СУРВАЛЖИЛГА: Отгонтэнгэр их сургуулийн оюутны холбооны тэргүүний сонгууль


Б.Мишээл | YOLO.MN
2019-03-27

Отгонтэнгэр их сургуулийн оюутны холбооны тэргүүний ээлжит сонгууль энэ сарын 22-нд тус сургуулийн хурлын танхимд боллоо.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудад жишиг болохуйц бүх нийтийн буюу тус сургуулийн удирдлага, багш, ажилчид, оюутнуудын дунд явагдсан нь энэхүү сонгуулийн онцлог юм.

Зүүн гар талаас нэр дэвшигч М.Энхжин, тэргүүн асан Н.Булгантамир, нэр дэвшигч Б.Солонго.

Тус сонгуульд Отгонтэнгэр их сургуулиас хоёр оюутан нэр дэвшсэн юм. Агаарын тээврийн үйлчилгээний  2А ангийн оюутан Б.Солонго, Эрх зүйн ангийн оюутан М.Энхжин нар энэ удаагийн сонгуульд оюутны холбооны тэргүүнд өрсөлдлөө. Нэр дэвшигчид мөрий хөтөлбөр, халз мэтгэлцээн зэрэг 4 үе шаттайгаар өрсөлдсөн юм.

Өглөөний 10 цагт эхэлсэн энэхүү арга хэмжээ нь их дээд сургуулийн оюутны холбооны хувьд Монголд анх удаа сонгуулийн системийн жишгээр явагдаж, нийт 16 хяналтын багийн гишүүн, хэвлэл мэдээллийн 12 ажилтан зэрэг хүмүүсийн хараа хяналтын дор маш шударга зохион байгуулагдсан юм.

Оюутны холбооны тэргүүн гэдэг нь сургуулийн нийт удирдлага, ажилчид, оюутнуудын харилцах гүүр, мөн ОТИС-д суралцаж байгаа 2000 гаруй оюутнуудын эрх ашгийг хамгаалж буй явдал хэмээн үзсэний үндсэн дээр ийнхүү өндөр хэмжээнд зохион байгуулсан хэмээн тус сургуулийн төлөөлөл ярьж байлаа.

Сонгуульд өрсөлдсөн хоёр нэр дэвшигчээс 65 хувийн саналаар Агаарын тээврийн үйлчилгээний 2А ангийн оюутан Б. Солонго ялсныг тухайн өдрийн 18 цагт нийт оюутнуудад зарласнаар үйл ажиллагаа өндөрлөлөө.  

#Отгонтэнгэр #Оюутны_Холбоо