Отгон Жульетта Т.Анхзул: Энэ дүр миний багын мөрөөдөл


Б.Намуун | YOLO.MN
2019-02-28

Улсын драмын эрдмийн театр гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг олны хүртээл болгон мэлмий сонорыг мялаасан билээ. Уг жүжгийн Жульеттагийн дүр үзэгч олноос өндөр үнэлгээ авч байгаа. Жульеттагийн дүрийг Соёл урлагийн их сургуулийн жүжигчний гуравдугаар дамжааны оюутан Т.Анхзул амилуулсан бөгөөд түүнтэй хийсэн нэмэлт хачиргүй ярилцлагыг хүргэж байна.

YOLOХүссэн болгон нь бүтээгээд байдаггүй Жульеттагийн дүрийг бүтээсэнд нь баяр хүргэе. Энэ дүрд сонгогдсон тэр үеэ эргэн дурсахгүй юу?

-Өвлийн амралтаар багш маань залгаж надад долоо хоногийн хугацаа өгөн уг дүрд шалгуулахыг зөвлөсөн. Өгөгдсөн хугацаанд хоёр үзэгдэл бэлдэн үгээ суулгаад товлосон өдрөө шалгуултал Жульеттагийн дүрд тэнцэж хоёрдугаар сарын 14-нд тоглохоор болсон доо. Энэ дүр миний багаасаа мөрөөдсөн мөрөөдөл минь байсан учраас уйлж дуулаад бөөн юм болсон. Найзуудтайгаа нийлээд уйлаад л байлаа /инээв/.

YOLOНэг их бэлдээгүй гэхэд дүрээ маш чадварлаг амилуулсан шүү дээ. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчидтэй оюутан насандаа драмын театрын тайзнаа хамтарч ажиллалаа. Эмээлт их л байсан байх даа?

-Тэгэлгүй яахав. Их эмээсэн. Зурагтаар л хардаг мундаг хүмүүстэйгээ нэг тайзан дээр хамтарч тоглоно гэхээр эхэндээ маш их сүрдсэн. Эхний бэлтгэл дээр сандраад, чичрээд, яахаа мэдэхгүй хэцүү байсан. Гэхдээ тэдгээр мундаг жүжигчид маань надад маш их зүйлийг зааж зөвлөж тайвшруулж их тусалсны үндсэн дээр дүрээ бүтээсэн.

YOLOЖульетта өөрөө их эрх танхил дүр. Тэгвэл Т.Анхзул хэр дүртэйгээ ижил төстэй хүн бэ?

-Айлын том болохоор аав ээждээ эрхлээд байдаггүй. Гэхдээ ээжийг маань хүмүүс их жоохон хүүхэд шиг гэдэг. Би ээжтэйгээ зан араншингийн хувьд төстэй болохоор миний үндсэн ааш зан Жульеттатай бага зэрэг төстэй.

YOLOУг дүрийг бүтээхэд хамгийн хүндрэлтэй байсан зүйл юу вэ?

-Айдас л байсан. Би үнэхээр их айж эмээж байсан. Би чинь дөнгөж гуравдугаар дамжааны оюутан. Яг үнэндээ хэзээ ч ийм тайзан дээр гарч үзээгүй. Хичээлийн хүрээнд ангийнхантайгаа хамтарч ажиллана уу гэхээс биш ийм том тайзан дээр гарч байсангүй. Миний хоолой хүрэх болов уу, жүжигчиддээ чирэгдээд хүндрэл учруулах болов уу гээд бүх зүйлээс айж байсан.

YOLOЖульеттагийн дүрд өөр туршлагатай жүжигчин, эсвэл өөр оюутныг сонгож болох байсан. Гэхдээ чамайг сонгосон шүү дээ. Яагаад чамайг уг дүрд илүү тохирно гэж шийдсэн юм бол оо? Чи бусдаас юугаараа сондгой, онцгой байсан гэж бодож байна?

