КИНО ТЭМДЭГЛЭЛ: The End of the F***ing world (season 1)


М.Тэнгис | YOLO.MN
2019-05-01

Хэзээ ч уйтгартай сериал хийдэггүй учраас бид Netflix-д итгэдэг. Тэдний барьж авдаг сэдэв эгэл амьдралын гүн гүнзгий асуудлуудаас харь гараг, зэргэлдээ ертөнц дэх уран зөгнөлийн хооронд эрх чөлөөтэй тэнүүчилдэг юм. Сериал кинонуудаараа дэлхийд өрсөлдөгчгүй гэхэд болохуйц энэ продакшны “The End of the F***ing World” буюу “Хараал идсэн ертөнцийн төгсгөлд” гэх нэгэн бэсрэг цувралын тухай энэ удаад товчхон хүүрнэхээр шийдлээ. Учир нь өсвөр насны залуусын сэтгэлзүйн онцлог, тэдэнд нийгмээс тулган шаарддаг дүр хоорондын зөрчлийг чадмаг дүрсэлсэн учир агуулгын хувьд сонирхолтой, ач холбогдолтой. Мөн түүгээр ч барахгүй модерн ур хийц, сэтгэлд хоногшим зураглалуудаар баялаг учир эстетик талдаа ч гайхалтай мэдрэмж төрүүлнэ.

Киноны гол баатрууд бол 17 настай Жеймс, Алисса хоёр. Тэд хоёул бага насны хүндхэн дурсамжтай учир сэтгэлзүйн хувьд ганцаардмал, бусад хүүхдүүдтэй харьцуулахад ялгаатай хувь хүмүүс аж. Жеймсийг бага байхад ээж нь өөрийнх нь нүдэн дээр амиа егүүтгэснээс хойш хүү аавтайгаа хоёулханаа өсч торнижээ. Тэрбээр аливаа зүйл дээр бусдын адил сэтгэл нь хөдөлдөггүй, өөрийгөө ямар ч мэдрэмж байхгүй хэмээн бодох аж. Тийм ч учраас балчир байхдаа ямар нэг зүйл мэдэрч үзэхийн тулд буцламгай тос руу гараа дүрэн түлж байсан удаатай. Бас янз бүрийн амьтдын амь хөнөөдөг зуршилтай байсныг нь үзэгчид мэдээд багагүй жийрхэх вий.

Харин Алиссагийн аав ээж хоёр олон жилийн өмнө хоёр тийшээ болсон аж. Эмэгтэй хүүхдийн хувьд тэр далд зөнгөөрөө төрсөн аавдаа элэгтэй. Хойд аав нь түүнийг илтэд дарамталж нүд үзүүрлэхгүй ч үргэлж үгээрээ өдөж хатгана. Ээж нь энэ бүхнийг огтхон ч анзаардаггүй мэт аашлах бөгөөд охиныхоо ганцаардлыг ойлгох гэж хичээхээс илүү үл тоож, шинэ нөхөр, шинэ хүүхдүүддээ ихэнх цагаа зарцуулна. Тийм ч учраас Алисса эрх дураараа, хэнээс ч ичиж айдаггүй, цүл пал эршүүд нэгэн болжээ. Түүнд бүхнээс зугтаж, эрх чөлөөтэй амьдралд хүссэн бүхнээ үйлдэх хүсэл аяндаа төрнө.

Ингээд энэ хоёр дүр маань нэг цэг дээр огтлолцож, зохицож амьдарч чадахгүй байгаа нийгмээс, гэр бүлийнхээ амьдралаас оргон зугтахаар шийддэг. Жеймс аавыгаа нүүрэн дундуур нь цохиж унагаад машиныг нь хулгайлж, Алиссагийн хамт хаашаа нь үл мэдэх зүгийг чиглэн замд гарах ажээ.

Тэдний аялал саад тотгороор дутахгүй. Машин нь эвдэрч явгарна. Мөнгөгүй, идэх хоолгүй ядарна. Ингээд нэг эзгүй байшин олж хоног төөрүүлж байгаад асар том хэргийг мандуулж орхих аж. Гэрийн эзэн шөнө дунд байшиндаа эргэн ирж Алиссаг өөрийнх нь орон дээр унтаж байхыг мэдээд хүч хэрэглэх гэж оролддог юм. Тэр угаас эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг гаж донтой нэгэн байжээ. Энэ үед Жеймс Алиссаг хамгаалахын тулд болчимгүй үйлдэл хийж, мөнөөх эрийн амийг хөнөөж орхидог. Ингээд хүн амины хэрэгт сэжиглэгдэж, араасаа мөрдүүлэх өндөр эрсдэлтэй болсон мань хоёр улам түгшүүртэй байдалд орох авч, аяллаа цуцашгүй үргэлжлүүлнэ.

