НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: МИЛЛЕННИУМ цуврал 2


М.Тэнгис | YOLO.MN
2019-02-03

Амласан ёсоор Миллениум цувралын удаах ботийн тэмдэглэлийг хүргэж байна. Өмнө нийтэлсэн зохиолчийн тухай болон Луун шивээст охин ботийн тэмдэглэл таалагдсан гэж найдаж байна.

ГАЛААР НААДСАН ОХИН

Микаел Бломквист нэгэнтээ санхүүгийн ертөнцийн зартай луйварчин Ханс Эрик Уэннэрсртомын булхайг дэлгэхээр оролдож, нийтлэл бичиж байсан ч, шүүх түүнийг гэмгүй хүнийг гүтгэн доромжилсон хэргээр яллаж байсан удаатай. Харин Лизбет Саландер өөрийн хосгүй чадварыг ашиглан Уэннэрстромыг бүрэн сүйрүүлж болохуйц бүх мэдээллүүдийг Микаелд олж өгөн тусалдаг бөгөөд, үгүй болох нь тодорхой болсон мөнөөх луйварчны дансанд байршиж буй олон тэрбум кронныг хуурамч паспорт үйлдэн өөрийн болгож авна.

Санхүүгийн хувьд насаараа идээд ч барахгүй хөрөнгө цуглуулж чадсан Лизбет өрнөдийн далайн эргүүдээр зугаалж, Стокгольмд арав гаруй өрөөтэй тансаг байшинд орж суулаа. Гэвч түүнийг 12 настай байхад нь дайрсан “газар доорх гай” тайван орхисонгүй. Тэр галаар наадах хэрэгтэй болжээ.

Милленниум сэтгүүлд гэрээт сэтгүүлчийн алба хаших болсон авьяаслаг эрэн сурвалжлагч Даг Свенссон хүний наймааны тухай шуугиан тарихуйц судалгаа бэлдээд буй. Микаел Бломквистийн зөвлөгөөн дор Милленниум сэтгүүлийн нэр дээр уг дуулиант судалгаагаа ном болгон хэвлэхээр төлөвлөж байлаа. Хэрэв ном хэвлэгдвэл Шведийн нэр бүхий олон цагдаа, сэтгүүлч, бизнесменүүдийн хүний наймааны хэрэгт оролцож байсан том гэмт хэргийн сүлжээ илчлэгдэнэ. Даг Свенссоны эхнэр Миа Жоханссон ч бас эмэгтэйчүүдийн эрхийн судалгаагаар тун удахгүй докторын зэрэг хамгаалах гэж буй, бас хэвлийдээ анхны хүүхдээ тээж яваа...

Компьютерын чадварлаг хакер луун шивээст охин Вангерийн хэргээс хойш дурлаж орхисон Микаелтай дахиж хэзээ ч харьцахгүй хэмээн ам гараад буй. Тиймдээ ч, түүний дуудлага, захидал сэлтийг сөхөж ч үзэлгүй хогийн сав руу чулуудна. Гэхдээ Милленниум сэтгүүлийн редакцын компьютерүүдийг ухаж төнхөхөө мартсангүй. Улмаар удалгүй хэвлэгдэх гэж буй Даг Свенссоны судалгааны материалыг олж унших агаад, өнөөх “газар доорх гай”-г эхлүүлсэн, түүний хамгийн их үзэн яддаг хүний нэрийг олж үзнэ. Энэ нь түүнийг  сэтгүүлч Даг Свенссоны гэр лүү явах хангалттай чухал шалтгаан болжээ.

Нэг л мэдэхэд Шведийн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр Лизбет Саландерийг сэтгүүлч Даг Свенссон, судлаач Миа Жоханссон нарын амийг хөнөөсөн хэргээр эрэн сурвалжилж буй мэдээ тарах нь тэр. Гэвч бүсгүй буруугүй билээ.

