AILEE: Хамгийн чухал зүйл бол өөрийгөө хайрлах


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-02-04

AILEE ГЭЖ ХЭН БЭ?

 Дуучин Эйлий (Ailee) 1989 оны тавдугаар сарын 30-нд төрсөн бөгөөд жинхэнэ нэрийг нь Ий Еэ Жин (Lee Ye Jin) гэдэг аж. Тэрээр Өмнөд Солонгост дуучин болохоосоо өмнө Америкийн Muzo энтэртайментэд ажилладаг байжээ. 2010 онд Өмнөд Солонгос руу нүүснээр түүний кпоп дуучин болох эхлэл тавигдаж, YMC энтертайменттай гэрээ хийсэн байна.

Солонгост дуучин болохоосоо өмнө “mzamyx3” нэртэй Youtube сувагт өөрийн дуулсан бичлэгүүдийг хийж олонд танигдаж эхэлсэн. 2012 онд анхны уран бүтээл болох “Heaven” дуугаа олны хүртээл болгож дадлагажигчаас албан ёсоор дуучны статустай болжээ. Хоёр сарын дараа Эйлий “Cyworld”-оос хоёр шагнал хүртсэн нь “Сарын шилдэг дуу”, “Шилдэг шинэ уран бүтээлч” хэмээх шагнал байлаа. Энэ үйл явдлын дараа “Азийн Хөгжмийн Наадам”-аас, “Шилдэг шинэ дуучин” шагнал хүртжээ.

Амжилт дагуулсан “I WILL SHOW YOU”

Мөн оны 10-р сард Эйлий “I Will Show You” нэртэй шинэ уран бүтээлээ цацсан нь түүнд багагүй амжилтыг авчирчээ.

Тэрээр энэ дуугаараа Music Bank хөгжмийн нэвтрүүлэгт оролцож “Gangnam style” дуутай өрсөлдөн, ялалт байгуулж анхны цомоо авчирч байжээ. Мөн 55 дахь “Грэммийн Шагнал Гардуулах Ёслол”-ын өмнөх үдэшлэгт тусгай зочноор оролцож “Өсөж Буй Од” хэмээх шагналыг авсан юм.

Чартын ХАТАН ХААН Эйлий

2017 онд “GOBLIN”-ий дууг дуулсан нь Эйлийд санаанд оромгүй их амжилт авчирсан юм. Тус оны нэгдүгээр сарын 7-нд цацагдсан “I Will Go to You Like the First Snow” дуу  PAK (Perfect All Kill) буюу бүх Өмнөд Солонгосын томоохон чартуудад  нэгдүгээрт орж чаджээ.

Энэ дуу дараагийн сардаа ч “Gaon”-д өөрийн амжилтаа хадгалж чадсан хэвээр байсан. Мөн таван сарын дотор 1,5 сая хүн түүний дууг “Gaon”-оос татаж авч оны сүүл гэхэд 165,307,579 удаа сонссоноор “Gaon”-ий түүхэнд шинэ рекорд тогтоожээ.

Харин Music Bank-ийн чартад 20 долоо хоног тэргүүлж чадсан бол Melon чартад 779 цагийн туршид нэгдүгээрт бичигдсэн аж.

 

‘Hello Taipei 2017'

Түүний Тайван дахь анхны бие даасан тоглолтын тасалбарын 68% нь ганцхан цагийн дотор зарагдаж байв.

AILEE: Өөрийгөө ямар харагдаж байгаадаа санаа зовохоо болихоор шийдсэн

Солонгос дуучдын хувьд сайхан харагдах гэдэг бол хамгийн чухал зүйл гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс тэдний жин барих, турах аргууд нь олон хүмүүсийг цочирдуулах нь түгээмэл. Учир нь өдрийн турш чихэрлэг төмс идэж, нэг аяга сүү ууж жингээ барих нь хүн бүрийн хувьд боломжтой зүйл гэж үү? Дуучин Эйлийгийн хувьд жингээ барих нь хамгийн хэцүү зүйл байсан бөгөөд “дуучин” байхын тулд өөрийн жингээс болж маш их хямардаг байжээ.

Түүний жинг 49-50 кг байх ёстой гэдэг ба тайзан дээр гарахаас өмнөх өдрүүдэд маш их дэглэм барьдаг байжээ. Харин Hidden Singer нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би өөрийгөө ямар харагдаж байгаадаа санаа зовохоо болихоор шийдсэн. Би зөвхөн дуулахдаа л анхаарна. Ер нь хамгийн чухал зүйл бол өөрийгөө хайрлах шүү дээ” гэж хэлсэн байна.

#Kpop #KoreanStar