Алисса төрсөн аав дээрээ очихоор шийдэж, тэд хамтдаа яван явсаар түүний амьдардаг газарт ирдэг. Эхэндээ бүх зүйл сайхан байх болно. Гэвч яг үнэндээ амьдрал өмнө нь өөрийн нүдээр харж, ойлгож, мэдэрч байсан шиг биш юм байна гэдгийг Алисса ойлгодог. Тэр төрсөн ээжийгээ үзэн ядаж, эцгээ өөрийг нь гэх цор ганц хүн байх болно гэж энэ бүх хугацаанд санаж төсөөлж ирсэн аж. Гэтэл үнэн хэрэгтээ аав нь өөр олон эмэгтэйтэй амьдрал зохиож, өөрийнх нь мэдэхгүй олон хүүхдүүдийн хувьд эцэг болсныг охин олж мэднэ. Тэр ч бүү хэл өнгөрсөнд жил бүр аавынх нь нэр дээр өөр лүү нь илгээгддэг байсан халуун дотно үгтэй захидлуудын эзэн аав нь биш, ээж нь байсныг ойлгоно. Хэзээ ч өөрийг нь хайрладаггүй гэж боддог байсан ээж нь охиныхоо сэтгэлийн гүн дэх эмзэг асуудлыг мэдэрч, жил бүр аавынх нь нэр дээр захидал явуулдаг байж шүү дээ.

Зурагтаар Жеймс, Алисса хоёрыг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээ цацагдаж, барьж өгсөн хүнд өндөр шагнал амлаж байгааг мэдээд Алиссагийн эцэг ашиг хонжоо харж цагдаа руу утастчихдаг гээд бод доо. Хүний амь хөнөөсөн хэргээр багагүй хугацаанд эрэн сурвалжлагдсан Жеймс, Алисса хоёр ийнхүү баригдаад цувралын сүүлийн анги төгсөнө.

Энэ сериалаас бидний ойлгох зүйл гэвэл, бүх зүйл бидний харж байгаа шиг байдаггүй. Эмзэг сэтгэлзүйтэй өсвөр насныхан гэр бүл, ойр дотнын хүмүүсээ буруугаар ойлгож, ганцаардлын шалтгаанаа тэднээс эрж, аз жаргалтай амьдралаасаа оргон зугтахыг хүсэх нь олонтаа. Гэвч үнэн хэрэгтээ аливаа зүйл харах өнцгөөсөө шалтгаалж ондоо сэтгэгдлийг төрүүлдэг шүү дээ. Зугтаж гарсан гэр бүл нь угтаа тэдний төлөө өөрсдийн амиа өгөхөөс ч буцахгүй зүрх сэтгэлтэй хүмүүс болж таарч байгааг энэ цуврал харуулна.

Нөгөөтээгүүр бага насны хөндүүр дурсамж, өнчин өрөөсөн амьдралын нөлөө хүүхдэд яаж тусдагийг харж болно. Тэд хоёул бага насандаа асуудалтай өссөн, мөн дээрээс нь тэдний дотоод ертөнцийг уудлан ярилцах хүн байсангүй шүү дээ. Хэдийгээр аав ээж нь хүүхдүүддээ хайртай ч, ойлгож ярилцах, түшиг тулгуур нь байх гэсэн чухал үүргээ орхигдуулжээ. Өсвөр насны хүүхдүүд ганцаардлаас болж ямар том хэрэг мандуулж болохыг мөн харуулах гэж зорьсон биз.

Эцэст нь, энэ бол хайрын түүх. Эхэндээ Жеймс Алиссагийн амийг хөнөөх тухай бодож байсан гэвэл та итгэх үү? Гэтэл энэ бүх хугацаанд хамтдаа байсны эцэст мань хоёр өөр өөрсдийнхөө ганцаардлыг бие биеэрээ нөхөж чадсан юм. Хэзээ ч мэдэрч байгаагүй аз жаргалыг хамтдаа байхдаа мэдэрч, хэзээ ч бүтээж байгаагүй сайхан дурсамжаа цуг байхдаа бий болгож чадсан. Тийм ч учраас нийгэмд, өрөөл бусдад итгэх итгэлээ алдаад байсан Жеймс, Алисса хоёр дутуу орон зайгаа бие биеэрээ нөхөж, дурлацгаадаг.

Сэтгэлд хоногшмоор дүр зургууд... гэж оршил хэсэгт дурдсан маань учиртай. Үзэж суухад хамарт үнэртэм хөдөө тал нутгийн агаар, хажууханд сонсогдом салхи татуулан яваа машины моторын дуу. Нүдээ аньсан ч харагдсаар байх томдсон хүрэмтэй Алисса, түлэгдсэн гартай Жеймс. Маш гоо зүйн зохицолтой сценүүдээр хийгдсэн учраас урлагийн бүтээл гэсэн хүндтэй тодотголыг хүлээх учиртай. Мөн түүнчлэн дүрүүдийн онцлог, эрх чөлөөнд тэмүүлсэн эсэргүү зан чанар, мөртлөө сэтгэлийн гүн дэх ганцаардлыг нэвт шингээн илэрхийлсэн дуу хөгжмүүд яах ч аргагүй өндөр үнэлгээ авна.

Ганцаардал түр хугацааных шүү. Хэрвээ та ганцаардаж байвал Жеймс, Алисса хоёртой хамт хараал идсэн ертөнцийн төгсгөл хүртэл эрх чөлөөний төлөөх аялалд гарч болох юм. Харин мөнөөх ертөнцийн төгсгөлд “үнэн” хүлээж буй. Үнэн эргээд байсан газар тань аваачина. Ганцаардах хэрэггүй байсныг тань ойлгуулна.

#MovieReview