-Би оюутан болохоосоо өмнө “Ромео Жульетта” жүжгийг үзэж байсан. Тэр үед Жульеттагийн дүрд жүжигчин О.Дөлгөөн эгч тоглож байсан л даа. Уг жүжгийн найруулагч манай ангийн багш. Жульетта миний мөрөөдлийн дүр байсан учраас мэргэжлийнхээ хичээл дээр дүрээ сонгохдоо “Энэ дүрийг сонговол багшийн нүдэнд өртөж чадах болов уу, энэ дүр л намайг бүрэн илэрхийлэх байх” гэж гурван жил багшдаа харагдах гэж хичээсний дүнд сонгогдсон /инээв/.

YOLOЖүжигчин У.Урнаа нэгэнтээ Жульетта дүрийнхээ тухай дурсахдаа “Хэдийгээр нас бага ч ном уншиж, сэтгэхүй нь хөгжсөн, юм үзэж нүд тайлсан эмэгтэй гэдэг талаас Жульеттаг гаргасан” гэж байсан бол О. Дөлгөөн  “Танхил охины дүрийг гаргахаар хичээсэн” гэж байсан. Тэгвэл чиний хувьд яг ямар Жульеттаг амилуулах гэж зорьсон бэ?

-Юуны түрүүнд би насны хувьд өмнө тоглож байсан жүжигчин эгч нараасаа арай нас бага оюутан гэдгээрээ ялгагдах байх. Миний Жульеттаг харсан өнцөг гэвэл хэтэрхий эрх танхил, бүх зүйлийг өөрийнхөө хүссэнээр байлгах гэж хичээдэг, “би би би” гэсэн баян айлын охин байсан. Тийм хүн Ромеод дурлаад бүх зүйлээ түүнд зориулахад бэлэн болчихсон. Энэ өөрчлөлтийг л илүү товойлгож гаргах гэж хичээсэн.

YOLOХэрвээ өөрт байгаагүй зүйлээ авахыг хүсэж байвал хийж үзээгүй зүйлээ хийх хэрэгтэй болдог гэдэг. Үүн шиг Жульеттагийн дүрийг бүтээхдээ өөрт байхгүй ямар зан араншинг өөрөөсөө “нэхэж” гаргах гэж хичээсэн бэ?

-Жульетта маш огцом охин. Өөрөөр хэлбэл асар их зоригтой, шийдэмгий, хайрынхаа төлөө хор уугаад амиа егүүтгэх зоригтой, сэтгэлтэй охин. Би Жульетта шиг тийм зоригтой байж чадах уу гээд бодохоор хараахан чадахгүй, тийм зориг ч гарахгүй.

YOLOЖульеттагийн дүр чамайг хэрхэн өөрчилсөн бэ? Жульеттагийн дүрийг бүтээхээс өмнөх Т.Анхзул бүтээсний дараах Т.Анхзул ямар ялгаатай вэ?

-Ийм том уран бүтээлд ийм мундаг хүмүүстэй хамтарч ажиллаад маш их зүйлийг сурсан. Бүр дэндүү их юм сурсан. Би ядаж л тайзны хаана зогсох ёстойгоо мэдэж, тайзны урд хэсгийг юу гэдэг нэршлийг нь хүртэл тэндээс ойлгож авсан. Би хаана зогсвол миний хоолой хаана яаж хүрэхийг ч мэдэж авсан. Энэ жүжиг надад асар их мэдлэг туршлага болсон доо.

YOLOРомео Жульетта хоёр хайр дурлалынхаа төлөө юугаа ч зориулахад бэлэн байгаа нь романтик ч гэсэн анхны харцаар дурласан хэн нэгний төлөө гэр бүл, найз нөхдөө ч бодолгүйгээр амиа егүүтгэж буй нь хэтэрхий болчимгүй, хэтэрхий бодлогогүй ч гэмээр. Ромео Жульетта хоёрыг хувь хүн талаас нь юу гэж боддог вэ?

-Зохиол дээрээ “Хоёр тэнэгийн хайрын түүх” гэж гардаг. Өсвөр насны хоёр хүүхэд бие биедээ дурласнаас болоод ийм том өөрчлөлт бий болсон. Хүнд дурлаж, хүнийг хайрлана гэдэг тэр чигтээ өөрчлөлт гэдгийг л энэ жүжгээс ойлгох юм уу даа. Өсвөр насны “тэнэг”-үүд гэж болох юм.