Мөрдөгч Иан Бубланскигаар ахлуулсан цагдаагийн баг хэрэг үйлдсэн газрын ойролцоо олдсон гар буун дээрх хурууны хээгээр Лизбет Саландерийг эрэн сурвалжлах шийдвэрийг гаргасан. Иргэний бүртгэлээр хөөн лавшруулах тусам түүнийг сэтгэцийн өвчтэй, асран хамгаалагчийн дор амьдардаг тухай мэдээлэл олдож, этгээд гаж хувцасласан зургийг нь харах бүрд түүнийг яллагдагчаар татах үндэслэл бүрнээ байх мэт санагдана. Гэвч, цогцсыг анх олсон сэтгүүлч Микаел Бломквист, Милтон Секьюрити компанийн захирал Драган Армански нар Лизбетийг сэтгэцийн хувьд цоо эрүүл, тэр ч бүү хэл тэдний мэдэх хамгийн ухаалаг эмэгтэй хэмээн мэдүүлдэг.

Жилийн өмнө Вангерийн хэргийг хамтдаа илрүүлснээс хойш өөрөөс нь илтэд дөлж, ганц ч холбоо бариагүй дотнын анд Лизбетийг нь хүн амины хэргээр эрэн сурвалжилж эхлээд байхад сэтгүүлч Микаел Бломквист, түүний Миллениум сэтгүүл зүгээр сууж чадсангүй. Цагдаагийн мөрдлөгийн багаас өрсөн хөдөлж, түүнийг яллан шоронд суулгахаас өмнө үнэн мөнийг олох шаардлага тулгарчээ.

Луун шивээст охин тэдний амийг хөнөөгөөгүй гэдэгт Микаел бат итгэх ажээ. Уйгагүй хөдөлмөрийн ачаар Микаел Бломквист Лизбетэд зурвас уншуулж дөнгөлөө. Тэрбээр түүнийг өөрийнх нь компьютер луу нэвтэрч байгааг гадарлан, дэлгэцэн дээрээ “САЛЛИ-Д” нэртэй хавтас нээж үлдээсэн нь тийнхүү амжилт олов. Хэсэг хугацааны дараа түүний нүдний өмнө өөрийнх нь компьютер дээр шинэ файл үүсэх нь тэр. Лизбет түүнд ганц үг бичиж үлдээжээ. ЗАЛА. Даг Свенссоны судалгааны материал дээр олон удаа тааралдаж байсан, ор мөр нь олддоггүй хамгийн нууцлаг хэр нь нэр нөлөөтэй хүний наймааны бизнес эрхлэгчийн нэр Зала.

Нэгэнт орон даяар эрэн сурвалжлагдаж буй Лизбетэд хэний ч мэдэхгүй тансаг байшиндаа нуугдан хярахаас өөр арга үлдсэнгүй. Тэрбээр өөрөө ч амь үрэгдэгсдийн тухай мэдээг дуулаад цочирджээ. Өөрийг нь чухам яагаад эрэн сурвалжлах болсныг бүр ч ойлгосонгүй. Алуурчин хэн бэ гэдгийг ч мэдсэнгүй. Гэхдээ түүнд цор ганц хань болох сүүлийн үеийн дэвшилтэт компьютер нь байхад бүсгүй мөрдлөгийн үйл явцын тайлантай цаг тутам танилцах хийгээд, прокурорын хувийн материал руу ч нэвтэрч чадаж байлаа. Олон жилийн өмнөх дуусгаагүй ажлаа дуусгах хэрэгтэй болжээ. Нуугдаж суухаас залхаж, цэг тавихаар зориг шулуудав. Тэр өөрийн эцэг Залаг хөнөөхөөр шийдсэн нь тэр.

Сэтгүүлч Бломквистийг Лизбетийн мөрөөр амьсгаа даран хөөж ирэхэд, хөл болон нүүрэндээ сүхээр цавчуулсан Зала, хүн харахын аргагүй болж шороонд хутгалдсан луун шивээст охин угтана. Лизбет Саландер гурвантаа буудуулсан байлаа.

Дараагийн ботийн тэмдэглэлийг маргааш хүлээн аваарай.

#Book