Ц.Хулан: Би 10 настайгаасаа англи хэл зааж эхэлсэн


И.Эгшгэлжин | YOLO.MN
2019-04-01

Түүнийг хүүхэд ахуйд нь танихгүй хүн нэг ч байгаагүй гэхэд хилсдэхгүй. Учир нь МҮОНТ-ээр тухайн үед гардаг байсан Ц.Хулангийн багшилдаг англи хэлний хичээлийг хүүхэд хөгшидгүй үздэг байв. 

Аравхан наснаасаа буюу 20 гаруй жилийн өмнө англи хэлний багш болж байсан тэрээр одоо Монголын хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг болжээ. “Кингс Кидс” сургуулийн захирал, “англи хэлний” Ц.Хулангийн ертөнцөөр хамтдаа аялцгаая.

YOLOТанд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Чамд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Цэнддоогийн Хулан гэдэг, би “Кингс Кидс” сургуулийн захирал, англи хэлний багш мэргэжилтэй.

YOLOХүн бүр таныг багаасаа МҮОНРТ-ээр англи хэл заадаг байснаар нь мэднэ. Анх хэдэн онд, хэдэн настайдаа хичээл зааж байсан бэ?

-Анх Янжмаа найруулагч маань хүүхдэд хүүхдээр нь хичээл заалгавал сурахад илүү үр дүнтэй, бас ичиж зовох зүйлгүй гээд, 4-р ангийн надаар 1-р ангийн хүүхдүүдэд хичээл заалгаж эхэлсэн.

YOLOТа аль сургууль төгссөн бэ?

-Би АНУ-ын Монтана мужийн Mаялс хотын “Custer County District High School”-ийг төгсөж, дараа нь БНХАУ-ын Шанхай хотын “Tongji” их сургуулийг төгссөн.

YOLOКингс Кидс сургуулийн талаар бидэнд танилцуулаач?

-Манай Англи хэлний Кингс Кидс сургууль 20 дахь жилийнхээ элсэлтийг авах гэж байна. Английн Олон Улсын Бага Ангийн Хөтөлбөр (International Primary Curriculum) болон Олон Улсын Дунд Ангийн Хөтөлбөрийг (International Middle Years Curriculum) хэрэгжүүлдэг.

YOLOТа Англи хэлийг хэрхэн ийм сайн сурсан юм бэ?

-Би бусдын л адил 1-р ангиасаа англи хэл сурсан. Харин нэг давуу тал нь би зун ээжтэйгээ цуг “Шонхор” зусланд Америк багш нартай өдрийг өнгөрөөдөг байсан. Хүүхдүүдэд багш нарын ярьсныг, багш нарт хүүхдүүдийн ярьсныг, мөн хааяа хичээлийг нь заалцдаг байсан болохоор илүү хурдан сурсан байх.

Надад бага нас байгаагүй юм байна гэдэгт харамсдаг. Гэхдээ үеийнхнээсээ түрүүлж юунд дуртай, юу хийх ёстойгоо мэдэрсэндээ баярладаг.

YOLOТөгс англи хэлтэй байх гол түлхүүр юу вэ?

-Тууштай байх. Хүн гүүр давах гэж байгаад талаас нь буцаад явчихвал хэзээ ч гүүр давж чадахгүй шүү дээ. Түүнтэй л адил.

YOLOХүн бүр л англи хэлийг бүрэн эзэмшихэд үгийн баялаг маш чухал. Тийм болохоор үг цээжил гээд л байдаг. Ер нь яавал хүн үгийг арай илүү өөртөө сонирхолтойгоор цээжлэх вэ?

-Үг биш өгүүлбэрээр нь цээжилсэн нь хамаагүй дээр. Жишээ нь book (ном) гэдэг үгнээс илүү read a book (ном унших) гээд холбоосоор нь цээжилбэл илүү дээр. Үг үгээр нь толь бичиг шиг цээжилбэл хэрэгцээ багатай байдаг болохоор тухайн хүний урам хугарах тал байдаг.

YOLOБагш болох сонирхолтой уншигчид зөндөө байгаа байх, та багшийн хувьд тэдэнд юу гэж зөвлөх вэ?

