СУРВАЛЖИЛГА: “YOIS 2019” чуулганаар тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар цогц ойлголт өглөө


Сэтгүүлч О.Дорж | YOLO.MN
2019-03-05

“Youth opportunity international summit 2019” чуулган өнгөрөгч бямба гарагт The Corporate Hotel & Convention Centre-д 300 гаруй залуучуудыг хамран өргөн хэмжээнд амжилттай болж өнгөрлөө.

Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар цогц ойлголт өгсөн уг чуулган үндсэн гурван хэлэлцүүлгээс бүрдсэн ба панелистууд тухайн төрлийнхөө тэтгэлгийн хувьд туршлагатай хүмүүс байлаа.

Энэ арга хэмжээний модератор, панелист болон зочин илтгэгчид нь арвин туршлагатай хүмүүс байснаас гадна олон улсын онлайн илтгэл тавигдсан нь үйл явдлын онцгой содон тал болсон юм.

Ингээд та бүхэндээ модератор болон панелистүүдын онцлох ишлэл болон зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

ДОТООДЫН ТЭТГЭЛЭГ

М.Маралмаа /Зориг сангийн хөтөлбөрийн зохицуулагч/:

"Өөрийн сонирхсон тэтгэлэгт өргөдлөө явуулж үз. Би угаасаа тэнцэхгүй гэж хэзээ ч битгий бод. Хэрвээ шантраад материалаа явуулахгүй бол угаасаа л тэнцэхгүй шүү дээ! Бид тэтгэлэг өгөхдөө зорилгыг илүү анхаардаг. Зорилго тавьсан бол түүндээ тууштай байх хэрэгтэй."

YOLOТэтгэлгийн өргөдлийн материал өгөхөд хүмүүсийн ихэвчлэн гаргадаг алдаанууд юу вэ?

-Хэд хэдэн алдаанууд байнга давтагддаг. Нэгд цагийг нь хэт тулгах. Хоёрт хэтэрхий хайнга байдал. Тухайн хүний явуусан өргөдөлд байгаа үг үсэг бүхэн чамайг илэрхийлж байдаг. Эндээс хүмүүсийн чин хүслийг харж болдог. Хамгийн сүүлийн гаргадаг алдаа бол эсээн дээр өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Жишээ нь: Ардчилал гэдэг сэдэв өгсөн байхад номонд байдаг тодорхойлолтыг тавиад тэрийгээ тайлбарлаад байдаг. Үнэндээ бол бидэнд өөрсдийх нь бодол л чухал.

Н.Нинжцолмон /АЙСЭК Монгол ТББ-ын ерөнхийлөгч/:

"Зорилгоо олохын тулд өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй. Маш том зорилготой бай. Аливаа зүйлд битгий ханаж бай. Хэрвээ чи ханачихвал чи ялагдаж эхэлж байгаагийн шинж. Хэрэв зорилгод бахархалтайгаар хүрж чадсан бол зорилгоо илүү томруул."

ОЛОН УЛСЫН БОГИНО ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

С.Одончимэг /Оксфорд Кэмбриджийн төгсөгчдийн Монгол дахь Холбооны тэргүүлэгч/:

  • "Маш төгс хүн байсан ч цаг дууссан бол хэнийг ч авахгүй.
  • Олон материал ирсэн ч цөөхөн хэд нь л шаардлага хангадаг."

YOLOТаны сургуулиасаа ойлгож авсан хамгийн том сургамж юу бэ?

-Хүн бүр өөр өөрийн онцлогтой байдаг гэдгийг мэдэж авсан. Ангийн 50 хүүхэд байлаа гэж бодоход тэд бүгд өөр өөрийн гэсэн авьяас чадвартай. Хэн нэгнээсээ сайн, муу байна гэсэн зүйл байхгүй. Гагцхүү өөрийн онцлогоо эсээндээ тусгаж өгөх л хэрэгтэй.