YOLOЭнэ Ромео Жульетта нь хүн бүрийн мэддэг дундад зууны үеийн Ромео Жульетта биш.  2015 оноос цаг үед баригдалгүйгээр өрнөдөг болсон. Үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би 2015 онд анх Ромео Жульеттаг үзээд шоконд орж байсан. Сонгодог жүжиг гэхээр  тархинд байсан төсөөллөөрөө дундад зууны өнгө төрхөөр төсөөлж байсан. Тэр үед Н.Наранбаатар найруулагчийг үнэхээр биширч байсан.

YOLOДүрээ гаргахад хамгийн хэцүү хэсэг юу байсан бэ?

-Би одоо ч жүжгээ сайн ухаж ойлгож чадаагүй л байна. Гэхдээ надад хамгийн хэцүү байсан хэсэг бол нөхөр нь ахыг нь хөнөөгөөд цөлөгдсөний дараа тэр жоохон охиныг дааж дийлэхээргүй тийм их зовлон нөмрөн ирсний дараах монологи байсан. Тэр их сэтгэлийн харуусал, тэвчээр, Ромеог ахыгаа алсан алуурчин гэх үү эр нөхрөө гэх үү гэж эргэлзэж буй тээнэгэлзлийг их удаан бодож бясалгах хэрэгтэй байсан.

YOLOХайр гэж яг юу юм бол оо? Мөнхийн сэдэв шүү дээ.

-Алдаатай байсан ч алдаатай нь хайрлахыг хайр гэх байх. Би залуухан хүүхэд учраас одоохондоо хайр дурлалын талаар тийм ч сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн миний ойлголтоор тэр хүнээс мууг нь биш сайн сайхныг нь олж харан, алдаа оноотой нь харахыг л хайр гэх байх даа.

YOLOРомео, Жульетта хоёрын дурлалыг ямар нэг зүйлтэй зүйрлэвэл тэр нь гарцаагүй гал л байна байх. Гал шиг дүрэлзсэн шатам дурлалтай учирч байв уу?

-Ийм дурлалтай бол учирч үзээгүй ээ. Сая хэлсэнчлэн би залуу, нас бага байна. Сурагч байхдаа дурлаад, Ромео Жульетта хоёр шиг өсвөр насандаа үерхэж байсан тохиолдол бол бий. Гэхдээ тэр яг жинхэнэ дурлал эсэхийг би сайн мэдэхгүй байна.

YOLOХүмүүс Жульеттагийн дүрд их ам сайтай байгаа. Үзэгчдээс ирэх санал шүүмжийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Зөндөө хүлээж авч байна. Гэр бүлийнхэн, багш нар, мундаг жүжигчид, үзэгчид гээд бүгд л сэтгэгдлээ хэлж байна. Гаргасан алдаа, хэлж буй санал шүүмж бүгдийг нь бодож тунгааж, илүү сайжрах гэж хичээх болно оо.

YOLOИнгэхэд ер нь яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон юм бол?

-Би анх “Гамлет” жүжгийг театрт үзэж байлаа. Тэгж анх театрт орж ирэхэд театр надад үлгэрийн ордон шиг л санагдсан. Ингээд л би театрт дурлачихсан. Өмнө нь Н.Наранбаатар найруулагчийг зурагтаар хараад их хүндэлдэг, тэр хүн л хамгийн мундаг хүн юм шиг санагддаг байв. Ер нь би ямар ч аз од нь гийчихсэн хүн юм. Тэр хүнийхээ шавь нь болчихдог үнэхээр азтай хүн юм аа.

YOLOЯрилцлагын төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу.

-Манай нэг багш бидэнд “Чадахгүй байна гэдэг чинь чадах гэж байгаагийн чинь эхлэл” гэж байнга хэлдэг. Тиймээс чадахгүй байна гээд хаяж болохгүй. Чаддаг болохын төлөө хичээх хэрэгтэй шүү.

YOLOЯрилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

-Баярлалаа.

#Ромео_Жульетта