ФОТО: “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” хүүхдийн бүтээлийн анхдугаар наадам эхэллээ


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, “Эх орончдын өдөр”-т зориулан Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвөөс “ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНЭ” анхдугаар наадам өнөөдөр /2019.03.01/ буюу "Эх орончдын өдөр" нээлтээ хийлээ. Хүүхдийн уран зураг, гар урлал, уран бичлэг, технологийн зэрэг бүтээлд зарласан, эх орончдын өдөрт зориулсан тус наадамд нийслэл, орон нутаг, мөн “Өнөр бүл” төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Гэгээлэн төв”-ийн зэрэг нийт 740 хүүхэд оролцож байна.

Тус наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн захирал Д.Уранбилэг болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд шагналт байр эзэлсэн 21 хүүхдэд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх шагнал гардуулав. Мөн авъяаслаг хүүхэд багачууд үндэсний урлагийн үзүүлбэрүүдээ хуран цугласан олонд толилууллаа.

Шалгарсан хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 20-ний өдрүүдэд Монголын Хүүхдийн Урлан Бүтээхийн Төвийн “ОРД” арт галерейд гарна.

Энэхүү наадмын зорилго нь эрх чөлөө, эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, түүхэн үйл явдлыг сурталчлан таниулах, эрх чөлөөг авч ирсэн Ардын хувьсгалын ач холбогдол түүхэн гавьяаг мөнхжүүлэх, хойч үеэ үндэсний бахархалт үзэл санаанд хөтлөн эх орноо хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах явдал ажээ.

Тэртээ 98 жилийн өмнө 1921 оны энэ өдөр Эх орныхоо Тусгаар тогтнолын төлөө Монголын ард түмэн харийн эрхшээлээс чөлөөлөгдсөн түүхтэй. Өвөг дээдэс маань хойч үе бидний аз жаргалтай, эрх чөлөөт амьдралын төлөө халуун амиа зориулсан баатарлаг гавьяатай билээ.

Гэрэл зургийг З.Баярмаа

#Хүүхдийн_Урлан_Бүтээх_Төв