Самсунг дөрвөн төрлийн Galaxy S10-г танилцуулав


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2019-02-21

Самсунг урд шөнө АНУ-ын Сан Франциско хотод болсон арга хэмжээнийхээ үеэр 4 төрлийн Galaxy S10 болон бусад бүтээгдэхүүнээ танилцууллаа. Galaxy S10-ын загваруудын үзүүлэлтийг товч байдлаар уншигч танд танилцуулъя.

S10: Үндсэн загвар. Эхлэх үнэ $900.
Дэлгэц: 6.1 инч
Камер: Тус бүрдээ өөрийн үүргийг гүйцэтгэх 3 ширхэг арын камертай. Тэдгээр камеруудын нэг нь 16 мегапиксел байх бол үлдсэн хоёр нь тус бүр 12 мегапиксел байх юм. Харин селфи камер нь 10 мегапиксел.
Батарей: 3,400 mAh
Багтаамж болон шуурхай санах ой: S10 128GB болон 512GB гэсэн багтаамжтайгаар худалдаалагдах бөгөөд уг хоёр хувилбар нь тус бүрдээ 8GB шуурхай санах ойтой байх гэнэ.

S10 Plus: Илүү том загвар. Эхлэх үнэ $1,000.
Дэлгэц: 6.4 инч
Камер: Арын 3 камер нь үндсэн загвартайгаа ижил. Харин селфи камерын тоо нь хоёр болж нэмэгджээ.
Батарей: 4,100 mAh
Багтаамж болон шуурхай санах ой: Үндсэн загварынхаа адилаар 128GB болон 512GB гэсэн багтаамжийн сонголттой. Үүн дээр нэмэгдээд 1TB багтаамжтай 12GB шуурхай санах ойтой загвар ч мөн худалдаалагдах ажээ.

S10E: Боломжийн үнэтэй загвар. Эхлэх үнэ $750.
Дэлгэц: 5.8 инч
Камер: Ардаа 2 камертай, харин урдаа үндсэн загварын адилаар нэг селфи камертай.
Батарей: 3,100 mAh
Багтаамж болон шуурхай санах ой: Хоёр сонголт бий. 128GB багтаамж болон 6GB шуурхай санах ой эсвэл 256GB багтаамж ба 8GB шуурхай санах ой.

Мөн энэ загварт дэлгэц дээрх хурууны хээ уншигч байхгүй бөгөөд дэлгэц нь бусад загвар шигээ хүнхэр бус хавтгай байх ажээ.

S10 5G: 5G сүлжээг дэмждэг загвар. Үнэ нь хараахан тодорхой болоогүй.
Дэлгэц: 6.7 инч
Камер: Ардаа 4 камертай, урдаа хоёр селфи камертай.
Батарей: 4,500 mAh
Багтаамж болон шуурхай санах ой: 256GB багтаамж ба 8GB шуурхай санах ой гэсэн ганцхан сонголт бий. Энэ загвар нь microSD оролтгүй байх гэнэ.

Одоогоор урьдчилсан захиалга авч байгаа бөгөөд 3-р сарын 8-аас эхлэн захиалагчдынхаа гарт очих ажээ.

Дараах бичлэгээс тус загваруудыг бодитоор хэрхэн хэрэглэж байгааг үзээрэй.

Эх сурвалж: Cnet

#Technology