Ж.Ирмүүн: Гадаад хүмүүс Монголд ирэхийг хүсдэг байгаасай


Энэ удаа ярилцлагын буландаа дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийсэн “Би Нар” гэр бүлийн уран сайхны киноны 3-р хэсгийн гол дүрийн жүжигчин Ж.Ирмүүнтэй ярилцлаа.

YOLOСайн уу?  Өөрийгөө танилцуулаач.

-Намайг Жавхлангийн Ирмүүн гэдэг. 14 настай.  Баянгол дүүргийн Эхлэл бүрэн дунд сургуулийн 8-р ангид сурдаг.

YOLOЖ.Сэнгэдорж найруулагчийн “Би Нар” киноны гол дүрд тоглосон. Энэ киноныхоо талаар ярина уу.

-Манай кино хүүхэд, гэр бүл, залуучуудын тусламжтайгаар бүтээгдсэн гэр бүлийн кино. Киноны тухайд гэр бүлийн гишүүдэд маш их зүйлийг ойлгуулахыг зорьж хийгдсэн. Орчин үед цахим ертөнц бий болж амьд харилцаа үгүй болсоор байгаа. Үүнийг шүүмж хэлбэрээр харуулсан бүтээл юм.

YOLOЭнэ чиний анхны уран бүтээл үү? Өмнө нь ямар нэгэн дүр дээр ажиллаж байв уу?

-Бүрэн хэмжээний дэлгэцийн уран бүтээлийн гол дүрийн хувьд анхных. Өмнө нь Улсын драмын эрдмийн театрын “Би эндээс явахгүй” жүжгийн Батаа гэдэг хүүгийн дүрийг бүтээж байсан.

YOLOКинонд тоглоход хүндрэлтэй үе байсан уу?

-Байсан шүү. Миний зураг авалтын хэсгүүд маш хүйтэнд авагдсан. Бас анх удаа кинонд тоглосон болохоор мэдэхгүй зүйл их байсан ч миний хамтрагч Ц.Мичидмаа үргэлж зааж зөвлөж байсан.

YOLOОролцон тоглосон бусад гол дүрийн жүжигчдээ танилцуулбал?

-Манай кино нийт 3 хэсгээс бүрдсэн. 1-р хэсгийн гол дүрд Cocktail Films-ийн А.Өнөржаргал /Өөскө/ ахын хүү Ө.Итгэлт, 2-р хэсэгт Л.Шинэзул, 3-р хэсэгт Ж.Ирмүүн миний бие нар тоглосон /инээв/.

YOLOЦаашдаа кинонд тоглох уу?

-Боломж олдвол тоглоноо. Би жүжигчин болно. Тиймээс энэ кино надад маш олон үүд хаалгыг нээж өгсөн.

YOLOЯагаад урлагийг сонгох болсон бэ?

-Манай элэнц өвөө жүжигчин Л.Лувсан гэдэг хүн байсан. Би энэ мэргэжлийг өвлөж байгаадаа баяртай байгаа. Бас урлаг их сонирхолтой шүү. /инээв/

YOLOЧөлөөт цагаараа юу хийдэг вэ?

- Найзуудтайгаа байж хөгжилддөг, бас жүжиглэх урлагийн тухай номууд уншдаг.

YOLOМөрөөдлөөсөө хуваалцаач?

-Монголд гэлтгүй дэлхийд үнэлэгдсэн чадвартай жүжигчин болоод, сурч мэдсэнээ хүүхдүүдэд зааж багшлахыг хүсдэг.

YOLOХүндэлдэг хүн чинь хэн бэ?

-МУГЖ Ж.Оюундарь эгчийг хүндэлдэг. Бүх дүрийг бодитоор амилуулж хүнд хүргэж чаддаг мундаг хүн шүү.

YOLOБирд гурван хүслийг чинь биелүүлж өгье гэвэл юу гэж хүсэх вэ?

-Монголын бүх хүнийг боловсон, соёлтой, боловсролтой болгохыг, хүн бүхэн ижил тэгш эд баялагтай болохыг, Монгол улсыг дэлхий мэддэг, гадаад хүмүүс Монголд ирэхийг хүсдэг байгаасай гэж хүснэ.

YOLOХамгийн их талархдаг хүндээ хандаж үг хэлээч?

-Мэдээж ээж аав болон эргэн тойрныхоо хүмүүст баярлалаа. Харин хамгийн ихээр эмээдээ талархдаг. Эмээ минь намайг анх урлаг руу хөл тавиулж Хүүхдийн ордны Драмын дугуйланг зааж өгсөн. Тиймээс миний гаргасан амжилт бүхэн таных шүү, эмээ. Баярлалаа.

YOLOЯрилцсанд баярлалаа амжилт хүсье!

-Баярлалаа

#Би_Нар