ЗАХИДАЛ: Тэвчээр барагдаж ойр дотныхоо хүмүүсд уураа гаргаад байна


ССҮТөв | YOLO.MN
2019-02-21

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Төрөл сэтгэлтэн олдохгүй юм шиг санагдаад байна

Би 16 настай. Энэ өсвөр насандаа их зүйлийг сурч мэдэх ёстойгоо ойлгож байгаа ч дота гэдэг тоглоомоос салж чадахгүй нь. Би бусдаас хамаагүй сайн. Гэвч гэр бүлийнхэн минь намайг зөвшөөрдөггүй. Аав бол ялангуяа тоглож харагдвал шууд л гар хүрнэ. Би олон спортоор хичээллэсэн. Сонирхол минь буураад хаячихдаг. Энэ байдлаас минь болоод одоо аав маань ч итгэхээ больсон.

Дугуйланд хамрагдъя гэхээр хий дэмий мөнгө үрээд гэх ойлголтыг магадгүй ааваас хүртсэн байх л даа. Тэгээд одоогоор хийх дуртай зүйл минь энэ тоглоом болчихлоо.

Харин гэр бүлийнхэн маань эсэргүүцэж цээрлэдэг. Хааяа зодуулахаараа амиа хорлох энэ тэр гэсэн бодол орж ирэх юм. Би уг нь их сайн сонсогч, бас тэвчигч. Хааяа тэвчээр барагдаж ойр дотныхоо хүмүүсд уураа гаргаж гомдоочих гээд байдаг.

“Өсвөр насныхны 201 асуулт” гээд номыг уншаад их зүйл ойлгосон. Харин одоо тулгарсан асуудлаа шийдэхийн төлөө мэргэжлийн хүнээс тусламж авч байгаадаа таатай байна. Баярлалаа

ЗӨВЛӨГӨӨ: Бусад зүйлсээ хийхгүй бол энэ нь хобби биш донтолт болоод хувирчхаж байгаа юм шүү

Сайн уу? Чамд захидал очих өдрийн мэндийг хүргэе! Бидэнд захидал бичсэнд баярлалаа.  Өсвөр нас бол тэр чигээрээ юунд дуртай, юу хийж ямар мэргэжилтэй болохыг хүсч байна гэдгээ таньж мэдэх буюу өөрийгөө ирээдүйд бэлтгэх чухал нас. Чи ч үүнийг ойлгож байгаа ч өөрийгөө удирдаж чадахгүй байна  гэж ойлголоо. Эсвэл чи юу хийхийг хүсч байгаагаа ойлгосон ч тэр нь гэрийнхэнд чинь зөвшөөрөгдөхгүй байгаа юм байна.

Бидний “Өсвөр насныхны 201 асуулт” номыг уншсанд талархаж байна. Дахин өөр төрлийн нэг ном сонгон аваад 1 сарын дотор унших зорилго тавиад үзээрэй. Энэ мэтээр тоглоом тоглохдоо зарцуулж байгаа цагаасаа өөр зүйлс туршихад зарцуулаарай. Дота тоглоход буруу зүйл байхгүй. Багийн ажиллагаа, мултитаскин гэх мэт олон чадварт суралцана. Гол нь чи зөвхөн дота тоглоод бусад зүйлсийг хийхгүй бол энэ нь хобби, хувийн хөгжүүлэлт биш донтолт болоод хувирчхаж байгаа юм шүү дээ. Магадгүй үүнд аав ээж нь дургүйцээд байгаа болов уу.

Тэгвэл тэдэнтэй “Би өдөрт 1 цаг л тоглоно” гэх мэт гэрээ байгуулаарай, тэгээд хэлсэн амлалтдаа заавал хүрээрэй. Мэргэжлийн кибер тамирчид хүртэл өдөрт тоглох цагийн хуваарьтай байдаг шүү дээ. Чи дота тоглох мэргэжилтэй болох, мөн түүгээрээ амьдарч чадна гэдэг итгэлгүй л байгаа болвол одооноос өөртөө амлалт өгөөд тоглох цагаа багасгахыг зөвлөж байна.

Одоогоор чи олон спорт туршиж үзсэн бол цаашид урлаг, хэл, бичлэг хийх, олон нийтийн арга хэмжээ, аялал гээд өөр зүйлсийг туршаад үзээрэй. Дотатай адилаар, эсвэл бүр илүү таалагдах зүйл олдож л таараа.

Ямар ч тохиолдолд хэн нэгэн чамд гар хүрэх эрх байхгүй, эцэг эх ч ялгаагүй. Мөн чи ч хэнд ч гар хүрэх эрх байхгүй. Хэрвээ аав нь чамд гар хүрсэн хэвээр, түүнээс болж амиа хорлох гэх зэрэг сөрөг бодол төрж байвал чи тусламж авах хэрэгтэй. Хүүхдийн утас 108 руу залгаж болно.

Дандаа л сонсоод, тэвчээд байж болохгүй. Заримдаа өөрийгөө илэрхийлээд уйлаад, яриад, бичээд гадагшлуулж байгаарай. Эхэндээ яг юу гэж хэлэх учраа олохгүй байж магадгүй. Нэг хоёр үгээр ч хамаагүй хэлээд яваа яваандаа өөрийгөө яг пинпойнт буюу тодорхой бүрэн илэрхийлдэг болоход суралцаарай. Өөрөөр хэлбэл одоогийнхоосоо илүү их ярьж бай гэсэн үг. Аав ээжтэйгээ цаг гарган дотоод бодол, мэдрэмж, зорилгоо ярилцаж үзсэн үү? Чиний дотроо юу гэж боддогийг аав чинь мэдвэл хандлага нь өөрчлөгдөж магадгүй юм. Хэрвээ хэлж чадахгүй бол эхний удаад дотроо бодогдож байгаа, аавыгаа мэдээсэй гэж хүсч байгаа бүх зүйлээ цаасан дээр цэгцтэй бичээд халаасанд нь хийгээд үзээрэй.

Чи чадна аа, амжилт хүсье! (Хэрэв сэтгэл зүйчтэй биечлэн уулзаж зөвлөгөө авах хүсэлтэй байгаа бол манай Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн 77324233 дугаарт хандаарай)

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Б.Алтанзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter