Шинэ бүтээгдэхүүн: Galaxy Fit / Galaxy Fit E


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2019-02-25

Өнгөрсөн долоо хоногт Samsung АНУ-ын Сан Франциско хотод арга хэмжээ зохион байгуулж олон шинэ бүтээгдэхүүнийг танилцуулсан билээ. Үүнд 4 төрлийн Galaxy S10, эвхэгддэг Galaxy F, Galaxy Buds чихэвч, Galaxy Fit, Galaxy Watch Active ухаалаг бугуйн цаг зэрэг бүтээгдэхүүнүүд багтсан юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг цувралаар танилцуулж байна.

Ухаалаг хэмжигчийн зорилгоор ашиглагдах Galaxy Fit-ын үндсэн үнэ нь 99 ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 263 мянган төгрөг байх аж. Харин үндсэн загвараасаа үзүүлэлт болон хэмжээний хувьд арай бага Galaxy Fit E нь 35 ам.доллар буюу 92 мянган төгрөгийн үнэтэй.


24 гр жинтэй Galaxy Fit нь 0.95 инчийн өнгөт дэлгэцтэй байх бол 15 гр жинтэй Fit E нь 0.74 инчийн хар, цагаан дэлгэцтэй байх гэнэ. Өнгөний хувьд Galaxy Fit цагаан, мөнгөлөг гэсэн хоёр сонголттой, харин Fit E хар, цагаан, шар гэсэн гурван сонголттой худалдаалагдах юм байна.

Мөн хоёр хувилбар хоёул 50 метр хүртэлх гүн усанд асуудалгүй ажиллах чадалтай. Түүнчлэн ухаалаг хэмжигчид байх ёстой зүрхний цохилт, алхаа тоолох зэргээс эхлээд бүх үйлдэл байх ба нэмэлтээр нойр хэмжигч болон стресс зохицуулагчтай гэж танилцууллаа.


Galaxy Fit-ыг утасгүй цэнэглэж болох бөгөөд бүрэн цэнэглэсэн тохиолдолд цэнэгээ нэг долоо хоног барих хүчин чадалтай.

Үзүүлэлт, үнэ зэрэг мэдээлэл нь ил болсон ч хэзээ худалдаанд гарах нь хараахан тодорхой болоогүй байна.

Эх сурвалж: Tech Radar

#Technology