NBA “Бүх оддын амралтын өдрүүд (All-star weekend)”-ийн эргэн тойронд


YOLO.mn | YOLO.MN
2019-02-19

Бүх оддын амралтын өдрүүдийн эхний өдөр залуу Америк тоглогчдын эсрэг бусад орны буюу “Дэлхийн” залуу тамирчид тоглодог уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд Америкийн баг хожил байгуулсан юм. Өнгөрсөн жил Дэлхийн баг хожиж байсан бөгөөд энэ жилийн хоёр багийн бүрэлдэхүүн шинэ авьяастнуудаар дүүрэн байлаа. Los Angeles Lakers багийн залуу од Кайл Кузьма Америкийн багийг 35 оноо авч тэргүүлсэн бол Дэлхийн багийг 28 оноо авснаар Philadelphia 76ers багийн залуу од Бен Симмонс тэргүүлсэн юм.

Бүх оддын амралтын өдрүүдийн хоёр дахь өдөр ивээн тэтгэгчдийн нэрэмжит тэмцээнүүд болдог. Тэр дундаа бүх оддын тохолт, холын шидэлт, ур чадварын тэмцээнүүд нь үзэгчдийн анхаарлыг хамгийн их татдаг. Энэ жилийн Ур чадварын тэмцээнд орсон найман тоглогчдоос Boston Celtics багийн залуу од Жэйсон Тэйтүм түрүүллээ.

ДИАЛЛО ЦАГИРАГТ ТОХОЙГОО ХИЙВ

Бүх оддын тохолтын тэмцээнд Oklahoma City Thunder багийн залуу тоглогч Хамиду Диалло түрүүлсэн юм. Түүнийг түрүүлэхэд хамгийн их нөлөөлсөн зүйл нь 2.16 метр өндөртэй тоглогч асан Шакилл О’Нил-ийн дээгүүр үсэрч цагирагт тохойгоо хийн тохсон үзүүлбэр байлаа. Түүнтэй сүүлчийн шатанд өрсөлдсөн New York Knicks багийн тоглогч Деннис Смит Жуниор шигшээ шатны эхний үзүүлбэрээ алдсанаар бага оноо авч ялагдсан юм.

ХАРРИС ХОЛЫН ШИДЭЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ТААМГИЙГ ЭВДЛЭЭ

Харин холын шидэлтийн тэмцээнд хэний ч тааварлаагүй тоглогч түрүүлсэн нь Brooklyn Nets багийн тоглогч Жо Харрис байлаа. Тэрбээр холын шидэлтээр лигтээ тэргүүлдэг Стефен Көрри, Дэнни Грийн, Кемба Уокер тэргүүтэй шилдгүүдтэй өрсөлдөн түрүүлсэн ба багийнхаа бүх оддын холын зайн шидэлтийн тэмцээнд түрүүлсэн анхны тоглогч болсон юм. Сүүлийн шатанд Харрис нийт 34 оноо авахаас 26-г нь авсан ба энэ нь түүхэнд дөрөвт бичигдэх амжилт юм. Энэ үзүүлэлтийн дээд амжилтыг 2018 оны бүх оддын холын шидэлтын тэмцээний ялагч Девин Бүүкер 28-г авснаар тогтоож байжээ.

КЕВИН ДУРАНТ “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ”-ЫН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ БОЛЛОО

NBA-ийн “Бүх оддын тоглолт” бол энэхүү арга хэмжээний оргил үе. Энэ жилийн тэмцээнд үзэгчдээс хамгийн их санал авсан Los Angeles Lakers багийн тоглогч Леброн Жэймс болон Milwaukee Bucks багийн тоглогч Яннис Антетокунмпо нар баг бүрдүүлж хоорондоо тоглосон юм. Тэгвэл тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Golden State Warriors багийн тоглогч Кевин Дурант хоёр дахь удаагаа шалгарлаа. Тэрээр өмнө 2012 онд Oklahoma City Thunder багт байхдаа тус шагналыг авч байжээ.

Өнгөрсөн жилээс хамгийн өндөр санал авсан тоглогчид баг ахлах болсон бөгөөд Леброн Жэймс хоёр дахь жилдээ баг ахалж мөн хоёр дахь жилдээ хожлоо.

Хамгийн анхны бүх оддын тоглолт 1951 онд Бостон хотноо болж байсан. Ирэх жилийн бүх оддын тоглолт Чикаго хотод болно.


А.Эрхэмбаяр

#Sports #NBA_All_Stars_2019