-Хамгийн гол нь хүүхдэд хайртай бай. Багш хүн, ялангуяа бага ангийн багш хүүхдүүдэд маш их хайртай байдаг. Миний хувьд тэр олон гэр бүлийн, тэр олон хүүхдүүд надаас эрдэм мэдлэг олж авах гээд сургуулиа зориод ирж байна гэж бодохоор маш их хайр хүрдэг. Хайр нь дотроо хал нь гаднаа гэх үү дээ. (инээв)

YOLO10 жилийн дараа хүрэх таны зорилго?

-Би өөрийнхөө амьдралыг 1, 5, 10 жилээр нь төсөөлдөг. Энэ нь ч надад илүү амар байдаг юм. 10 жилийн дараа би 42 настай байна. 45 хүрэхээсээ өмнө өөрийн удирдаж буй Кингс Кидс сургуулиа гаднын сургуулиуд шиг комплекс барилгатай, тогтворжсон сургууль болгоно гэж бодож байна.

YOLOТа саад бэрхшээлийг хэрхэн үүнийг даван туулдаг вэ?

-Бэрхшээл гэхээс илүүтэйгээр надад бага нас байгаагүй юм байна гэдэгт харамсдаг. Би нэвтрүүлэг хөтөлдөг байхдаа долоо хоногийн 3 өдөр хичээлээ бэлдэж, Бямба гаригт 4-5 дугаар нэг дор бичих хооронд хэцүү үе зөндөө байсан. Маргааш нь эвлүүлгэн дээрээ бас хамт сууж “Одоо үүнийг зас, тэрийг нэм” гээд зааварчилна, учир нь тухайн үед англи хэлтэй хүн бас ховор байлаа. Гэхдээ үеийнхнээсээ түрүүлж юунд дуртай, юу хийх ёстойгоо мэдэрсэндээ баярладаг.

YOLOБагын хамгийн сайхан дурсамж?

-Дээр үед манай зурагт хар цагаан байлаа. Тэгээд хамгийн анхны өнгөт зурагт Монголд орж ирэхэд аав ээж хоёр маань гэртээ өнгөт зурагт авчраад нэлээн орой хүртэл зурагт үзлээ. Би тараг уугаад зурагт үзэж байсан юм. Тэгээд би “Амьдрал гэдэг ямар гоё юм бэ? Ингээд л өнгөт зурагтаар кино үзээд, тараг уугаад суух ч сайхан юм аа” гэж бодож байлаа. (инээв)

Түүний багадаа англи хичээл зааж байх үеийн гэрэл зураг.

YOLOХамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг зүйлс?

-Гэр бүлтэйгээ эрүүл саруул байх. Мөн хүүхэд минь аз жаргалыг мэдрүүлдэг.

YOLOХэрвээ та хэн нэгнийг гадаад улс орон руу аялахаар зөвлөвөл хаашаа аял гэж зөвлөх вэ?

-Мэдээж хүн бүрийн сонирхол өөр, бас зорилгоосоо хамаарна. Гэхдээ гадаад гэхээсээ өмнө Монгол улсаараа нэг аялаад үзсэн нь дээр гэж зөвлөнө.

YOLOТа багш хүний хувьд ахлах ангийнханд мэргэжил сонгоход ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Мэргэжил сонгоно гэдэг бол амьдрал шийдэх хамгийн том шийдвэрүүдийн нэг. Тийм болохоор маш сайн бодох хэрэгтэй. Зүгээр л би энэ хичээлд сайн юм чинь энэ мэргэжлийг л сонгочихъё доо ч юм уу, эсвэл за би ЭЕШ дээрээ ийм оноо авсан юм чинь энэ сургуульд л орчихъё доо гэж яасан ч болохгүй. Хамгийн гол нь юу хийвэл аз жаргалтай болгох вэ гэдгээ сайн бод л гэж 12-р ангийнханд хэлдэг дээ.

YOLOЯрилцсанд маш их баярлалаа, цааш цаашдын ажилд тань өндрөөс өндөр амжилт хүсч, аз жаргал хүсье.

-Баярлалаа чамд ч бас амжилт хүсье.

#English