"Billboard Music Awards 2019" маргааш өглөө болно


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-05-01

28 жилийн өмнөөс эхлэн зохион байгуулагдаж, өдгөө хөгжмийн хамгийн том шагнал гардуулах ёслолын нэгд зүй ёсоор багтдаг “Billboard Music Awards” тун удахгүй эхлэх гэж байна.

Гурван цагийн турш үргэлжлэх энэхүү ёслолын арга хэмжээ энэ жилийн хувьд өнөөдөр буюу тавдугаар сарын 1-нд Лас Вегас хотын “MGB Grand Garden Arena”-д зохион байгуулагдах бөгөөд ёслолыг дуучин Kelly Clarkson хоёр дахь жилдээ хөтлөх гэж байгаа билээ. NBC сувгаар, Монголын цагаар тавдугаар сарын 2-ны өглөөний 8 цагаас шууд дамжуулах болно

Kelly Clarkson: “Өнгөрсөн жил Billboard Music Awards-г хөтлөхөд үнэхээр хөгжилтэй байсан, энэ жил илүү ихийг үзнэ хэмээн итгэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцаад амжсан дуучин маань одоогоор NBC-гийн “The Voice” шоуны шүүгчээр ажиллаж буй. Мөн тэрээр энэ намраас эхлэн өөрийн “The Kelly Clarkson Show”-г эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Гуравхан өдрийн өмнө “Me” нэртэй хамтарсан дуугаа маш амжилттай цацсан Taylor Swift болон “Panic! At The Disco” рок хамтлагийн дуучин Urie Brendon нар “Billboard Music Awards 2019” ёслолын салхийг хагалан анх удаа шинэхэн дуугаа өргөх юм. Энэ нь “Billboard Music Awards”-ааc 23 удаа шагнал хүртээд амжсан залуу бүсгүй Taylor Swift-ийн хувьд энэ ёслол дээрх 2013 оноос хойшхи анхны үзүүлбэр болох нь ээ.

“I Like It” дуугаараа олныг байлдан дагуулаад байсан реппер хатагтай Cardi B энэ жил 21 удаа 18 төрөлд нэр дэвшсэнээр 22 удаа нэр дэвшиж байсан Drake болон “Chainsmokers” нарын ард бичигдэж байна.

Энэ удаагийн “Billboard Music Awards”-ын “Шилдэг хамтлаг” төрөлд Өмнөд Солонгосын эрэгтэй хамтлаг “BTS” нэр дэвшиж байгаа бөгөөд энэхүү төрөлд өрсөлдөж буй анхны Солонгос хамтлаг болсон нь азиудын хувьд бахархууштай хэрэг болоод байгаа билээ. BTS хамтлаг саяхан өөрсдийн шинэ цомог болох “Map Of The Soul: Persona”-гаар дэлхийн хэд хэдэн амжилтыг эвдсэн бөгөөд 1996 оноос хойш нэг жилээс бага хугацаанд Billboard200 чартад #1-т жагссан гурван цомогтой анхны уран бүтээлч болсон юм. Ийнхүү алдарт “The Beatles” хамтлагийн 23 жил эзэмшсэн рекордыг эвдэж өөрсдийн чадвараа дахин нэг удаа дэлхий дахинд батлан харуулжээ.

Үүгээр ч зогсохгүй “Top Social Artist” төрөлд гурав дахь жилдээ өрсөлдөж буй хоёр удаагийн ялагч болох “BTS” хамтлагаас гадна “EXO”, “GOT7” хамтлагууд нэр дэвшиж байгаа бөгөөд тэд Ariana Grande, Louis Tomlinson нартай өрсөлдөх аж. Олон жилийн турш тийм ч их даяаршиж чадаагүйгээрээ шүүмжлэлд өртөөд байсан энэхүү ёслолд азиудын оролцоо жил ирэх тусам ихэсч байгаа нь хөгжмийн урлагт хэлний ялгаа хэзээ ч бэрхшээл болох ёсгүйг харуулсаар байна.

Khalid, The Jonas Brothers, Mariah Carey, BTS, Halsey зэрэг олон гайхалтай хамтлаг дуучид ая дуугаа өргөх гэж буй энэхүү шагнал гардуулах ёслолоо хөгжимд хайртай та бүхэн алдалгүй хүлээн авч үзээрэй.

#Entertainment