МУГЖ У.Уранчимэг: Миний өсвөр нас маш завгүй хэрнээ гайхалтай өнгөрсөн


Мөрөөдөлдөө хүрэх зам нь хүн бүрд давтагдашгүй өвөрмөц чанартай. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж амжилтад хүрч, бүтээсэн дүрээрээ олны сэтгэлд хоногшсон “Хувьсал” продакшны захирал МУГЖ У.Уранчимэгтэй хөнгөхөн сэдвээр хөөрөлдсөн ярилцлагыг минь хүлээн авна уу.  

YOLOСайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө миний саналыг хүлээн авсанд маш их баярлалаа. Манай сайтын уншигчид өсвөр насныхан байдаг учир таны өсвөр насны талаар яриагаа эхэлье.

-Юуны өмнө Yolo.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний амьдралын хамгийн чухал хэсэг бол өсвөр нас. Би амьдралдаа хэн байх вэ гэх өөрийн үзэл бодол, төлөвшлөө олж авах сэтгэлзүйн процесс гэж би ойлгодог. Энэ насыг туулж байгаа мэдрэмж маш нарийн, ухаалаг байдаг. Миний ярилцлага өгөх болсон гол шалтгаан маань өсвөр насныхандаа өөрийн үзэл бодлоо хуваалцъя гэсэн зорилго байлаа. Миний өсвөр нас маш завгүй хирнээ маш гайхалтай өнгөрсөн. Олон хүүхэдтэй айлын дунд охин би доороо хоёр охин дүүтэй, дээрээ дөрвөн ах, нэг эгчтэй. Өсвөр насандаа өөрийнхөө мэдрэмжид хөтлөгдөж мэргэжлээ сонгож, түүндээ их үнэнч байсан.

YOLOӨсвөр насандаа мэргэжлээ сонгож, түүндээ үнэнч байхад юу нөлөөлөв?

-Хүнд гэр бүлийн хүмүүжил гэдэг асар чухал байдаг. Гэр бүл маань урлагаар амьсгалдаг байсан. Олон ч дугуйланд явж өөрийгөө хөгжүүлдэг байлаа. Ээж минь их сайхан уртын дуу, богинын дуу дуулж унтуулдаг, аав минь орой болгон “Цуутын цагаагч гүү” “Өнчин цагаан ботго” гэх зэрэг үлгэр уншиж өгч өсгөлөө. Гэрийнхэн маань их нээлттэй хүмүүс байсан. Урлагийн үзлэг, олон тэмцээн уралдаанд ч их оруулдаг байсан. Тэр болгонд би өөрөө төлөвшиж эхэлсэн. Жишээ нь: хүмүүсийн өмнө тайзан дээр биеэ яаж авч явах, хүмүүст урлагийг өөрийн биеэр түгээх гээд асар их боловсорч байсан. Гэр бүл минь ийм байсан учир энэ мэргэжлийг сонгож, үүнд үнэнч байх зөв төлөвшилт суусан даа.

YOLOБодолд автсан үедээ өлгөж аваад л боддог хүүхэд насны дурсамж?

-Нэг дурсамж ерөөсөө мартагддаггүй. Намайг 3 настай байхад манай ах зургийн аппараттай, тэгээд миний зургийг авах гээд намайг нэг түмпэн дээр бэлхүүснээс минь өргөж зогсоож байгаад зураг дарж байсан. Тухайн үеийн мэдрэмж ерөөсөө хуучирдаггүй. Бас ер нь хүүхэд нас гэдэг ерөөсөө алхдаггүй, байнга гүйж явдаг нас юм шиг /инээв/. Ийш тийшээ гүйгээд л тоглоод байдаг их хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Олон дугуйланд явдаг байсан болоод ч тэр үү хүүхэд нас их онцгой дурсамжтай өнгөрсөн.

YOLOӨсвөр насандаа ямар хичээлд илүү дуртай байв?

-Би уран зохиолын хичээлд илүү сонирхолтой байсан. Гэхдээ би “Хүн өөрийгөө олсон тохиолдолд заавал тоо боддог байх албагүй” гэж боддог ч тоо бол бүх зүйлийн суурь гэдэг нь үнэн. Харин хүн хүссэн ажлаа хийж байж амжилтад хүрдэг.

YOLOӨсвөр насан дээрээ өөрөөсөө салгалгүй байнга авч явдаг зүйл байсан уу?

-Яг байнга авч явдаг байсан гэж хэлж чадахгүй ч ном их уншдаг байсан. Учир нь нөгөө л гэр бүлийн хүмүүжил. Ээж минь залуудаа их ном уншдаг “Номын сайн нөхөр” болох бүх болзлыг хангаж байсан. Эх хүн өөрөө ном уншдаггүй байж хүүхдээ ном унш гэж үглээд байвал хандлага нь зөв биш болчихдог. Хүүхэд гэдэг яг л толь шиг байдаг болохоор хүүхдээ зөв хүн болгоё гэж байгаа бол өөрөө зөв байх хэрэгтэйг заадаг байсан.

