Жастин Бибер ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ХИЙХГҮЙ байгаа шалтгаан


Дуучин Жастин Биберийн шинэ уран бүтээлийг олон сая сонсогч, шүтэн бишрэгчид нь хүлээсээр байна. Харин тэрбээр сүүлийн үед хөгжимд биш, өөрийн сэтгэц болон гэр бүлийн асуудалд илүүтэй анхаарал хандуулж байгаа ажээ.

Залуу дуучин инстаграм хуудсаараа дамжуулан өгсөн урт гэгч тайлбартаа, олон хүмүүс түүний шинэ цомгийн ажлын явцын талаар асууж байгаа тухай дурдсан байна.

Тэрээр “Бүх л өсвөр насаа тоглолт хийж өнгөрүүлсэн гэдгээ 20 нас гараад л ойлголоо. Сүүлийн тоглолт дээр намайг аз жаргалгүй харагдаж байгааг та нар анзаарсан байх. Би ч, та нар ч хүссэн зүйлээ авч чадаагүй. Та бүхэн их мөнгө төлж, хариуд нь эрч хүчтэй, хөгжилтэй тоглолт үзэхийг хүссэн байхад тоглолтын сүүл хэсэгт би тэр бүхнийг өгөх сэтгэлзүйн чадамжгүй болсон байсан” гэж бичжээ.

Жастин Бибер хамгийн сүүлд “Purpose” хэмээх цомгоо 2015 онд гаргасан бөгөөд хоёр жилийн дараа хийж эхэлсэн аялан тоглолтоо “урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлын улмаас” гэх шалтгаанаар цуцалж байсан удаатай. Тухайн үедээ тоглолт цуцлах болсон асуудлыг мөн өөрийн инстаграм хуудсанд бичвэр оруулан тайлбарлаж байв.

“Би өөрийнхөө карьерийг бат бөх байгаасай гэж хүсдэг, гэхдээ оюун ухаан, зүрх сэтгэлээ бүр ч илүү бат бөх байлгах хэрэгтэй байна. Тэгж байж би болохыг хүсч байгаа шигээ эр хүн болж чадна. Эцсийн дүнд сайн нөхөр, сайн аав болно” гэж тэрбээр хэлсэн байна.

Бибер загвар өмсөгч Хэйли Белдвинтэй гэрлэсэн цагаас хойш, өөрийнх нь нэрлэж буйгаар “нухацтай асуудлууд”-тай хэрхэн тэмцэж байгаа тухайгаа инстаграм хуудсандаа ойр ойрхон илэрхийлэх болсон.

“Би алдаж эндсээр, гарц шийдлийг хайж эрсээр өдий хүрсэн. Бид бүгдээрээ л тэгдэг. Бидний ихэнхэд нь тохиолддог нухацтай асуудлуудын ард гарахын тулд маш их анхаарч, хичээж байна. Гэхдээ би бууж өгөхгүй ээ, тэгж байж гэрлэлтээ тогтвортой хадгалж, цаашид сайн аав болж чадна” гэжээ.

Ийм учраас түүний нэрлээд байгаа “нухацтай асуудлууд”-ын дотор эрүүл мэнд, сэтгэлзүйн шалтгаанууд багтах бөгөөд, мэдээж хэрэг гэрлэлтийн асуудал жин дарж байгаа тухай хэвлэлүүд онцолж байна.

Эх сурвалж: CNN.com

#Justin_Bieber