С.Такума, О.Уянга: Залуудаа амьдрал зохиох нь зөв гэж уриалахгvй ч болохгүй зүйл биш


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2019-01-30

Влог сонирхогчдын дунд танигдаж яваа залуу хос Такума Уянга хоёрыг бид ярилцлага буландаа урьж оролцууллаа. Тэдний хайрын түүх, бяцхан өхөөрдөм хөөрхөн хүү Тото болон сонирхолтой бичлэгүүд нь олны хайрыг их татдаг. Такума Уянга хоёрын сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу.

YOLOСайн байн уу? Юуны өмнө гэр бүлийнхээ шинэ гишүүнийг угтаж авсанд баяр хүргэе. Өөрсдийгөө уншигчдад маань дэлгэрэнгүй танилцуулаач.

Уянга: Сайн, сайн байна уу? Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Олзбаярын Уянга гэдэг. Бадмаараг ахлах сургуулийг 2018 онд төгссөн. Бүжиглэх, дуулах сонирхолтой. Саяхан хөөрхөн хүүтэй болсон 18 настай залуу ээж байна.

С.Такума: Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Сато Такума гэдэг. Япон улсын иргэн. Өнгөрсөн жил Ирээдүй цогцолбор 86-р сургуулийг төгссөн. Хөл бөмбөг тоглох дуртай. 19 настай залуу аав.

YOLOТа хоёр бидэнд анх танилцсан түүхээсээ хуваалцаач.

Уянга: Бид хоёр хүмүүсийн боломжгүй гэж боддог цахим сүлжээгээр буюу Инстаграмаар анх танилцаж байсан. Хоёр сар харилцсаны эцэст, 2017 оны есдүгээр сарын 2-нд анх удаа бие биетэйгээ уулзсан. Хүмүүс гайхах байх л даа. Гэхдээ бид  хоёр анх уулзсан тэр өдрөөсөө үерхэж эхэлсэн. Учрах ёстой хүмүүс эрт орой нь хамаагүй учрах цагтаа л учирдаг гэж би боддог.

Тэдний дэлгэрэнгүй танилцуулга

YOLOТакума Япон хүн гэсэн шүү дээ. Үерхэж эхлэхэд хэлний асуудал зэрэг бэрхшээл тохиолдсон уу?

Такума: Би 2015 онд анх Монголд ирсэн. Яг үнэндээ би Монгол хэл, соёл, дэг журам юуг нь ч мэдэхгүй ирж байсан. Олон найз нөхөдтэй болоод монгол хэлийг тодорхой хэмжээнд сурсан. Уянгатай анх танилцах үед бид хоёр заримдаа л хэлний бэрхшээл тулгарч нэгнийхээ үгийг ойлгож чадахгүй буруу ойлголцож маргалддаг байсан. Одоо бол нэгнийгээ маш сайн ойлгож, бараг хэн хүнээс илүү сайн мэддэг болсон доо

YOLOХамтдаа их хөгжилтэй влог хийж Youtube-д байршуулсан байсан. Vlog хийе гэсэн санаа анх яагаад төрөв?

Такума: Анх Уянга маань санаачилсан. Уянгаас анх сонсоод надад маш сонирхолтой санагдсан. Тэгээд зориг гаргаад хэдий туршлагагүй, юугаа ч мэдэхгүй ч гэсэн өнгөрсөн жилийн зургадугаар сараас влогoo Youtube-д хийж эхэлсэн юм.

YOLOТакума яагаад Монголд ирсэн бэ?

Такума: Япон улсад есдүгээр ангиа төгсөөд өөр сургууль сонгож ахлах ангидаа сурдаг юм л даа. Би есдүгээр ангиа төгсөөд аль сургуульд орох вэ гээд бодож байтал ээж маань гэнэт нэг өдөр “Монгол улс руу явбал ямар вэ?” гэсэн санал тавьсан. Тэгээд би тэр үедээ нээх юм бодоогүй “Тэгье” гээд л явсан даа.

YOLOНэг нэгнийхээ ямар зан чанарт татагдсан гэж боддог вэ?

Уянга: Надад анх гадаад хүн гэдэг утгаараа их сонирхолтой байсан. Гэхдээ эмэгтэй хүн дасаж дурладаг гэж үнэн байхаа. Тэр хүндээ дасчих л юм бол юм бүхэн нь сайхан харагддаг юм болов уу? /инээв/

Такума: Би Уянгаагийн шударга, бодсон зүйлээ нуулгүй хэлдэг занд нь татагдсан. Япон охид, монгол охидоос тэс өөр. Дотроо боддог. Өөрийн бодлоо  хэлээд байдаггүй юм шиг санагддаг. 

YOLOТа хоёрын хувьд өөр өөр орны соёлд дасахад хэр хүндрэлтэй байсан бэ?

Уянга: Би Японд ирээд таван сар болж байна. Миний бодлоор аливаа улс оронд очиход хамгийн эхэнд гардаг бэрхшээлүүд гэвэл хэл, хоол, соёл гэж боддог. Япон оронд одоо дассан гэж хэлэхдээ итгэлгүй байна. Учир нь Монгол, Япон улс хоорондоо маш их соёлын ялгаатай. Тиймээс хугацаа орох байх.

Такума: Би мөн Уянгатай санал нэг байна. Гэхдээ одоо бол би Монгол оронд дасчихсан. Надад Монгол улс харин ч илүү амар амгалан, эрх чөлөөтэй санагддаг.