YOLOХүнд анхны зүйл гэдэг сэтгэлд нь гүн суусан дурсамж байдаг. Та 1993 онд “Бүсгүй завилгаа” гэх анхны дэлгэцийн уран бүтээлд гол дүрийг бүтээж байсан тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач ?

Яг үнэндээ тэр үед би киноны тухай ямар ч ойлголтгүй байсан. Номын дууг нь ч сонсоогүй байсан хүний хувьд анх сонгон шалгаруулалтад өөрийнхөөрөө л жүжиглээд тэнцэж байлаа. Тэр кинонд ч өөрийнхөөрөө л тоглож байсан. Түүний дараа СУИС-д орж суралцсан.

Би нүүрээ үрчийхээс ердөө айдаггүй. Энэ бол амьдралын явцад болдог л процесс.

YOLOИхэнх хүн жүжигчин байх их амархан гэж боддог. Хүмүүс ирээд л нүүрийг нь будаж, үсийг нь янзлаад л, зурагтаар ч гардаг, их л гоё гэж боддог. Гэхдээ жүжигчид өөрсдөө “хүүхдээ л жүжигчин болгохгүй юмсан” гэж ярьдаг. Үүн дээр та ямар үзэл бодолтой байдаг вэ?

-Яагаад гэвэл жүжигчин мэргэжлийг асар хэцүүг нь өөрөө мэдэж байгаа болохоор тэгж ярьдаг.  Гэхдээ хүмүүс амархан, их гоё гэж хардаг. Яг тэдний гоё гэж харсан шигээр хүүхдүүд энэ мэргэжлийг сонгох хандлага их бий. Тэгэхээр өсвөр насныхандаа хандаж хэлэхэд мэргэжлээ бодитой, судалгаатай, нухацтай сонгоорой. Амархан мэргэжил гэж байдаггүй. Хамгийн гол нь чи авьяастай юу, тийм өгөгдөлтэй юу гэдгээ өөрөө маш сайн мэдэж байж энэ мэргэжлийг сонгох нь зөв. Хүмүүс 99 хувь хөдөлмөр 1 хувь авьяас гэж ярьдаг ч тэр 1 хувь нь өгөгдчихсөн байгаа биз. Тэгэхээр өөрийгөө мэргэжлийн хүнд шалгуул, таньж мэд.

YOLOНэг ийм үг байдаг “Өндөр өсгийт өмсчихсөн өөртөө итгэлтэй нь аргагүй алхаж яваа бүсгүйг хараад эрэгтэй хүн шууд дурладаг”. Тэгэхээр таны бодлоор эмэгтэй хүний гоо үзэсгэлэн яг юунд оршдог вэ?

-Одоо үед маш олон янзаар ярьдаг болсон. Гадаад гоо сайхнаас илүү дотоод гоо сайхан илүү чухал гэх жишээтэй. Гэхдээ миний хувьд “Яг өөрөөрөө байгаа хүн л хамгийн үзэсгэлэнтэй” гэж хардаг. Жүжигчин мэргэжил өөрөө хүн судалдаг, дүр дээр ажилладаг мэргэжил байдаг учраас хүмүүсийг таних мэдрэмж техник суудаг. Миний боддог төсөөлдөг гоо үзэсгэлэнгийн хамгийн дээд хэлбэр бол ямар ч хуурамч зүйлгүй өөрийнхөөрөө л байх юм.

YOLOБие галбир, гоо сайхандаа хэрхэн анхаарал тавьж байна? Урин дулаан цаг ирж охид бүсгүйчүүд маань жингээ хасах гээд сэтгэлээ чилээж суугаа.

-Яг үнэндээ нууц жор эсвэл би ганцаархнаа хэрэглэдэг бүтээгдэхүүн гэж байхгүй. Тогтмол 20 жил спортоор хичээллэж байгаа болохоор би эрүүл сэтгэхүйгээр өөрийнхөө ам руу юу орох орохгүйгээ мэддэг. Энэ бол тийм нууцлаад л, дээд тоо бодож байгаа юм шиг ядраад байх асуудал ердөө биш. Гол нь амьдралын хэвшил болгоод, өдөр тутамдаа өөрийнхөө эрүүл мэндэд анхаар. Гэхдээ би нэг зүйл дээр их эмзэглэж явдаг. Өсвөр насныхан таргалалт өндөртэй байна. Үүнд би цэвэр эцэг эхийг нь буруутгана. Учир нь ямар ч эрүүл мэндийн боловсрол байхгүй. Хүүхдэдээ юу идэж болох, болохгүй талаар заагаад, тайлбарлаад, ойлгуулчих цаг гаргахгүй байгааг нь ойлгодоггүй.

