Тайланд улсад аялах 13 ШАЛТГААН


YOLO.mn | YOLO.MN
2019-02-22

Сүүлийн үед Зүүн өмнөд Ази руу аялагчдын тоо эрс өссөн нь Тайландтай холбоотой. 2010-2015 онд гэхэд л ганц Тайландад ирэх жуулчдын тоо 87 хувиар өссөн нь үүнийг батална. “Инээмсэглэлийн орон” (Land of Smiles) гэж нэрлэдэг энэ оронд зочлоход хамгийн их нөлөөлөх 13 шалтгааныг дурдъя.

1.       Хоол

Тайланд хоол амттайгаас гадна маш олон төрөлтэй. Аялагчид тэр бүр нэг хоолыг хоёр дахь удаагаа идээд байдаггүй. Учир нь хот болгоны хоолны төрөл өөр учраас аялагчдыг нэг хотоос нөгөө рүү татаж чаддаг байна.

2.       Хүмүүс

Тай хүмүүс уламжлалт найрсаг харилцаатай. Энэ нь тэдний “Wai” гэх мэндлэх ёстой хамаатай юм. Мөн Тай гэр бүлийн хооллох маш олон хэв маяг бий. Азтай, цөөхөн аялагчид л Тай гэр бүлд уригдаж хамт тансаг оройн хоол зооглодог. Тай хүмүүс “Mai pen rai гэх уриа үгийг хэлэх их дуртай. Энэ нь “Санаа зовох хэрэггүй”, эсвэл “Зүгээр ээ” гэсэн утгыг илэрхийлдэг байна.

3.       Аялахад тохиромжтой хямд өртөг

Ихэнх аялагчид санхүүгийн асуудлаас болж хотоос хот дамжин явж чаддаггүй. Тэгвэл энд, Тайландад тийм ч том асуудал биш. Хямд үнэтэй, хурдан шуурхай нийтийн тээврийн олон төрлийн үйлчилгээ энд бий. Nok AirAirAsia зэрэг төсөвт ээлтэй авиа компаниуд хотуудад нь олон улсын болоод дотоодын нисэх буудлуудтай аж. Аялагчийн өдрийн нийт зардал зэрэглэлээсээ хамаараад 70 000₮-500 000₮ мянган төгрөгийн хооронд эргэлддэг.

4.       Нийслэл

Нийслэл хот Бангкок нь 8 сая давсан хүн амтай бөгөөд жуулчдын Тайландад очоод хамгийн түрүүнд очихыг хүсдэг газар нь юм. Учир нь Бангкок хот маш олон гэнэтийн бэлгээр дүүрэн. Сүм хийдүүд, Улаан гэрэлт гудамж, музей, галерей, цэцэрлэгт хүрээлэн, цэнгээний газар гээд Тайландын бүхий л алдартай зүйлсийг энд нэг дор олж үзэж болно.

5.       Цаг агаар

Тайландад үндсэн гурван улирал байдаг. Мэдээж улирал бүрт нь давуу болон сул тал бий. Хуурай улирал (11, 12-р сар) аялагчдад хамгийн тохиромжтой үе бөгөөд ердийн үед агаарын температур 32⁰С-ээс хэтэрдэггүй байна. Харин халуун улиралд (3-6-р сар) ихэнх хүмүүс далайн эргээр зугаалдаг аж. Энэ үеэр агаарын температур өндөр байдаг учраас зах хязгааргүй үргэлжлэх Тайландын эрэг нэн тохиромжтой. Улсын хойд хэсэг болон нийслэл Бангкок хотод аялах тохиромжтой үе нь борооны улирал (7-10-р сар) байдаг байна.

6.       Шөнийн амьдрал

Тайландын шөнө бол аялагчдын төсөөлж болох бүхий л зүйлсийг багтаасан байдаг. Хүмүүс ч шөнөөр гарах дуртай байдаг аж. Зарим аялагчид Бангкок, Паттаяа, Пүкэт хотуудад ихэвчлэн байдаг Улаан гэрэлт гудамжнууд (биеэ үнэлэлт, секс дэлгүүр, насанд хүрэгчдийн театр гэх мэт секст суурилсан бизнес эрхэлдэг газар)-ад шөнийн цагаар зочилдог байна. Тайланд улс Жазз цэнгээний газруудаараа алдартай. Харин Бангкок хот LGBTQ (Lesbian, Gay, Bisexual, Transgender, Queer) –д ээлтэй шөнийн амьдралаараа онцгой аж.

