Сурвалжилга: Хог хаягдлаа багасгахыг уриалсан “Өнгө нэм” өдөрлөг боллоо


О.Дорж | YOLO.MN
2019-04-17

Энэ сарын 11-нд “Өнгө нэм” өдөрлөг амжилттай болж, хог хаягдалтай холбоотой нэгдсэн ойлголтыг хүмүүст хүргэлээ.

Монгол улсын хэмжээнд жилд 2,3 сая тонн хог хаягдал үүсч байна гэх статистик тоо мэдээлэл бий. Нийт хог хаягдлын 1,4 сая тн нь Улаанбаатар хотоос гардаг. Уг нь бол хаягдаж байгаа хог хаягдлын 70-80 хувийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Гэвч бид дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ялгаж ангилж чадалгүй байгальд шингээж, ирээдүй хойчдоо хөрс, агаар, орчны бохирдолтой эрүүл бус орчинг үлдээж байгаа нь туйлын үнэн.

Энэ удаагийн арга хэмжээ хог хаягдлын менежментийн хүрээнд хог хаягдлаа багасгах, ангилах, дахин боловсруулах бүх төрлийн мэдээлэл авах, албан байгууллага аж ахуй нэгжийг хог хаягдлаа ангилан ялгах үйл ажиллагаанд уриалсан юм. Мөн хувь хүн, байгууллагын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлж байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулaхад чиглэсэн мэдээллүүдийг хүргэсэн цогц арга хэмжээ болж чадсанаараа “Өнгө нэм” өдөрлөг тун онцлог байлаа.

"Өнгө нэм" өдөрлөгийн үзэсгэлэнгээс...

1.  Зориг сангийн тэтгэлэгт оюутнуудаас бүрдсэн “Анонс” төсөл

Уг төсөл нь арга хэмжээнүүдээс үлдсэн хэрэггүй анонс, зарлалын самбарын хулдаасыг ашиглан цүнх, тор зэрэг зүйлийг хийсэн байна. Анонсны хулдаас нь гялгар уутнаас илүү удаан хугацаанд шингэдэг гэдгийг тэд онцолж байлаа.

2. “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн сурагчид өөрсдийн технологийн хичээл дээр хийсэн бүтээлүүдээ бидэнтэй хуваалцлаа.

3. Plastic center – гялгар уут дахин боловсруулах үйлдвэр

Бид Улаанбаатар хотод гялгар уут дахин боловсруулах үйлдвэр байдаггүй гэсэн буруу ойлголттой явдаг. Харин уг дахин боловсруулах үйлдвэр 2016 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм байна.

4. Undrakh design art – Цаасны хаягдлаар сагс болон бүх төрийн сав сүлжих үйл ажиллагааг явуулдаг ба түүний урланд ажлын шинэ байр олон байгаа талаар бидэнд сэтгэгдлээ хуваалцсан юм.

5.  Bioterry хаягдал зай хураагуур цуглуулах төсөл - Монгол улсад жилд 30 сая зай хураагуур хаягдал болдог. Энэ нь нийт 1800тн болдог. Уг төсөл нь зай хураагуур цуглуулах сав байршуулж, түүний талаар хүмүүст ойлголт өгч, зориулалтын бус газар хаягдахаас сэргийлэх зорилготой ажээ.

Хог хаягдыг багасгахад хувь хүн ямар хувь нэмэр оруулж болох талаар бид тун удахгүй хүргэх болно.

#Zero_Waste