YOLOӨөрийнхөө биеийн хэсгээс хамгийн их таалагддаг зүйл?

-Өөрийнхөө гэдсэнд их дуртай. Харвинтай байж үзээгүй. Хөдөлгөөн бол эрүүл байхын баталгаа. Бас өөрийнхөө хамарт их дуртай. Би нэг зүйлс дээр ерөөсөө эмзэглэдэггүй. Нүүрээ үрчийхээс ердөө айдаггүй. Энэ бол амьдралын явцад болдог л процесс.

YOLOЯрилцаж байх явцад та сэтгэл хөдлөл ихтэй санагдлаа. Мэргэжлийн онцлог ч юм уу.

-Урлагийн ажил бол туршлагаар хийдэггүй ажил. Өдөр болгон л мэдрэмж нь шинэ, сэтгэмж нь шинэ байх ёстой. Шинэ байж, онцгой байж чадсан хүн л амжилтад хүрдэг. Сэтгэл хөдлөл өндөртэй хүн бүр урлагийн хүн гэж ойлгож болдоггүй.

YOLOДэлгэцийн урлаг гэдэг үзэгчдийн нүдэн дээр ил байдаг. Тэгвэл яг энэ салбарт баримталж буй ямар зарчим байдаг вэ?

-Ямар ч мэргэжил тодорхой дүрэм болоод зарчим шаарддаг. Хамгийн гол зарчим нь цаг баримтлал, ашиглалт дээрээс нь асар өндөр зохион байгуулалт. Бас чухал нэг зүйл бол багаар ажиллах чадвар.

YOLOӨөрийн уран бүтээлээрээ үзэгчдэд юуг хүргэхийг зорьдог вэ?

-Үзэгчдэд уран бүтээлээрээ дамжуулаад юу хүргэх ёстойгоо найруулагч хүн тооцоолсон байх ёстой. Тухайн киног үзсэний дараа хүнд нэг зүйл бодогдуулж ойлгуулах нь чухал. Одоо үеийн залуус их ухаалаг, мэргэн болчихсон. Киноны маань коммент дээр залуус маш гайхалтай урам өгч байгаад би маш их баярлаж байгаа.

YOLOАмьдралаас хамгийн их таашаадаг зүйл?

-Би өөрийн гэсэн хэв маягийг барихыг боддог. Их энгийн зүйлээс ч хүн таашаал авч болдог. Миний таашаадаг зүйл бол эмх цэгцтэй орчин. Өдөр бүр лаа асаах дуртай. Дээрээс нь спортоос их таашаал авдаг.

YOLOГэртээ байнга хийдэг хоол? Ер нь хэр тогооч вэ?

-Тогоочийн хувьд бол энэ миний хамгийн онгирох сэдэв. Би олон хүүхэдтэй айлын дунд охин гэж хэлсэн дээ. 5-р ангид байхдаа л 9 хүний цуйван хийдэг байлаа. Гэртээ өөрийнхөө хэмжээнд гайгүй хоол хийчихдэг. Ер нь гологдохгүй. Шөлтэй хоолыг эрхэмлэдэг.

YOLOТа ямар төрлийн кино үзэх дуртай вэ? Хамгийн дуртай киноноосоо нэрлэвэл?

Би өөрөө уянгын, драмын кинонд их дуртай. Аймшгийн кино үздэггүй. Мэдээж хүний сайхан хийсэн бүтээлийг шүтэн биширч тэр сайхныг магтан дуулах шиг сайхан юм байхгүй. Миний дуртай кино гэвэл би “Notebook”-ийг нэрлэнэ.

YOLOБирд таны 3 хүслийг биелүүлье гэвэл?

-1.Би охиныхоо сайн сайхны төлөө эхний хүсэлтийг хэлнэ. Миний охин эрүүл саруул, ирээдүй нь гэрэл гэгээтэй, сайн хань ижилтэй болоосой гэж хүснэ.

2. Дараа нь би миний ээж аавыг миний хажууд олон жил байгаасай гэж хүснэ. Магадгүй хүн бурхан шүтдэг бол миний шүтэх бурхан ээж аав гэж боддог. Эцэг эхээ тойглосон хүний энэ насны хэрэг бүтнэ гэж ярьдаг.

3. Би яг одоогийн Хувьсал продакшныг маш олон хүний хүрээлэл дунд маш өндөр хэмжээний том продакшн болоосой гэж хүснэ. Томрох тусам олон олон уран бүтээл хийж хүмүүст илүү гэгээтэй бүтээл хүртээнэ гэж бодож байгаа учраас энэ гурван хүслийг хэлнэ.

YOLOТанд маш их баярлалаа.

#Уранчимэг #Жүжигчин_Уранчимэг