YOLOҮерхдэг гэж эцэг эх чинь мэдээд хэрхэн хүлээж авсан бэ?

Уянга: Аль аль тал маань эерэгээр хүлээж авч байсан.

YOLOЧөлөөт цагаараа хамтдаа юу хийх дуртай вэ?

Такума: Японд ирснээс хойш аль болох чөлөөт цаг гарвал хамтдаа аялахыг хичээдэг болсон.

YOLOХамгийн дурсамжтай үеэсээ хуваалцаач.

Такума: Бид хоёр Монголд байхдаа тусдаа гарах тухайгаа яаж ээж аавдаа хэлэх вэ гээд ярьж суухдаа айх, догдлох хоёр аль аль нь зэрэг давхцаад их л сонин байж билээ. Тэр үе сэтгэлд тод үлдсэн. Ер нь хүн хүсвэл ямар ч цаг үеийг дурсамжаа болгож чаддаг юм шиг санагддаг.

YOLOИйм залуу насандаа хүүхэдтэй болно гэдгийг хүн болгон өөр өөрөөр хүлээж авдаг. Та хоёрын хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

Уянга: Бид хоёр хувьдаа илүү их боломж нээгдэж байна гэж бодсон. Залуудаа амьдрал зохиох нь зөв зүйтэй гэж уриалахгvй ч өөрсдөө хариуцлагаа хүлээж амьдарч чадна гэсэн хүсэл зориг тэвчээр хатуужилтай байвал болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Эрт ч бай орой ч бай хүүхэд гэдэг асар том ертөнц, аз жаргал авчирдаг үнэт зүйл юм шүү дээ.

Хүүгээ мэндлэх үед хийсэн бичлэг

YOLOБие биедээ гомдож, үл ойлголцох үе гардаг байх. Тэр үедээ яадаг вэ?

Такума: Ер нь аливаа хэрүүл ихэнхдээ өөрсдөөс минь болж биш өрөөлөөс болж гардаг болохоор амар тайван, цэгцтэй шийдэх нь зөв гэж боддог. Бид хоёр анх бие биендээ маш их гомдож туньдаг байсан. Тэр үедээ бас л хэл сайн мэдэхгүй, ойлголцохгүй, хэрүүлээр л шийддэг байсан. Харин одоо бол эхлээд хэн нэгэн нь дуугаа хурааж, хэсэг хугацаа өнгөрч тайвширсан үедээ ярилцдаг болсон.

YOLOТанай гэр бүлийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Уянга: Хүүхэд маань төрөөгүй байхад би өглөө үүрийн гурван цагт босоод Такумагийн өдрийг хоолыг бэлдэж өгдөг байсан. Харин хүүхэдтэй болоод шөнөдөө жаахан ядраад таван цаг өнгөрөөж хоолыг нь хийж өгдөг болсон. Тэгээд өдрийн цагаар зав гарвал гэрээ цэвэрлэнэ. Миний хувьд бол жинхэнэ ээж хүн, гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэж байна даа.

Такума: Би өглөө зургаан цагаас ажилдаа яваад, орой зургаан цаг өнгөрөөж ажлаа таран гэртээ ирж, бусдын л адил амьдарч байна.

YOLOТа хоёрт амьдралдаа баримталж явдаг зарчим бий юу?

Такума: Манай гэр бүл бодохдоо “Одоо инээсэн нь дээр үү, эсвэл ирээдүйд инээсэн дээр үү” гэсэн бодолтой байдаг. Энэ нь “Одоо инээгээд хүссэнээрээ зугаалаад, ирээдүйгээ мэдэхгүй амьдарсан дээр үү, аль эсвэл одоо жаахан тэсч хөдөлмөрлөөд ирээдүйдээ зорилготой байсан дээр үү”  гэсэн утгатай. Одоогоор манай гэр бүл ийм зарчимтай амьдарч байна.

YOLOИрээдүйд хамтдаа хийж үзэхийг хүсдэг зүйлс бий юу?

Бид гурав маш олон орноор аялж vзээд хамгийн их таалагдсан улс орондоо ажиллаж амьдрахыг хүсдэг.

YOLOЯрилцлагын төгсгөлд залуу хосуудад хандаж үг хэлээч. 

Такума, Уянга: Бүх зүйл тэгээс эхэлдэг учир бүгдийг тэсээд, хамтдаа даван туулж, зорилготой амьдраарай. Тэсвэр хатуужил, хичээл зүтгэл байхад бүтэхгүй зүйл гэж байдаггvй юм шүү! Цаг хугацаа бүгдийг харуулдаг юм байна лээ. Залуу гэлтгүй бүх сайхан хосууддаа эрүүл энх урт удаан аз жаргалтай амьдраарай гэж манай гэр бүлийн зүгээс хүсэн ерөөж байна.

Мөн бид хоёр цаашдаа влогоо улам хөгжүүлэх болно. Манай гэр бүлийг дэмжин влогийг маань үздэг бүх хүмүүстээ маш их баярлалаа.

Танай хамт олонд ч гэсэн ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Ярилцлагадаа урьж оруулсанд маш их баярлалаа.

YOLOБаярлалаа.

Тэдний влогуудыг үзэхийг хүсвэл ЭНД даран Subscribe хийгээрэй.

#Love #Takuma&Uyanga