КИНО ТЭМДЭГЛЭЛ: Оскарын шагналт “A Star is Born” (2018)


YOLO.mn | YOLO.MN
2020-03-02

Оскарын шагнал гардуулах 91 дэх удаагийн наадам энэ сарын 24-нд болж, өрсөлдөөн дагуулсан хүчирхэг бүтээлүүдээс шилдгийн шилдгүүд тодорлоо. Энэ жилийн хөтлөгчгүй “Академи Авардс”-д дэлхийн хэмжээнд шуугиан тарьж чадсан эн тэнцүүхэн уран бүтээлүүд олон өрсөлдсөний дотор дуучин Лэди Гагагийн гол дүр бүтээсэн “A Star is Born” яахын аргагүй багтана. Жүжигчин Бредли Куперийн найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон тус мюзикл, драм төрлийн киног бид энэ удаад онцолж, товчхон тэмдэглэл бэлтгэн хүргэж байна. Учир нь уг киноны дуу “Shallow” Оскарын Шилдэг дуу номинацыг хүртсэн билээ.

“A Star is Born” энэ удаагийн Оскарт шилдэг кино, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг киноны дуу тэргүүтэй нийт долоон номинацад нэр дэвшсэн нь чамгүй өндөр амжилтад тооцогдож байгаа билээ. Харин үзэгчдийн хувьд итгэл дүүрэн хүлээж байсан номинац бол яах аргагүй шилдэг киноны дуу байсан бөгөөд тус бүтээлийн саундтрек “Shallow” цахим орчинд байршсан цагаасаа эхлэн үзэгч, сонсогчдыг байлдан дагуулаад байсан юм. 

НЭР АЛДРААС Ч ҮНЭТЭЙ, ЖИНХЭНЭ ХАЙР

Зоогийн газар ажилладаг залуу бүсгүй Аллигийн хувьд өдөр хоногууд байдаг л янзаараа жирэлзэн өнгөрсөөр. Дотроос нь үргэлж чимээлэх мөрөөдлөө бодит болгохыг хүсэвч эгэл жирийн амьдралдаа нэгэнт дасаад уджээ. Алли дуу зохиодог, басхүү гайхамшигтай дуулдаг гялалзсан авьяастай хэдий ч хэд хэдэн продюсераас том хамартай гэх шалтгаанаар татгалзсан хариу сонсч, улмаар дүрэлзэж байсан их тэмүүллээ алдсан нэгэн. Тиймдээ ч шөнийн клубд хаа нэгхэн дуулах төдийд өөрийнхөө хүслийг хангаад, хоолны газар ажилладаг болсон нь тэр.

Гэтэл олонд хүлээн зөвшөөрөгдсөн рок од Жексон Мейн нэгэн үдэш Аллиг олж харснаар бүх зүйл орвонгоороо эргэнэ. Бүсгүйн дуулах авьяас төдийгүй тайзны ард биеэ авч яваа энгийн, үзэсгэлэнтэй байдал нь Жекийг өөрийн эрхгүй ховстон татах ажээ. Анх танилцсан оройдоо тэд чамгүй дотно болтлоо ярилцаж, Алли түүнд өөрийн зохиосон дуугаа дуулж үзүүлснээр рок од бүсгүйг шүлэг бичих, хөгжим зохиох чамгүй авьяастайг олж харна.  

Чингээд өдөр ирэх тусам тэд бие биедээ улам хүчтэй татагдаж, нэг мэдэхэд хайр сэтгэлийн холбоотой болж орхино. Тэр бүү хэл Жекийн аялан тоглолтод бүсгүй хамт явах болж, түүний хувийн амьдралын өнгөрсөн дэх гуниг харууслыг олж мэдэх аж. Тайзан дээр хэд хэдэн удаа хамтдаа дуулж, гялалзсан авьяасаа харуулаад амжсан тул Алли аль хэдийнээ олны танил болон хувирах нь тэр.

Удалгүй бүсгүйгээс цацарч буй их авьяас, нөөц боломжийг олж харсан нэгэн продюсер түүнд хандан хамтарч ажиллаж эхэлснээр Алли төд удалгүй Жекээс ч илүү алдартай дуучин болж чадна.

