Дуучин Ука: Яг тайзан дээр гарахын өмнөхөн их эмэгтэйлэг, хөөрхөн байж байснаа...


Сайтынхаа үнэнч уншигчдад өглөөний, өдрийн, оройн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхнийхээ сайн мэдэх уянгалаг хоолой, загварлаг хувцаслалт, донжтой яриагаараа бусдын хайрыг татдаг, дуусашгүй эрч хүчтэй, цоглог дуучин Ука /Д.Уламбаяр/-тай хийсэн ярилцлагаа хүргэж байна. heart

Ярих бүртээ л инээд цацруулах түүний дотоод ертөнцөөр хамтдаа аялъя. Бэлэн үү? За ингээд хамтдаа уншицгаая. cool

Ташрамд дурдахад тун удахгүй бидэн хоёрын хөнгөхөөн сэдвээр хөөрөлдсөн видео хүрнэ шүү ххэ. wink Одоохондоо нууцлах ёстой ч тэсэлгүй задаллаа. devil

YOLOТанд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний саналыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Өсвөр насны хамгийн гоё, бас сургамжтай дурсамж тань?

-Yolo.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Өсвөр нас гээд бодохоор надад хамгийн түрүүнд 15 настай байхад манай гэр бүлийнхэн Чехословак улсын Зелин хотод 3 сарын хугацаатайгаар эгчийнхээ амьдарч байсан хотод зочилж байсан. Тэр үед би тухайн улсын соёлыг ажиглаж, “Хөөх манай Монгол улс ч бас ийм байвал гоё оо” гэж бодож билээ. Миний хувьд “анх удаа” гэх тодотголтой маш олон зүйлийг эгчтэйгээ хамт хийж үзсэн. Жишээ нь би 15 настай байхдаа эгчийнхээ хамт тухайн улсын цэнгээний газарт орж үзэж байлаа. Гайхаж магадгүй л юм. Гэхдээ тэр нь зөвхөн өсвөр насныханд зориулсан алкохолийн төрлийн ганц ч бүтээгдэхүүн байхгүй өдрийн 15 цагаас оройн 19 хүртэл л ажилладаг чөлөөт цаг аа өнгөрөөж болох газар байсан. Анх орж байхад их эвгүй байсан ч дасаад ирэхээр илүү нээлттэй, чөлөөтэй болсон доо. Тэр үеэс өөрийгөө нэг их том болчихсон юм шиг мэдрээд л /инээв/. Монголдоо бөөн хүсэл мөрөөдөлтэй хүүхэд л ирж байлаа даа.

YOLOӨсвөр насны хүүхдүүдэд энэ насандаа юу хийж амжаасай, эсвэл юу битгий хийгээсэй гэж боддог вэ?

-Хүн бүр өөр өөр орчинд өссөн, өөрийн гэсэн бодол санаа, ертөнцтэй байдаг. Тиймдээ ч өсвөр насандаа биеэ даах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх соёлд хурдан суралцаасай гэж хүсдэг. Харин хэн нэгнээс хамааралтай битгий байгаасай. Аливаа зүйлийг хэт яарч дүгнэлт хийхгүйгээр маш ухаалгаар бодолцож, найз нөхөд эцэг эхтэйгээ нээлттэй ярилцаж, харилцаа сайтай байгаасай. Тэгвэл нийгмээс хүссэн асуултдаа хариултаа авч чадна. Бид өөрсдөө эрэл хайгуул хийж, өөрийгөө олох ёстой. Өсвөр нас гэдэг хамгийн дурсамжтай, гэгээлэг нас шүү дээ.

YOLOДуучин болсноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарав?

-Багадаа зурагт үзээд сууж байхад зурагтаар гарч байгаа хүмүүс их л гоё харагддаг байж билээ. Тэгээд л “Би хэзээ эд нар шиг ийм гоё болох юм болоо?” гэж бодоод мөрөөдөн суудаг байлаа. Одоо харин зурагтаар өөрийгөө гоёор харж чадаж байгаа. Гэхдээ ингэхийн тулд маш их цаг хугацаа, хичээл зүтгэл гаргасан. 

Өөрийн хүссэнээ амжилттай биелүүлээд, түүнээсээ хүссэн орлого ашгаа олоод, мэргэжилдээ хамгийн сайн нь байж чадвал чи хүссэн цалингаа авч чадна. Хүссэн цалингаа авч чадвал хүссэн болгоноо хийж чадна.

YOLOТа өөртөө эрс өөрчлөлтүүдийг зоригтой хийж чаддаг юм шиг санагддаг. Тэр өөрчлөлтүүдийн дараа харамсаж байсан удаа бий юу?

-Үгүй. Өнөөдрийг хүртэл хийсэн бүхий л зүйл маань өнөөдрийн намайг бий болгосон. Би бүх зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Өглөө болгон сэрэхдээ харамсахгүйн тулд амьдардаг.

YOLOАмьдралдаа хийж байсан хамгийн галзуу, тэнэг гэмээр үйлдлүүд?

-Би тайзан дээр гарахаасаа өмнө өөртөө “За, Уламбаяр аа чи одоо тайзан дээр гараад далдаганахгүй шүү, тэнэгтэхгүй шүү, галзуурахгүй шүү” гэж байнга хэлдэг /инээв/. Яг тайзан дээр гарахын өмнө л аймар эмэгтэйлэг, хөөрхөн байж байснаа тайзан дээр гараад л өөрийгөө контролдож чадахгүй болоод л дандаа тэнэгтчихсэн байдаг шд. /инээв/. Гэхдээ тайзан дээр гарахаар л би шал өөр хүн болчихдог.

