдэж байгаа байх. Үүний нэг нь “Од ба Гэгээ” хэмээх бусдаас онцгой уран бүтээл юм. Гол дүр буюу Одын дүрийг бүтээсэн, Magnolian нэрээрээ танигдсан Баясгалангийн Дөлгөөнтэй хийсэн багахан ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

Дөлгөөнийг анх харахад л үнэхээр мэдлэг боловсрол өндөртэй, бас их даруухан хүн гэдэг нь илхэн харагдаж байв. Намайг мэндлээд очиход уриалагхан босч ирээд гар барьж бидний ярилцлага эхэлсэн юм.

YOLOСайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе! Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу? Намайг Дөлгөөн гэдэг. Би Magnolian гэдэг нэрээр уран бүтээл гаргадаг дуучин, бас хөгжимчин байна.

YOLOТа Magnolian нэрийнхээ талаар манай уншигчдад ярьж өгөөч.

-Энэ нь миний уран бүтээл гаргадаг нэр. Би Indie folk, бас singer-songwriter урсгалаар дуулдаг. 2016 онд би анхныхаа богино хэмжээний “Famous Men” гэдэг цомгийг гаргаж байсан. Тэр цомог маань аз болж хүмүүст таалагдсан юм шиг байна лээ. (инээв) Одоо тэр цомогт гарсан дуунууддаа бүгдэд нь бичлэг хийгээд хүмүүст хүргэсэн.  Мөн өнгөрсөн жил хамтлагийнхаа хөгжимчин Хонгор гэдэг найзтайгаа хамтраад “Fat Cat Jazz Club”-ийг байгуулсан. Сая бас кинонд тоглоод тэр кино маань 3-р сард нээлтээ хийсэн. Одоогийн байдлаар 2 дахь цомог буюу анхны бүрэн хэмжээний цомог дээрээ ажиллаж байна. 

YOLOАнх дуучин гэдгээ хэрхэн мэдэж, дуучин болох гараагаа эхэлж байсан бэ?

-Би анх 2012 билүү 2013 онд гитар тоглож сурч байсан. Мэдээж гитар тоглож байгаа учраас янз бүрийн дуу тоглож сурна. 14 юм уу 15-тайгаасаа дуулж эхлээд, тухайн үед бас дуу зохиож эхэлсэн. Би өмнө нь өөрөө дуулаад өөрөө зохиосон ч хамтлагтай болоод хажуудаа хамт дуулдаг нэг хамтрагчтай болно гэж боддог байсан. Тэгээд 10 жилд байхдаа нэг хамтлагтай болж үзсэн. Тэгээд их сургуульд ороод бүгдээрээ тараад л явцгаасан. Олон жилийн дараа ч гэсэн тийм бодолтой хэвээрээ байсан ч дуулахын хэрээр би ганцаараа дуулсан нь илүү амар юм байна гэдгийг мэдэрсэн.

YOLOХамгийн анх хэдэн онд, хаанахын тайзан дээр гарч байсан бэ? Сандарч байв уу?

-Мэдээж маш их сандарч байсан. Хамгийн анх 2015 онд “Playtime”-ийн тайзан дээр гарч байлаа.

YOLO“Од ба Гэгээ” киноны гол дүрийг бүтээснээр уншигчид маань таныг илүү мэдэх болсон. Анх саналаа хүлээн аваад зохиолоо уншихад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-“Од ба Гэгээ” киноны найруулагчийг би өмнө нь ч таньдаг байсан. Манай Бат-Амгалан (Амгаа), түүний найз Иан хоёр өмнө нь богино хэмжээний хэд хэдэн кино, телевизийн нэвтрүүлэг, бичлэгүүд хийдэг байсан. Нэг удаа хийсэн богино хэмжээний кино нь Английн кино фестивальд шалгараад, шагнал нь сүүлийн үеийн камер ашиглах эрх байсан. Тэгээд тэр камераараа “Од ба Гэгээ” киног хийсэн. Хоёрдугаар сард байх, Амгаа над руу залгаад “Би хөгжимчдийн тухай кино хиймээр байна. Кинонд тоглож, бас хөгжмийг нь бичихгүй юм уу?” гэсэн. Надад анхандаа зүгээр хөгжмийг нь бичих сонирхол л байсан. Ингээд кинонд тоглоод явах надад сонин санагдаад байлаа. Угаасаа би мэргэжлийн жүжигчин биш.  Болох хүсэл ч байхгүй. Зохиолын тал дээр бол миний оролцоо ч бас байгаа, анх бол одоо байгаагаасаа үнэхээр өөр зохиолтой, бүр хөдөөнөөс ирсэн морин хуурч хүү гэж байж байгаад одоогийн зохиол руугаа орсон.

YOLOОдын дүр тантай хэр ойрхон бэ? Надад бол яг тохирсон дүрдээ тоглосон мэт санагдсан.

-Би бол тийм эмо биш ш дээ. (инээв) Одын дүр бол нэг төөрөлдсөн, яахаа мэдэхгүй хүн яваад л байдаг. Харин надтай байгаа байдлаараа их адилхан. Зураг авалтын үеэр надад байгаагаараа байгаарай гэж зөвлөж байсан. Харин амьдралыг үзэх үзлээр бол би тэс өөр хүн.

YOLOДахин киноны санал ирвэл та хүлээж авах уу?

-Одоогоор надад кинонд тоглох бодол байхгүй. Гэхдээ үнэхээр гоё санал байвал оролцохыг л хичээнэ дээ.

YOLOӨөрийгөө 3 үгээр илэрхийлээч.

-Тууштай, тэвчээртэй, тайван... (бодлогошров) За тэгээд цааш нь хэлж мэдэхгүй юм аа. Өөрийгөө магтаад ч байгаа юм шиг эвгүй санагдаад байна. (инээв)

Түүний 2019 онд гарсан шинэхэн уран бүтээл “Indigo”

YOLOТанай хамтлаг хэдэн гишүүнтэй вэ?

-Яг амьд тоглох болохоороо л хамтлагаа бүрдүүлдэг. Байнга солигдож байдаг ч байнга байдаг гишүүд маань бол Жамух гэдэг бөмбөрчин бий. Жамух маань бас The Colors хамтлагт бөмбөр тоглодог. Бас “Fat Cat Jazz Club”-ийг хамт байгуулсан. Хонгор маань нарийн бүрээ тоглоод нэг тоглолтон дээр төгөлдөр хуур тоглож байсан.  

YOLOДуунуудаа хэр хугацаанд зохиодог вэ?

-Дуу болгон янз бүр. Заримд нь жилээр маш урт хугацааг зарцуулсан байхад заримд нь хэдхэн өдөр, хэдхэн цаг л хангалттай байдаг. Жишээ нь сүүлд гараад удаагүй байгаа “Indigo” дуугаа нэг орой гитараа оролдож сууж байгаад л ороод ирэхээр нь маргаашаас нь үгийг нь бичээд удалгүй бэлэн болгосон.

YOLOТа юуг золиослон ийм амжилттай яваа гэж бодож байна вэ?

-Дуртай зүйлээ хийж байгаа болохоор тийм ч их харамсдаггүй. Мэдээж маш олон юм хийх боломжийг хааж байгаа ч нэг их харамсаад байдаггүй.

YOLOБидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

#Magnolian #Entertainment