7.       Далайн эрэг ба шумбалт

Тайланд улс 2400 гаруй км үргэлжлэх далайн эрэгтэй ба усанд шумбах хамгийн тохиромжтой орнуудын нэг юм. Харин Тайланд улсдаа Koh Tao, Сурины арлууд, Koh Chang, Chumphon зэрэг газрууд нь шумбахад нэн тохиромжтой аж. Тайландын аймаг бүрт бага судлагдсан ер бусын газар зүйн тогтоц бий. Тэр дундаа хамгийн ер бусын байгаль нь Тайландын далайн эрэг юм. Үргэлж гайхамшигтай хэвээрээ байх элсэн эрэг нь нар жаргах үеэр хамгийн үзэсгэлэнтэй харагддаг аж. Koh Kradan арлын Sunset далайн эрэг, Phuket-д байрлах Эрх чөлөө далайн эргүүд нь их алдартай.

8.       Сүм хийдүүд

Тайланд оронд 40 мянга гаруй Буддын сүм хийд бий. Эртний эзэнт гүрний, өөр өөр эрин үеийн сүм хийдүүд энд байх ба аймаг бүрт гайхалтай үзмэрүүд байдаг. Гэхдээ хамгийн ер бусын байгууламжууд элбэг тохиолдох газар нь нийслэл Бангкок хот юм.

9.       Адал явдал, зэрлэг байгаль

“Инээмсэглэлийн орон”-ы газар нутаг, байгаль нь үнэхээр ер бусын. Аялагчид энд байх хугацаандаа олон олон адал явдалтай учрах болно. Заан унаж, Ширэнгээр зугаалж, “Цагаан усны сал”-аар аялж, далайн давалгаанд гулгах зэрэг нь тэрхүү адал явдлын нэгээхэн хэсэг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, далайн эргүүд, уулс гээд Тайланд бол маш олон зэрлэг амьтдын гэр билээ. Тайландын төвд байрлах Khao Yai үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бар, зэрлэг гахай мөн заан бий. Харин өмнө зүгт байрлах Koh Phi Phi далайн эрэг сармагчнаар дүүрэн тул “Сармагчны эрэг” ч гэж нэрлэдэг аж. Гэхдээ аялагчид зэрлэг амьтдыг хооллож болохгүй гэдгийг маш сайн санах хэрэгтэй.

10.   Дэлгүүрүүд

Тайландын дэлгүүрүүд бусад орныхтой адилгүй. Дэлгүүр бүр өөр өөрийн онцлогтой, бараагаа зарахын тулд аль болох хүмүүсийн анхаарлыг татахыг хичээнэ. Эртний эдлэл, болон хуучин зүйлс зарж байх дунд зарим дэлгүүр гудамжинд суугаад идэхэд зориулсан зүйл зарж байх жишээтэй.

11.   Баяр наадам

Шашин болон сарны тооллоос үүдэлтэй Тайландын баярууд тун сонирхолтой аж. Тогтмол нэг өдрөө болдог учраас хүмүүс баярт зориулан амралтын цагаа зохицуулж чаддаг байна. Баярууд дундаас хамгийн гайхалтай нь үндэстэн даяараа тэмдэглэдэг усны тулаан Сункран юм.

12.   Баялаг түүх, соёл

Хүмүүс Тайландын хаана ч очсон эртний түүх соёлын дурсгалуудтай таарах болно. Олон хотууд жуулчдад зориулж эртний үзмэрүүдийг шинэчлэн засварласан байдаг аж. Сухотхай хот гэхэд л 1238 оны Сиамесе эзэнт гүрнийг санагдуулам шинэчилжээ.

13.   Үүргэвчтэй аялал

Төсөв багатай, үүргэвчтэй аялал хийх сонирхолтой жуулчдын хувьд хамгийн тохиромжтой улс нь учраас “Инээмсэглэлийн орон”-ыг зорих нь элбэг болсон. Тайландын гол хот бүрт явуулын дэн буудлууд их байдаг нь аялагчдад тун таатай байдаг.

Эх сурвалж: Theculturetrip.com

А.Эрхэмбаяр

#Travel