Түүхийн олимпиадад энэ жил өмнөх жилийнхээс хоёр дахин олон сурагч оролцжээ


О.Дорж | YOLO.MN
2019-04-09

Нийслэлийн 2018-2019 оны хичээлийн жилийн Монголын түүхийн олимпиад өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд болж, дөрөвдүгээр сарын 3-нд шагнал гардуулах ёслол боллоо. Энэ жилийн тухайд өнгөрсөн жилүүдийнхээс ялгарах онцлог нь 9-12-р анги тус бүрээр ялган зохион байгуулагдаж нийтдээ 346 сурагч, 52 багш оролцсон байна. Үүнээс 12-р ангийнхан болон багш нар цааш өрсөлдөх эрхээ авч, улсын хэмжээнд өөрийн мэдлэг оюунаа сорьдог уламжлалтай.

Ташрамд дурдахад Монголын түүхийн улсын олимпиад Дорнод аймгийн Халх гол суманд Халх голын дайнд ялсны 80 жилийн ойг тохиолдуулан тавдугаар сарын 2, 3-нд зохион байгуулагдах юм байна.

21-р сургууль Д.Баатархүү, 12-р анги, 1-р байр

Д.Баатархүү: Баримтат кинонд хамгийн их дуртай

YOLOДараагийн шат болох улсын олимпиадад хэрхэн бэлдэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Гүнзгий түвшний түүхийн ном авч тэмдэглэгээ хийж л бэлдэнэ дээ. Ер нь өмнөх дүүрэг, нийслэлийн олимпиадад ч иймэрхүү зарчмаар л бэлтгэсэн.

YOLOАмжилт гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйл юу байв?

-Хичээл зүтгэл өссөн орчин, багш нарын заах арга барил, төрөлхийн авьяас чадвараасаа л шалтгаалсан гэж бодож байна. Би ер нь ухаан орсон цагаасаа л баримтат кино бүтээлд дуртай байсан. Одоо ч гэсэн хамгийн дуртай киноны төрөл жанр маань баримтат кино. Үүнээсээ үүдээд түүхэн баримтад ч дуртай байсан маань амжилт гаргахад нөлөөлсөн байх.

Багийн оноогоор Нийслэлийн 1-р сургууль тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо

Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Б.Оюунбилигээс энэ жилийн түүхийн олимпиадын онцлогийн талаар тодрууллаа

YOLOЭнэ жилийн хувьд сурагчдын чанар чансаа хэр байсан бэ?

-Энэ жил оролцогчдын тоо өмнөх жилээс хоёр дахин өссөн. Хүүхдүүдийн эх түүхээ мэдэх, дэлхийн түүхийг сонирхох зэрэг түүхийг сонирхон судлах хүүхдийн тоо өмнөх жилүүдээс харьцангуй олон болж байгаа нь өгөөжтэй, авууштай болж байна. Олимпиадын явцаас хархад хүүхдүүд маань их уншдаг, судалдаг, хөдөлмөрч бүтээлч болсон нь эндээс харагдаж байна. Дүн гаргахад явцад их олон хүүхдүүд оноо тэнцсэн байдалтай гарч ирж байгаа нь хүүхдүүдийн түүхийн мэдлэг, энэ хичээлийн чанар чансаа дээшилж байна гэж үзэж байна .

#Competition