Хүчирхэг, хөгжилтэй SHAZAM


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-04-14

Хүн бүрийн хүүхэд насны мөрөөдөлд хэн нэгэн супер баатар байдаг. Тэгвэл энэхүү кино нь мөрөөдөл тань биелсэн мэт мэдрэмжийг төрүүлэхээр болжээ. Гэр бүлийн үнэ цэнэ хаана, юун дээр тогтдог вэ, жинхэнэ гэр бүл гэж ямар хүмүүсийг хэлэх вэ, бид хэнд итгэх ёстой вэ гэх мэт асуултад хариулагдах хамгийн бодит хариултыг та энэ киноноос мэдрэх болно. Мөн надад хамгийн их таалагдсан зүйл нь SHAZAM бол гэр бүлийн баатар гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Бараг миний үзэж байсан хамгийн хөгжилтэй супер баатрын кино байх. Мэдээж хамгийн инээдтэй, залуучуудад таалагдсан нь Deadpool байх л даа... гэхдээ +16 буюу хүчирхийлэл зодоон цохионы хэтрүүлэгтэй ангилалд багтдаг тул гэр бүлээрээ үзэхэд тийм ч тохиромжтой кино биш юм. Харин SHAZAM бол тийм биш, хүүхдүүдтэйгээ,  гэр бүлээрээ, дүүтэйгээ үзэхэд хамгийн төгс сонголт байх болно. Ингээд киноны товч мэдээллийг хүргэж байна...

SHAZAM

Warner Bros, DC Entertainment нарын хамтын бүтээл SHAZAM нь энэ сарын 7-нд нээлтээ хийн 7 хүрэхгүй хоногийн дотор 159 сая ам.долларын ашиг олон “Вox office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ. “Tangled”, “Thor: Dark World” зэрэг кинонд тоглосон Холивудийн залуу жүжигчин Zachary Levi гол дүр буюу SHAZAM-ийн дүрийг бүтээжээ. IMDB сайтын кино шүүмжлэгчдээс уг кино 7.7 гэсэн үнэлгээг авч “Aquaman” болон “Captain Marvel”-ийг ардаа орхилоо.

Ингээд сурагчдын амралтаар хүүхдүүд, дүү нартайгаа хамт нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлэн, кино театраар зочлон, тэдэнд урам зориг өгөх шинэхэн найз SHAZAM-тай нь танилцуулаарай. Аан тийн нээрээ кино дууссаны дараа кино багынхны танилцуулга явсны дараа гардаг credit хэсгийг үзэхээ мартваа. Та бүхний өмнө DC comic-ийн хүчирхэг, хөгжилтэй баатар... SHAZAM…!!!

Кино бүтсэн түүх

#MovieReview