Н.Булгантамир: Хүн маш сайн хийж чаддаг зүйлээ амархан сурсан байдаггүй


Бид та бүхэндээ хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хөдөлмөрлөж буй нэгэн хүндтэй илтгэгч, мэтгэлцэгч залуугийн YOLO-гийн уншигчдад зориулан өгсөн ярилцлагаас хамгийн чухал зөвлөгөө мэдээллийг товчлон хүргэе.

Түүнийг Н.Булгантамир гэдэг. Отгонтэнгэр их сургуулийн оюутны холбооны тэргүүн, эрх зүйн ангийн 3-р курсийн оюутан бөгөөд 2015 оноос илтгэх урлаг, мэтгэлцээнээр хичээллэжээ. Тухайн жилээ тэрээр нийслэлийн мэтгэлцээний аварга болж, улмаар энэ чиглэлээр сонирхдог залууст авьяас чадвараараа танил болсон нэгэн.

YOLOМэтгэлцэгч байх нь танд хэр үнэ цэнэтэй зүйл вэ?

-Энэ хугацаанд илтгэх урлагаар өөрчлөгдөж, өөрөө өөрийгөө олж, өрсөлдөх чадвартай болж, өөрийнхөө ирээдүйн зорилгуудыг бий болгосон болохоор миний хувьд нандин үнэ цэнэтэй зүйл.

YOLO4 жилийн хугацаанд чамгүй олон зүйл болж өнгөрсөн байх. Тэмцээн уралдаан гэдэг ялалт ялагдалтай байдаг. Ялагдсан үедээ өөрийгөө хэрхэн хурцалдаг байв?

-Хүнд гэр бүлийн харилцаа гэдэг маш чухал. Ээж бид 2 яг л хутга билүү хоёр шиг. Би хутга нь, ээж минь билүү нь гэсэн үг. 2015 онд би нийслэлийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд аварга болоод гэртээ орж ирэхэд ээж минь “Аан” гэж л хэлсэн. Авсан шагналыг минь үнэлж байгаа процесс нь хэзээ ч нүүрэн дээрээ биш байдаг. Үүнээс л энэ хүнд нэг үнэлэгдэж үзэх юмсан, энэ хүний бахархлыг нь төрүүлэх хүүхэд нь болох юмсан гэх бодлоор л өөрийгөө хурцалдаг. Асар их өвдөлтийн давж төрүүлсэн хүүхэд нь сайн сайхан явааг хараасай гэх бодлууд нийлж өөрийгөө хурцлах илүү ихийг хийж бүтээх шалтгаан болсон.

Илтгэх урлаг, мэтгэлцээн сонирхогчдод зориулсан Н.Булгантамирын зөвлөгөө

Өгөгдсөн 3 минутад асар том цар хүрээтэй сэдвийг бүрэн гаргалгүй индэр дээрээс буух тохиолдол байдаг. Тиймээс илтгэлийн агуулга жижигхэн зүйлээс хүмүүст мэдлэг өгөх илтгэл бэлдэх хэрэгтэй.

Сайн илтгэл бэлтгэхийн өмнө өөртөө тавих асуултууд

  1. Хамгийн түрүүнд би яаж хугацаандаа хүрэх вэ?
  2. Би юу ярих вэ?
  3. Яаж сонирхолтой ярих вэ ?
  4. Би яаж хүмүүст мэдлэг өгөх вэ? Хамгийн эхэнд ямар хүмүүст ярих гэж байгаагаа бод. Хэрвээ сурагчдад илтгэл тавих гэж байвал академик түвшний мэдээлэл хэрэггүй.  Тухайн илтгэлээ хэлэлцүүлж байхад сонсох хүмүүс нь ямар хүмүүс байна гэдгээс хамаараад ярих яриа авах жишээ чинь өөрчлөгдөнө гэсэн үг. Жишээ нь: сурагчдад эрүүгийн хуулийн  14-ийн 1-д зааснаар гэж ярихаасаа илүү энэ хуулийг дагаж мөрдөх ёс суртахууны итгэл үнэмшил хэрэгтэй байна гэж яривал илүү ойлгомжтой болно

Сандралаа дарах арга

  1. Анх болзоонд яваад цэцэрлэгт хүрээлэнд хайртай залуутайгаа алхаж байна гэж бодъё. Эрэгтэй чинь чиний гараас барих гээд л чадахгүй  эхлээд хүрч үзнэ дараа нь алгуурхан барина дараа нь атгана. Та хоёр хэрвээ энэ болзоог 365 удаа хийгээд 366 дахь удаагаа тэр анхны мэдрэмж байхгүй анх удаагийнх шиг сандрахгүй яг үүнтэй л адилхан анх индэр дээр гарахад бүх бие ээ чангалдаг, айдаг. Тэгэхээр хамгийн гол нь давтамжтай хий.
  2. Хүн маш сайн хийж чаддаг зүйлээ амархан сурсан байдаггүй.  Гол нь түүнд хэн хамгийн сайн сэтгэлээ бэлдсэн байна, хэн хатуужилтай байна гэдгээс л чиний илтгэл шалгарах үгүй нь тодорхой болно. Тиймээс өөртөө итгэлтэй байгаарай.

Шантарч няцахгүйн тулд...

  1. Ялагдах, хасагдах, бууж өгөх нь бурхнаас бидэнд өгсөн бэлэг. Дандаа ялдаг бол ялагдлын амтыг мэдэхгүй. Ялагдаж байж алдаанаасаа суралцдаг. Алдаа муу зүйл биш хүн бүр алддаг гэхдээ ялагдал бууж өгөх шалтгаан биш.
  2. Илтгэгч хүнд байх ёстой чанар
  3. Илтгэгч хүн үнэнийг баримтлах ёстой.
  4. Хийж буй үйл явцаа дуусга. Үр дүнг нь гарга.
  5. Ямар үр дүн гарах вэ гэж бодож зорилгоо тодорхойл. “Бүх том өөрчлөлтүүдийг аугаа бичигч нар биш аугаа илтгэгч нар хийсэн байдаг” гэсэн ишлэл ч бий. Зөв хандлагатай, зөв зорилготой, зөв явахад гаргасан амжилт чинь чиний өмнөөс ярьдаг юм шүү.

#Мэтгэлцээн