ЗАХИДАЛ: Миний бодсон харилцаа бүтэхгүй байж болох ч...


ССҮТөв | YOLO.MN
2019-01-28

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Миний бодсон харилцаа бүтэхгүй байж болох ч...

Сайн байна уу? Би 16 настай жирийн нэгэн сурагч. Саяхнаас би хамгийн сайн найзаа харж явдаг болсон. Яагаад ч юм энэ жилээс хойш хэцүү үеүдэд минь хажууд байж, илүү их тусалж дэмжиж, хамтдаа сайхан цаг хугацааг өнгөрөөдөг болсон юм шиг санагддаг. Бас шинэ жилийн монитагаар бид хоёр алтан монита болсон. Нэгнийгээ сугалчихсан байсныг хараад нөгөө хүмүүсийн хэлдэг заяаны хань гэдэг нь юм байх даа ч гэж бодсон доо хэхэ.

Бие биенээ сайн мэддэг, удаан найзалсан болохоор ч тэр үү, хэлээд үзье гэж шийдээд зориг гаргаад хэлтэл тэр өөдөөс тоглоом шиг л хүлээж авсан. Хэдэн цагийн дараа чин сэтгэлээсээ үүнийгээ тайлбарлаад явуултал намайг сийндээд /seen-илгээсэн зурвас уншигдсаныг илтгэнэ/ орхисон.

Хичээл дээр нэг баг болохоор ярилцахаас өөр арга байхгүй. Чат бичих, ярилцах үеүдэд дандаа л хөндий, ууртай байгаа юм шиг л хүлээж аваад байх юм.

Миний бодсон харилцаа бүтэхгүй байж болох ч би сайн найзаа авч үлдэхийг хүсэж байна.

Би буруу үйлдэл хийчхэв үү?

ЗӨВЛӨГӨӨ: Хамгийн гол нь чиний хийсэн үйлдлийг буруу гэж хэлмээргүй байна

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Чиний хувьд их зоригтой алхам хийсэн байна. Харин найзынх нь талаас авч үзвэл чамайг найзаа гэж хандах хандлага болон сайн хүнээ гэж хандах хандлага хоёрын хооронд маш их ялгаа байгаа. Тиймээс гэнэтийн байдалд ямар хариу үзүүлэхээ мэдээгүй байж магадгүй. Чи найздаа татагдах болсон нь чиний бүх хэцүү цаг үед хань болсон, эсвэл тэр монита таарсан гэдгээс өөр шалтгаан байгаа болов уу? Хэрвээ зөвхөн энэ зүйлүүд дээр үндэслээд тэгж бодох болсон бол өөр ямар шалтгаан байгаа билээ гэж бодоод үзсэн нь дээр болов уу.    

Хэрвээ цаашдаа үнэхээр найз хэвээрээ үлдмээр байна гэж байвал хэдэн зөвлөмжийг өгөх гэсэн юм 

1.    Найздаа өөрийгөө зөвөөр ойлгуулах буюу өөрийгөө түүнтэй сайн найз хэвээрээ үлдмээр байгаа гэдгийг маш сайн ойлгуулах хэрэгтэй байх. Мэдээж эхний үед та хоёр өмнөх шигээ байхад хэцүү ч яваандаа чи тэр хүнд үнэхээр сайн найз нь гэсэн мэдрэмжийг бага багаар төрүүлснээр буцаад хэвэндээ орж чадна.

2.    Найзынх нь хувьд ч мөн сайн найзыгаа алдахвий гэдгээс их айж байгаа байх. Тиймээс дахиж энэ талаар дэлгэхгүй зөвхөн найзууд гэсэн мэдрэмжээ сэргээхийг хичээгээрэй.

3.    Тэр хүнээс мөн яг өмнөх шигээ үйлдэл, хандлагыг ихээр хүлээхгүй байхыг хичээгээрэй.

Хамгийн гол нь чиний хийсэн үйлдлийг буруу гэж хэлмээргүй байна. Хожим хэлэх байсан юм гэж харамсаж байснаас хэлээд үзчихсэн болохоор хамаагүй дээр байгаа байх. Цаашдаа ямар нэгэн шийдвэр гаргахдаа олон талаас нь харж үзээд, гаргасан хойноо ямар ч хариу үйлдэл ирсэн өөрийгөө буруутгахгүй байхыг хичээдэг байгаарай. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Ц.Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Love, #Letter