Д.Хулан /Deputy Chief of Party, Lead Mongolia/:

"Өөрийгөө цэгцтэй илэрхийл. Энэ нь аль алиндаа илүү амар байдаг. Мөн өөрийнхөө цахим хаягийг албан ёсны болгох хэрэгтэй. Учир нь тухайн ирсэн и-мэйлийн нэрээс эхлээд шууд сэтгэгдэл төрж эхэлдэг."

ОЛОН УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Н.Хажидсүрэн /ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуульд багш/:

"Тэтгэлгээр явлаа гэхэд очоод зөвхөн хичээлээ хийх бус, олон нийтийн ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй."

YOLOSAT-д бэлдэхэд гаргадаг түгээмэл алдаа юу вэ?

-Оюутнууд маань бүх сэдвийг хамаарч онолынхоо мэдлэгийг тэлэх хэрэгтэй. Шууд Mock тест хийгээд эхэлж болохгүй. Энэ нь цагийн менежмент, өөрийгөө шалгах зэрэгт хэрэгтэй ч энэ нь бүрэн бэлтгэл болж чадахгүй.

Г.Уянга /Засаглалд Залуу Сэтгүүлчдийн Оролцоо хөтөлбөрийн ажилтан/:

"Эхлээд өөрийн элсэхийг хүсэж буй сургуулиа сонго, дараа нь тухайн сургуулийнхаа холбогдох мэргэжлийн чиглэлийн багштайгаа шууд холбогд. Айж эмээлгүй шууд и-мэйл бич. Тэндээс ямар нэгэн боломж гарч ирэх боломжтой."

YOLOӨөрийн тань мэргэжлийн чиглэл буюу сэтгүүлч мэргэжлээр суралцах хүсэлтэй хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч?

-Сэтгүүлч мэргэжил өөрөө дөрөв дэх засаглал гэж явдаг учраас тэтгэлэгт хамрагдах боломж өндөр. Хэрвээ гадаадад тэтгэлэгтэй суралцах бол тухайн улсынхаа хэлийг өндөр түвшинд эзэмшсэн байх ёстой. Монголд сэтгүүлч болоход арвин их баялаг үгийн сан. Монгол хэлний хэлний чадвар хэрэг болдог шиг тухайн хэлээ тэгж сурах шаардлагатай болно. Мөн өөрийнхөө чиглэлийг маш сайн нарийвчил. Ажил дээр гарахад нэг чиглэлээр мэргэшсэн байх нь давуу тал болж өгдөг. Жишээ нь: улс төр, эдийн засаг, тогтвортой хөгжил гэх мэтчилэн өөрийнхөө чиглэлийг тодорхойл.

YOLOСэтгүүлч хүнд байх ёстой ямар дадлууд байдаг вэ?

-Байнга өөрийгөө мэдлэгээр цэнэглэх. Өдөр тутмын сонин, мэдээг уншиж өөрийнхөө мэдлэгийн хүрээ, үгийн баялгаа үргэлж нэмэгдүүлж бай. Монгол хэл өөрөө маш арвин баялаг хэл. Дараагийн байх ёстой дадал бол миний бодлоор хүний эрхийн мэдрэмж сайтай байх хэрэгтэй. Хэн нэгний эрхэнд халдсан буруу андуу ташаа мэдээллийг аль болох гаргахгүй байж хүний эрхийн төрийн бус байгууллагуудтай нягт хамтарч ажиллан, алдаа эндэгдэл гаргахаас аль болох зайлсхийх шаардлагатай.

Ц.Цэндсүрэн /Director at World Education LLC/:

"Гадаадад сурах 100 хувийн тэтгэлэг авсан бол ямар нэгэн асуудалгүй. Харин өөрийн хөрөнгөөр болон тал тэтгэлэгтэй сурахад виз гаргуулахын тулд санхүүгийн батлан даагч хэрэгтэй. Визийн ярилцлагад орохдоо буцаж ирээд эх орондоо яг юу хийнэ гэдгээ тодорхой нарийвчилж хэлэх хэрэгтэй."

Чуулганы үеэр... /Гэрэл зургийг Э.Батзавъяа/

Дэлхийн түвшинд өрсөлдөцгөөе

#YOIS2019, #YO