Гэвч, үнэн хэрэгтээ бүсгүйг олны өмнө ил гаргаж, өөртөө итгэлтэйгээр авьяас чадвараа нээхэд нь анхлан тусалсан, басхүү хайр сэтгэлийн холбоотой үнэт хүн нь болох Жекийн хувьд бүх зүйл тийм бүтэмжтэй байсангүй. Тэрбээр Аллитай танилцахаас өмнө архи, мансууруулах бодист гүн донтсон байсан бөгөөд, тэдний харилцаанд энэ асуудал төвөг болж эхэлнэ. Бүсгүйд үнэн сэтгэлээсээ хайртай учир өөрийнхөө буруу зуршлыг засах гэж бүхий л чадлаараа хичээх хэдий ч үр дүнд үл хүрнэ. Од болон гялалзаж эхэлсэн хайртай бүсгүйнх нь хувийн карьерт түүний унаж байгаа нэр хүнд, согтуу үедээ үйлдсэн хүн ичмээр үйлдлүүд нь сөргөөр нөлөөлөх боллоо.

Тийнхүү хайртай бүсгүй Аллигаа бие даасан тоглолтоо хийж байх үеэр, Жек амиа егүүтгэдэг. Тэр хэзээ ч архины хамаарлаас гарч чадахгүйгээ ойлгосон бөгөөд, цаашид хайртай эмэгтэйнхээ ирээдүйд саад болохыг хүсээгүйдээ тийм үйлдлийг хийжээ. Нэр хүнд, эд баялгаас нь ч үнэтэй жинхэнэ хайртай учирсан тэрбээр, Аллигийн төлөө өөрийнхөө бүхнийг нэгмөсөн золиосолсон нь тэр.

ОД ШИНЭЭР ТӨРСӨН НЬ

“A Star is Born” нэртэй уг хайрын түүх кино урлагийн түүхэнд урьд нь гурван өөр хувилбараар хийгдэж байжээ. 1976 онд алдарт дуучин Барбара Стрейзандын тоглосон хувилбар хамгийн сайн хийгдсэн нь гэж кино шүүмжлэгчид үздэг байна. Харин 2018 онд гарсан энэхүү бүтээлд дуучин Леди Гага гол дүр бүтээсэн нь үзэгчдийн хүлээлтийг асар өндөрт хүргэж чадсан.

Киноны уур амьсгал энгийн, хөнгөхөн хэрнэ үзээд дуусахад тэр чигтээ хөгжмийн утга уянгад ууссанаа мэдрэх шиг. Ерөөс бүтээл тэр чигтээ хайр дурлал, зүрх сэтгэлийг илэрхийлэх дуу хөгжмөөр баялаг, түүндээ тохирсон зураглал, үйл явдлуудаар дүүрэн.

Басхүү гол дүрийг бүтээлцсэн хоёр уран бүтээлчийн хувь онцлог киноны нэр хүндэд ихээхэн нөлөөлжээ. Жүжигчин Брэдли Куперын хувьд урьд өмнө олны өмнө дуулж үзээгүй, ер дуулж чаддагаа ил дэлгэж байсан удаагүй учир тус бүтээлд өөрийн хоолойгоор дуулсан нь үзэгчдийн анхаарлыг татсан.

 Харин дуучин Лэди Гага өмнө нь Америкийн аймшгийн түүхүүд телевизийн цуврал киноны хоёр ч улиралд дүр бүтээж “Алтан бөмбөрцөг” хүртэл хүртэж байсан хэдий ч, энэ удаагийн тоглолт, ур чадвар нь түүнийг хавьгүй өөр өнцгөөр харахад хүргэжээ. Түүнийг цааш цаашид дэлгэцийн салбарт илүүтэй хүч үзэх болов уу гэх таамаглал олны дунд газар аваад байна.

Чухамдаа энэ хоёр уран бүтээлчийн бий болгосон давтагдашгүй хослол дээр “A Star is Born” бүхэлдээ тогтжээ гэж дүгнэхэд болохуйц. Кино урлагийн түүхэнд энэхүү бүтээл өөрөө од болон мэндэлж, тодоор гялалзан үлдлээ.

#Oscar2019, #A_Star_Is_Born