YOLOТайзан дээр шал өөр хүн болчихдог гэлээ. Тэгвэл бодит амьдрал дээрх Ука, тайзан  дээрх Ука хоёр ямар ялгаатай вэ? Ихэнх хүмүүс таныг тайзан дээрх Укагаар нь сайн мэднэ.

-Би амьдрал дээр маш уйтгартай хүн байж ч магадгүй. Би маш их юм боддог, олон зүйлийг эргэцүүлж, мөрөөддөг болохоор хааяа их дуугүй, чимээгүй болчихдог. Заримдаа бүх юмаа залгиж хэнд ч өөрийгөө нээмээргүй санагддаг. Тэгэхээр зарим хүмүүс намайг их өөрчлөгдсөн, оддын өвчин туссан гэж  шүүмжилдэг. Нэг найз маань намайг тэгж нэг шүүмжилж билээ. Заримдаа намайг ярихгүй л бол, галзуу л байхгүй бол энэ Ука биш гэж боддог.

YOLOТаныг хараад байхад үнэхээр загварлаг сайхан эмэгтэй. Манай өсвөр насныханд загварын мэдрэмжтэй хувцаслахад зөвлөгөө өгвөл?

-Өөрийн гэсэн имижийг бүрдүүл. Өөрт чинь юу зохьдог, ямар хувцас өмсвөл илүү туранхай гоё харагддаг гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь: чи хэрвээ хөрслөг бор арьстай бол хар өнгийн хувцас өмсвөл чиний арьсны өнгийг дарна. Тэгэхээр өөрийгөө өнгөлөг харагдуулахын тулд, арьсны өнгөө тодотгохын тулд илүү өнгөлөг төрлийн хувцас сонгох хэрэгтэй.

Миний хувьд хувцаслалт бол амьдралын минь салшгүй нэг хэсэг. Би жил бүр нэг өнгө тодорхойлчихдог. Жишээ нь энэ жил би шар өнгөнд их дурлаж байгаа. Шар өнгийн аяга, шар өнгийн хувцаснууд гэх мэтээр. Өнгө өнгөөр нь хувцаснуудаа цуглуулчих юм бол дараа нь тэд нарыг хооронд нь холиод, донжийг нь тааруулаад өмсвөл гоё. Бас тухайн цаг үед ямар стиль зонхилж байгааг судлаад л...

YOLOТа өөрийн биеийн хэсгээс хамгийн их таалдаг зүйл?

-Би өөрийнхөө нүд, хөмсгөнд их дуртай.

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бусдыг хайрлаж энэрэхэд оршдог. Ямар ч хүн сайхан сэтгэлтэй, бусдыг хайрладаг байхад л хамгийн үнэ цэнэтэй.

Д.Уламбаяр

YOLOТа дуучин болоогүй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?

-Хэрвээ би дуучин болоогүй байсан бол биеийн тамирын багш, ер нь спортын талын л хүн болох байсан байх.

YOLOЭмэгтэй хүний хувьд, ээж хүний хувьд эмэгтэй хүний гоо үзэсгэлэн юунд оршдог гэж боддог вэ?

-Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бусдыг хайрлаж энэрэхэд оршдог. Ямар ч хүн сайхан сэтгэлтэй, бусдыг хайрладаг байхад л хамгийн үнэ цэнэтэй. Хэчнээн царайлаг, гоё машинтай, ямар ч ганган хүн байсан  хажууд нь унаж байгаа хүнд туслахгүй, ямарваа нэгэн зүйлд сэтгэл гаргахгүй бол энэ нь хорвоо дэлхий дээр юунд ч анзаарагдахгүй. Хорвоо дэлхий дээр хүн яаж танигдах вэ гэвэл миний хувьд бусдад тэр хайр, энэрлийг мэдрүүлж чадвал тэр хүний зүрх сэтгэлээс хэзээ ч мартагддаггүй.

YOLOГэртээ байнга хийдэг хоол? Ер нь хэр тогооч вэ?

-Өө би сайхан цуйван хийх дуртай даа. Банштай цай, сүүтэй будаа, тэгээд л цагаан сараар буузаа, наадмаар хуушуураа хийчихнэ шүү. Ер нь хийвэл бүх төрлийн хоолыг л хийнэ дээ.

YOLOАмьдралаас кайф авдаг зүйл?

Хийх ёстой бүх ажлаа сайхан хийчхээд л орой орондоо ороод амрах мэдрэмж хамгийн гоё байдаг даа.

YOLOТаны цаашдын зорилго?

Энэ амьдралдаа энэ ертөнц дээр амьдарсан хамгийн зөв зүйтэй сайн сайхан амьдарсан хүний нэг нь байх юмсан гэж маш их мөрөөдөж, хичээж явдаг.

YOLOТаны хэлэх дуртай үг?

Хаа байгаа газартаа өөрт байгаа зүйлээрээ чадах бүхнээ хийх.

YOLOЯмар гоё үг вэ. Цаг заваа гарган ярилцсан танд маш их баярлалаа.

#UKA #Ука