Этгээд хачин хүү ЭД ШИРАН


YOLO.mn | YOLO.MN
2019-02-18

Өөрийгөө “Дэндүү этгээд хачин хүү байсан” хэмээн тодорхойлсон, Их Британийн алдарт дуучин Эдвард Кристофер Шираныг Эд Ширан нэрээр нь дэлхий нийт танина. Дуучин, гитарчин, дуу зохиогч тэрээр бартаат амьдралыг туулж ирсэн нэгэн.

Эд 1991 онд Английн Халифаксд хоёрдугаар сарын 17-нд мэндэлжээ. Хэдий сул дорой харагддаг нэгэн байсан ч 4 настайгаасаа сүмийн найрал дуунд дуулж удалгүй гитар тоглож сурсан төдийгүй 11 настайгаасаа ая зохиож эхэлсэн гэдэг. Тийм ч учраас түүний анхны хайр бол “хөгжим” гэж болно.

Эд Ширан СУПЕР ОД болсон нь

Багадаа өдөр бүр шоовдорлогддог байсан тэрээр 16 насандаа сургуулиа орхиж, Лондон хот руу нүүн, хөгжмийн дамжаанд суралцахаар болжээ. Мэдээж маш амжилттай суралцаж, дамжаагаа дүүргэсэн боловч байрны түрээсээ төлж чадахгүй байсан тул орон гэргүйчүүдийн эгнээнд нэгдсэн юм. Бурхнаас заяасан авьяастай түүнийг хатан хааны ордны хүндэтгэлийн тайзан дээр дуулж удалгүй дэлхийн супер оддын нэг болно гэж зүүдлээ ч үгүй биз. 

Түүний дуунууд Youtube-д хэдийнээ танигдан олны таашаалыг хүлээгээд байлаа. Удалгүй тэрээр ямар ч гэрээ байгуулаагүй, байрлах газар ч үгүй байхдаа Лос Анжелесыг зорилоо.

Бартаа саадыг чамгүй туулсны эцэст түүний дуу iTune-д 2-р байр эзэлж “Атлантик Рекордс”-оос ажлын санал авчээ.

Эд Ширан ийнхүү урлагийн ертөнцөд 2008 оноос хөгжмийн карьераа эхэлж, 2011 онд гаргасан анхны бие даасан “+”цомог нь алдар нэр авчирч маш богино хугацаанд 102 мянган хувь борлогдсон юм. Уг цомог нь Британийн шилдэг борлуулалттай дебют цомгоор шалгарсан түүхтэй.

Грэммийн хошой шагнал, "Billboard Music Awards"-ын оны шилдэг дуучин, шилдэг жүжигчин гэх зэргээр түүний шагналуудыг тоочвол урт жагсаалт гарна.

"Game of Thrones" цувралын долдугаар улирлын нэгэн жижиг хэсэгт дүр бүтээж 2017 онд фэнүүддээ гэнэтийн бэлэг барьсныг санаж байгаа биз ээ.

Түүний хайр дурлал

Тэрээр Шотланд дуучин, дуу зохиогч Нина Нэсбиттэй болзож байсан ч 2012 онд түүндээ зориулан “Нина”, “Гэрэл зураг” зэрэг дуугаа гаргаад удалгүй салцгаасан юм. Нина Эдийн “Drunk” дууны клипэнд тоглосныг та бүхэн мэдэх биз ээ. Бүсгүй ч мөн Эдэд “Peroxide” дуугаа зориулсан гэдэг.

Эд 2014 оноос Атина Андрелос хэмээх бүсгүйтэй болзож байхдаа “Thinking Out Loud” дуугаа түүнд зориулж байв. Дараа жилийнхээ хоёрдугаар сард тэд салцгаажээ.

Эд Ширан дунд сургуульд байхдаа нэг ангид сурч байсан, хоккейчин бүсгүй Черри Симборнтой сүй тавьснаа 2018 оны нэгдүгээр сард албан ёсоор зарлаж байсан бол төд удалгүй ядам хуруундаа хуримын бөгж зүүсэн хосыг нууцаар гэрлэсэн хэмээн олон нийт таамагласан юм. Тэдний үерхэл 2015 оноос эхэлсэн гэдэг.

Эд Шираны алдартай хит дуунуудаас...

Shape of You

Perfect

Thinking Out Loud

Эд шүүхэд дуудагдав

Зохиогчийн эрхийн асуудлаар, тухайлбал түүний “Thinking Out Loud” дууг АНУ-ын дуучин, продюсер Марвин Гей агсны 1973 онд олны хүртээл болгосон “Let get it on” дуунаас хуулбарласан хэмээн буруутгаж шүүхэд дууджээ. Шүүхийн шийдвэр хараахан гараагүй байна.
Марвин Гей агсны тус дууг эзэмшдэг “Structured Asset Sales” компани зарга мэдүүлж, Эд Ширанаас 100 сая ам.доллар нэхэмжилсэн байна. Тэд дууны ая, басс, хэмнэл зэргийг хуулбарласан гэж үзжээ.

“Thinking Out Loud” дуу нь Биллбордын жагсаалтыг удаа дараа тэргүүлсэн бөгөөд “X” нэртэй цомогт нь багтсан. Мөн 2016 оны “Гремми”-ийн наадмаар шилдэг поп дуугаар шалгарч байсан юм. Youtube-д тус дуу нь 2.3 тэрбум хандалт авчээ.

Түүний талаарх мэдээллийг ЭНДЭЭС дэлгэрүүлж уншаарай.

#EdSheeran